Хэдхэн хоног дэлбээгээ нээж, гоё сайхнаа гайхуулчихаад, гэнэт гээж орхидог Сакура Монголд цэцэглэжээ. Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамрын хийдэд хоёр хоногийн өмнө сакура цэцэглэсэн байна.
Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгддэг ариун дагшин газарт япончууд, “My Club online community”-гийн залуустай хамтран 2009-2010 онд сакура тарьж байсан юм. Түүнээс хойш дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр сакура цэцэглэхийг хүлээдэг болжээ. Энд мөн “Монгол сакура” буюу бүйлс мод ч тариалсан байдаг.
Монголд ургадаг сакура тавдугаар сарын эхний хоёр долоо хоногт говийн нутгаас эхлэн цэцэглэдэг. Сакура 300 гаруй төрөл байдаг бөгөөд Хоккайдад ургадаг сакура Монголын нөхцөлд дасан зохицох чадвар сайтай гэж ярьдаг.
Хайрын бэлгэдэл болсон Сакура цэцэглэхэд байгаль орчин үлгэрийн мэт болдог. Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэгийг үзэхээр олон олон гэр бүл Хамрын хийдийг зорих болжээ.
С.ҮЖИН
Сэтгэгдэл байхгүй байна