“976” Б.Гантуяа

Монголын уран зураг, зураачдын менежер, гол судсыг нь атгадаг түүнийг Б.Гантуяа гэдэг. “976” арт галерейн захирал, “Монголын орчин үеийн урлагийн холбоо”-г үүсгэн байгуулагч түүнийг уран зургийн гүүр, урдаа барьдаг куратор гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Манайд 90-ээд оноос танил болсон куратор гэх мэргэшил нь зураачдын бүтээлээс санаа гаргаж, сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулж, түүнээсээ үндэслэн өгүүлэл бичдэг, нэг ёсны уран бүтээлийн менежер хүнийг хэлдэг гэж ойлгож болно.
Түүний байгуулсан “976”орчин үеийн урлагийн галерей залуу, шинэ уран бүтээлчдийг түлхүү дэмжиж, үзэсгэлэнг нь гаргахын зэрэгцээ Венецийн беннальд анх удаагаа монгол зураачдыг албан ёсоор оролцуулсан юм.
“Тооно” И.Болдцэцэг

“Шангрила” худалдааны төвд уран зургийнхныг төлөөлсөн “Тооно” галерей нээгдээд удаагүй байгаа. Монголын цор ганц VIP галерейн зураачид хамгийн зангарагтай үнэ хэлдэг гэж болно. 80.000 ам.доллараар үнэлэгдсэн зургууд ч бий. “Тооно” галерейд Ч.Болдбаатар, Ж. Мөнхцэцэг, А.Очирболд , М.Эрдэнэбаяр, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал Э.Отгонбаяр нарын топ зураач нар үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэдний үзэсгэлэнгийн нээлтүүд нь ч энгийн биш. Ихэвчлэн дээдсийн хүрээнд, хаалттай болдог. “Тооно” галерейг И.Болдцэцэг гэх энэ бүсгүй үүсгэн байгуулсан.
“Улаан гэр” О.Одгэрэл

Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлын албыг УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэдийн охин О.Одгэрэл 2016 оноос хашиж байгаа. Хотын төвийн өндөр чансаатай галерейн нэг болох “Улаан гэр” бол түүний тэргүүлдэг Монголын Урлагийн зөвлөлийн дэргэдэг залуу уран бүтээлчдийг урлангаар хангах олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гол газар. Уран бүтээлчдэд хамгийн ээлтэй галерей ч гэдэг. Монголын урлагийн зөвлөлийн гишүүнчлэлийн аян эхэлж, саяхан “BaRock Cello” үдэшлэг зохион байгуулсан. Энэ үдэшлэгийн үеэр “Ард” санхүүгийн нэгдэл 2018 онд Урлагийн зөвлөлийн болон уран бүтээлчдийг дэмжин, 10 сая төгрөг хандивласан юм. О.Одгэрэл хатагтай “Хас”-ын буюу “Ард” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн анхны гэргий, хоёр хүүгийнх нь ээж билээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна