Усан дотор баруун гараараа, усны мандалд баруун хөлөөрөө таталбар зураг зурсан ховор авъяасаараа гайхагдаж Монголчуудынхаа дунд “Сод авьяастан” хэмээн нэрлэгдсэн Спортлог зураач Л.Өнөрчимэг гэх энэ эмэгтэйг танихгүй хүн гэж Монголд үгүй. Тэрээр сүүлийн үед улстөр, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцаар илэрхийлэх болсон. Энэ тухай үзэл бодлыг нь сонсож цөөн асуултад хариулт авсан юм.

Та улс төр, нийгмийн асуудалд маш шүүмжлэлтэй ханддаг. Үүнийгээ өөрийн цахим хуудсаара дамжуулан байнга илэрхийлдэг. Таныг чухам юу бухимдуулаад байна вэ? Энэ тухай ярихгүй юу?
Дэлхийн бүх зураач нар улс төрд шүүмжлэлтэй ханддаг. Дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү асуудал тулгарахад олон олон орны зураач нар л дуу хоолойгоо нэгтгэж хувьсгал хийж чаддаг байсан юм. Тэд Хувьсгал хийсээр ч ирсэн түүхтэй. Тэр тусмаа хоёр гараараа зурж бичдэг хосгүй авьяастай зураач нар Франц, Орос, Америк, Европ гээд орон орныхоо төрийн эргэлтийг хийж чадсан байдаг. Дэлхийн олон орны удирдагч нар зураач мэргэжилтэй хүмүүс байгаа нь олон. Саяхан Монгол улсын төрийн ордонд болсон МУЭ-ийн 75 жилийн ойн баярын хурал дээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би зураач хүн” гэж хэлэхэд нь хүмүүс алга нижигнүүлэн ташсан. Тийм учраас улстөрждөггүй зураач гэж байхгүй юм даа.
Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг хүний тархи муу муухайг эсэргүүцдэг. Тархи гэдэг чинь оюун ухаан юм. Энэ бүхэнд зөв зохистой, хэм хэмжээндээ байхыг цаанаас тархи нь байгалиасаа мэдэрдэг. Тархи гэдэг маш өндөр мэдрэмжтэй учраас өнөөдөр би улс төржиж байгаа гэсэн үг. Би Ерөнхийлөгчийн оронд ажиллаж Эх орон-Ард түмнээ авармаар байна.

Таны хэлж буйгаар тэр дээд сэнтийд идэж уугаад, болж бүтэхгүй байгаа хүмүүсийг яах ёстой юм бэ? Та шийтгэе, цаазлая огцруулъя гэсэн уриа лоозон аястай үг их бичдэг учраас ингэж асууж байна л даа?
Энэ талаар би бодоогүй биш бодож байна. Иргэдтэйгээ уулзах гэхээр маш их намчирхдаг, талцдаг болсон. Ардчилалыг үзэн яддаг бол Ардын намаа дэмж л гэнэ. МАНАН-д дургүй бол Ерөнхийлөгчөө дэмж л гэнэ. Ард түмэн энэ олон эргэлзээн дотор төөрчихсөн байна. Би Ард түмэнд хамгийн түрүүнд “битгий хувиа хичээцгээ” гэж л хэлмээр байна. Эх орноо хөгжүүлэхэд заавал намын гишүүн болж байж хөгжүүлэх ёстой юм уу? Гэтэл Дэлхийн Монголчууд 100 саяд хүрчихсэн байна. Бүрэн эрхэт Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот дотор нэг сая гаруй хүн амьдарч байна гээд байгаа. Тэд бүгд намчирхдаг. Гарч ирж байгаа үе үеийн Ерөнхийлөгчид нь ч хүртэл би тэр намынх гэж ирээд л ярьдаг, уриалдаг. Намдаа л үйлчлэх, гишүүдтэйгээ л хувааж идэх гэсэн ганцхан зорилготой байх юм. Ганцхан намдаа, гишүүддээ үйлчлэх биш нийт Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хараач ээ! гэж хэлмээр байна.

76 гээд байгаа тэр гишүүд чинь 23 байх ёстой юм. Юун 100 гишүүн болгох вэ. Энэ олон яамдууд үнэндээ утгагүй байна шүү. Харин энгийн Ард иргэд энэ аймшигтай байдлаас яаж гарах вэ гэвэл Нэгдүгээрт, хүмүүс эхлээд өөрсдийнхөө учрыг олчих, дараа нь мэргэжилдээ ядаж эзэн болчих. Над шиг мэргэжлээрээ Дэлхийд танигдтал тултал ажиллачих. Монголд Зургийн буюу Оюуны спорт байхгүй байхад бид Нээж чадсан. Би гэдэг хүн амьдралдаа долоон удаа уначихаад найм дахь дээрээ цоо шинээр амьдраад явж байна. Яг над шиг эхлээд өөрсдийнхөө учрыг унаж босоод олчих. Эрчилсэн сур шиг хатуужчих. Хэлмэгдчих. Тэгээд зовлон зүдгүүрийг даван туулчих. Бэлэнчлэх сэтгэлгээгээ хаяцгаа. Хэн нэгэн даргад долгинож нэг шуудай гурил, Ерөнхийлөгчид долигнож шагнал битгий гуйж авч бай гэж хэлмээр байна. Би шагнал гуйгаагүй юм. Би хэлмэгдсэн 500 Гавьяатыг гаргаж ирэхийн тулд өөрийн нэр хүндээ золиослон бичдэг. Би Төрийн соёрхолт ба Гавьяатын бардам бүтээлтэй иргэн юм. Энэ бол миний мөн чанар. Ард түмэн бэлэнчлэх сэтгэлгээнд дасчихсан нь ихсэж байна. Энэ сэтгэхүй дээр нь Төрийн луйварчид өөрсдөөр чинь тоглож байна шүү дээ. Мал морь амьтан, уул ус, газар шороо, Эх нутаг, алт үнэт баялагаар нь тоглож байхад ойлгохгүй л байна. Гэхдээ сүүлийн үед маш сайн сэрж буй мэт санагдлаа. Олон мянган хүмүүсийн эгдүйцэл Төрийн хулгайчдын эсрэг болжээ.

Та өөрийгөө хэлмэгдсэн гээд яриад байдаг шүү дээ. Энэ талаараа яриач?
Би аав ээжийнхээ хоёрын хоёр талаас алтан ургийн хүн шүү дээ. Чингис хааны яс, Өэлүн ээжийн цустай би өнөөдөр амьд байж байна. Ану Хатны үргэлжлэл нь би. Намайг болон миний удам угсааг түүнчлэн уран бүтээл, авъяас билгийг минь Монгол улсын Төрийн хар хайрцагны бодлогоор дарсан. Урианхай-Тува өвөг дээдсийг минь цаазаар хоморголон алж, өвөө эмээгийн минь эд хөрөнгө малыг устгаж, ноён тайж цолыг нь хурааж, аавын минь Гавьяатыг олгоогүй бөгөөд Османы дээрэмчдийн эсрэг байлдаж явсан ахмад дайчин цолыг нь ч олгоогүй хэлмэгдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй түүхэн архивийг нь Хасагууд ТЕГ-аас устгаж чадсан бөгөөд ахмад дайчдад олгодог орон сууцыг ч олголгүй шорон оронд гүтгэж байцаадаг байсан. Саяхныг хүртэл аавыг минь Хасагууд алах гэж мөрддөг болохыг аав минь хэлсээр өөд болсон доо. Ээжийг минь ч гэсэн яс угсаагаар нь гадуурхаж цалинг нь хасдаг олигтойхон ажилд томилдоггүй байсан юм...
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл (2)