Бишрэлт веллмарт, Хүрэл тайж зэргээс цагаан будааны зөрчил илэрч байжээ
2017/12/19

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас сошиал орчинд түгээд буй хуурамч будааны асуудлаар өнөөдөр /2017.12.19/ мэдээлэл хийлээ. Тус газрын дарга С.Даваасүрэнгийн хэлснээр одоогийн байдлаар хуурамч будаатай холбоотой гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирээгүй байгаа аж.   

МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газраас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас дөрөв, Японоос дөрөв, АНУ нэг, Австрали нэг, Казахстанаас хоёр компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна. Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын найман терминал дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг найман улсаас цагаан будаа импортолсон байна.

Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байна. 2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий гурван ААН-д /Хүрэл тайж, МК сторe, Бишрэлт веллмарт/, 3,350,000 төгрөг, нэг албан тушаалтанд 720 мянган төгрөг, гурван иргэнд 1,440,000 мянган төгрөг нийт долоон аж ахуйн нэгжид таван сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдалыг арилгуулан, нэг иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон байна.

2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин