Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд энэ өдрийг "Би сэргийлж чадна, харин та" гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ. Арга хэмжээний хүрээнд кино театрууд өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий богино хэмжээний видеог эхлэхийн өмнө үзүүлэхээр болсон байна. 2017 оны 11-р сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна