Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 10 мегаваттын хүчин чадал бүхий “Мон наран” нарны цахилгаан станц энэ сарын 25-нд ашиглалтад орлоо. Энэ нь Монгол, Япон улсын хоорондын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Хамтарсан кредит олгох механизм” /JCM/ - ийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь аж.
Японы Засгийн газрын дэмжлэг “Фарм дү” компанийн 23 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан энэхүү цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бридж Констракшн”, Монгол Японы хамтарсан “Эвэридей фарм” компани хамтран хийжээ . Төслийн хүрээнд 10 мегаваттын хүчин чадал бүхий нарны эрчим хүч дамжуулах агаарын шугам, Эрчим хүчний Баянчандмань дэд станцын өргөтгөл, шинэчлэлийг хийсэн байна. Тус станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Баянчандмань дэд станцаар дамжуулан Төвийн бүсийн 23мянган өрхийг хангах юм. Ингэснээр жилд 16.6 мянган тонн нүүрс, 103.9 мянган тонн усны хэрэглээг хэмнэж, 21.3 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах юм.
Мөн төслийн хүрээнд 13 га талбайд 20 гаруй хүлэмж байгуулагдсан бөгөөд Япон технологийн дагуу улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногоо тариалах юм. Хүлэмжийн дээврийг нарны эрчим хүч цуглуулах хавтангаар хийж, цахилгаанаар төдийгүй дулаанаар хангах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь нарны эрчим хүчийг ашиглаж,11 сар зогсолтгүй тариалан эрхлэх боломжийг хангаад зогсохгүй байгаль орчинд ээлтэйгээс гадна хүнсний хэрэглээг хангах давхар ач холбогдолтой дэвшилтэт технологи болж байгаа юм. Мөн /JCM/-ийн хэлэлцээрийн хүрээнд Налайх дүүрэгт мөн 10 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаа юм байна
Сэтгэгдэл байхгүй байна