Цаг үе бүхэнд түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, дуучид гэж байдаг. Алтан үеийн нийтийн дууны ноён оргилыг нэрлэвэл алдарт П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Д.Банзрагч гээд л цааш хөвөрнө. Өнөө цагт дээрх дуучдын залгамж халаа болсон олон сайхан дуучид бий. Тэдний үргэлжлэл болж орчин үеийн нийтийг дууны өнгө төрхийг гэр бүлээрээ үлгэрлэн авч яваа СТА Э.Төрмандах буюу түүний гэргий О.Гансувд нар.
Нийтийн дууны ертөнцөд аархаж, илүүрхэж яваа Э.Төрмандахын үзэсгэлэнт гэргий дуучин О.Гансувд анхны бие даасан тоглолтоо хийж олон сайхан уран бүтээлээ ээж, үрийн залбиралыг хүртэж салбарынхаа тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа. Тэд анх оюутан ахуй цагтаа хайрлан, учирч өдгөө хоёр сайхан охинтой. Хаана ч хамтдаа уриатай, уран бүтээлийг хайрын хүчээр бүтээж яваа дуучид яахын аргагүй мөнөөсөө мөн билээ.
Тавдугаар сарын 2-нд “UB PALACE”-ын тайзнаа О.Гансувдын анхны бие даасан тоглолт болох “Миний ээж хөөрхөн” тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс, “UB PALACE”-ийг хөл тавих зайгүй болтол нь дүүргэснийг үзэгчдээс харж болохоор. Танхим дүүрэн үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор эхэлсэн түүний тоглолт нийт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд ээжийн дуугаар эхэлж, ханийн дуугаа дуулсаар үргэлжилсэн юм.
Мөн тоглолтын хамгийн сайхан мэдрэмж бол О.Гансувдын аав охиндоо дуу дуулж бэлэг барьсан нь үзэгчдийн нүдэнд нулимс бүртийтэл сайхан мэдрэмж төрүүлсэн явдал. Гэр бүлээрээ, удам дамжсан дуучид гэдгийг “Миний ээж хөөрхөн” тоглолтоос харагдлаа. Үеэл эгч Д.Бурмаа, нагац ах нь ая зохиогч, төрсөн дүү нь дуучин гээд ар араасаа хөвөрлөө.
Мөн тус тоглолтод нь түүний нөхөр Э.Төрмандах, дуучин Д.Бурмаа, Б.Уранзаяа болон бусад уран бүтээлчид оролцож тоглолт эхлэхээсээ дуусах хүртлээ танхим дүүрэн үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор амжилттай боллоо. Тэр бүр нэртэй уран бүтээлчид “UB PALACE”-ын 3000 гаруй суудлыг дүүргэж, суух зайгүй болгох нь тийм ч амар биш. Гэтэл дуучин О.Гансувд ээж үрийн нандин сайхан дуунуудаараа сонсогч түмний сонорыг мялааж, машид сайн үнэлгээ авсан болохоор үзэгчдийг суух зайгүй болтол нь дүүргэж чадсан нь энэ байх. Тийм ч учраас салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гуйж биш ёстой л гуядаж авлаа. Түүний цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна