С.Баярцогт: Болсон бүх явдал адал явдалтай уран сайхны кино
2018/03/21

“Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэдэг. Гэвч С.Баярцогтын нэр холбогдсон “хагарсан олгой” тогооноос хальж, улс орны, дэлхий нийтийн сонорт хүрсэн. Нэр хүнд, нөлөө бүхий “Ройтерс” агентлаг энэ тухай мэдээлснээр ар араасаа үйл явдлууд хөвөрч байна.

Ардчилсан нам С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасч, АНУ-д эрдмийн зэрэг горилж явсан “хэргийн эзэн” үнэн мөнөө шалгуулахаар эх орондоо иржээ. Тэрбээр шуугиан дэгдээсэн асуудлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр С.Баярцогт юу хэлэв?


...Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эх орондоо эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна.

...Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй.

...2009 онд “Оюутолгой” төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ, чөмгөө дундартал зүтгэж, ажилласан.

...Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан.

...”Оюутолгой”-н гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна.

...Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй.

...Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн. Миний хажууд нэг ч сайд байгаагүй.

...Би найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесменээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарьт нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэдний нэг нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь, 2008 оны хямралаар зээл өгсөн бизнесмен зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан.

...Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс байхгүй.

...Тэр царцаагдсан данс харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмений данс. Энэ хэрэг эцэслэгдсэний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх.

...Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай.

...Оюутолгойн гэрээ хийгдэхээс жил гаруй өмнө хувь хүнийхээ зүгээс хийсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулснаараа “Ройтерс”-ын мэдээ учир дутагдалтай.

...Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ?

...Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.

...Асуудал шийдэгдсэний дараа би та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино.

...Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэр дээр данс нээлгэсэн, компани байгуулсан. Миний хамгийн том алдаа бол Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй явдал.

...Би УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа.

 

Б.БИЛЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин