УДЭТ-ийн урдаа барьдаг жүжигчид Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нарын урд, урдаасаа харсан, бурхан ба чөтгөрийн “өнгөтэй” постер анхаарал татлаа. Тэдний голд сүү мэт цагаан шаргал даашинзтай гэнэн цагаахан, 16 настай болов уу гэмээр охин гунигтай харцаар доош тонгойн харсан нь сэтгэл зүсэм... Энэхүү сошиал ертөнцөөр трэнд болоод байгаа зурагт хуудас бол ирэх сарын 2-нд нээлтээ хийх “Яллагч” уран сайхны киноны албан ёсны постер ажээ.
“Яллагч” киног хоёр жилийн өмнө ОХУ-д болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэнэ. Киноны үйл явдал нь Өмнөд Солонгост 10 жил “хараар” ажиллаж, гэр бүлдээ, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлнэ. Түүнийг онгоцны буудал дээр цовоо хөөрхөн охин нь биш харин уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаараа угтана. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх Галт "ЯЛЛАГЧ" бас "ЯЛАГЧ" болсноор кино төгсөх юм байна. Түүнд ямар асуудал тулгарч, хэрхэн шийдсэн нь одоогоор нууц байгаа бөгөөд үзэгчид кино театрт очиж түүний сэтгэлийн эмзэглэлийг үзэх боломжтой.
Галтын дүрд жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглож, мөн Б.Баатартай хамтран найруулахаас гадна продюсераар нь ажиллажээ. Эсрэг талын гол дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэ бүтээсэн нь бүхний анхаарлыг татаж байна. Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нарын хоршлыг үзэгчид тэсэн ядан хүлээх нь ойлгомжтой.
Харин киноны гол дүрд тоглосон Г.Маргад-Эрдэнийг бид УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин гэдгээр нь сайн танина. “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильдад гоцолсон, мөн “Дурлах санал” кинонд тоглож байсан тайз, дэлгэцийн туршлагатай бүжигчин, жүжигчин юм.
Найруулагч Г.Эрдэнэбилэг “Өнөөдөр хичнээн гэр бүлд эцэг, эх нь хол ажиллаж байхад тэднийгээ үгүйлэн, харж хамгаалах хүнгүй өсч байгаа хүүхдүүд байгаа бол? Манжийн дарлалд байхдаа ч манайхан ийм харалган байгаагүй. Бид киногоороо өнөөгийн нийгмийн хамгийн асуудалтай байгаа бүх сэдвүүдийг хөндсөн. Хэдийгээр ОХУ-д болсон бодит явдлаас сэдэвлэсэн ч гэсэн энэ асуудлууд дэлхий нийтийн тулгамдсан, шийдэж чадахгүй байгаа асуудлууд юм” хэмээсэн юм.
“Яллагч” уран сайхны киног тавдугаар сарын 2-ноос кино театруудаар үзэх боломжтой.
Г.АРИУНТУУЛ
Сэтгэгдэл байхгүй байна