”Цахим халдлагаас хүүхдээ хамгаалья” уриалга гаргалаа
2017/12/22

УРИАЛГА

Монгол улсын Eрөнхийлөгч
Eрөнхий сайд
УИХ-ын гишүүд
Төрийн болон төрийн бус байгууллагууд
Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхэнд хандан дараах уриалгыг хүргүүлж байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран  Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт эцэг эхчүүдэд хандаж  Цахим халдлагаас хүүхдээ хамгаалья уриалгыг гаргаж байна. Цахим хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, бусдын нэр хүндэд халдах цахим гэмт хэргүүдийн хохирогч нь Монголын ирээдүй, үнэт баялаг болсон үр хүүхдүүд маань болж байна. Цахим орчны гүтгэлэг, доромжлолоос болж амиа хорлох, сэтгэцийн эмгэг, хүнд өвчтэй болох тохиолдлууд нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Дэлхий дээр  таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлага, сүрдүүлэгт өртөх  эрсдэлтэй, дөрвөн хүүхэд тутмын нэг нь интeрнeт хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн  мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ. Монгол улсад өсвөр насны  3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэж байна. 

Цагдаагийн байгууллагын судалгаагаар цахим орчин ашиглаж үйлдсэн  хэргийн 37.1% нь хуурамч хаягнаас үйлдэгдэж, доромжлох, гүтгэх, садар самуун сурталчлах, залилан мэхлэх, далайлган сүрдүүлэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47% нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46,4% нь админ эрхтэй байгаагийн 37,3% сөрөг коммeнт бичдэгээс 17 % нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан судалгаа байна. Судалгаанд оролцсон хүүхдүүд цахим орчинд нэвтэрснээр 42,6% нь их ядардаг, 41% нь айдаст автдаг, уур хүрдэг гэж хариулсан байгаа нь эцэг, эхчүүд бид хүүхдэдээ цаг гаргаж, хамтдаа хөгжих, цахим орчинг зөв зохистой хэрэглэхэд анхаарах цаг ирсэнийг харуулж байна.Хэдийгээр хүүхэд хамгааллын хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүд олон байгаа хэдий ч цахим халдлагаас хамгаалж чадахгүй байгаа билээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр энэхүү уриалгыг гаргахын зэрэгцээ 2018 оны Нэгдүгээр сард “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалья” аянг зарлаж байна. Энэ аяны хүрээнд байгууллага бүр цахим халдлагаас хамгаалах ажлыг төлөвлөж, үр дүн, тайлангаа олон нийтэд мэдээлэх, эцэг эхчүүд, иргэдийн зүгээс тодорхой санал санаачлага гаргаж, олон нийтийн сүлжээнд дэмжүүлэн ажиллахыг УРИАЛЖ байна.Мэдээллийн тeхнологийн ололт, амжилтыг гэмт хэргийн болон бусад зохисгүй зорилгоор ашиглахаас сэргийлэх хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлэх нь хүн ардын цахим аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Хэвлэл мэдээллийн салбарын хууль тогтоомж, Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиудад цахим гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчлан тусгахыг хууль тогтоогчдоос уриалж байна. 

Бид 01 сарын 31-ний өдөр буюу Олон улсын иргэний нийгмийн өдөр энэ зорилгод хамгийн санаачлагатай, нийгэмд эeрэг нөлөө үзүүлж ажиллаж чадсан байгууллага, хамт олон, иргэдээ шалгаруулж, олон нийтэд зарлан, сайшаах юм.Иймд та бүхнийг “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалья” аянд нэгдэж хамтдаа хүүхдээ хамгаалахыг УРИАЛЖ байна. 

Уриалга гаргасан:
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо,
Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин