Баривчилгаа: С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан
2018/04/02

Шинэ долоо хоног дуулиантай эхэлж байна. Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг өчигдөр (IV.01) саатуулжээ. Тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж  гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнэээр татан баривчилжээ. 

АТГ-ын мэдээлснээр С.Баярцогтыг АТГ яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ба яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг мөн шүүхэд хүргүүлэх аж.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт  Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн байна. Түүнийг Монголд ирсэн даруйд нь Дубайн гэрээтэй  холбогдуулан байцаалт авах бололтой. 

Ийн Оюутолгой, Эрдэнэт тойрсон асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг баривчлан, саатуулж, шалгах "ав" эхэлж байгаа бололтой. 

"Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаад энэ сарын дундуур түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тухайн үед "Эрдэнэт" үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг өчигдөр мөн сэжигтнээр татан, баривчилжээ. 

Б.БИЛЭГ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин