Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны сайдын Комиссар Иштван Юуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Монгол-Унгарын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-н шинэчлэл, өргөтгөлийн ажлыг урагшлуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад Комиссар Иштван Юу-д гүн талархал илэрхийлсэн.
Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр хангах зорилго бүхий байнгын механизмтэй техникийн түвшний хүмүүсээс бүрдсэн төслийн нэгжийг байгуулсан. 2018 оны 5-р сараас өмнө уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажил өрнөж байна. Төслийн хүрээнд Монголдоо вакцин үйлдвэрлэх боломжийг судалж, ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагаа Сайд Б.Батзориг хэллээ.
Хоёр тал шүлхий, мялзан, цэцэг өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Унгар улс болон Европын бусад орнуудаас хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх мөн төслийн нэгжийн бүрэлдэхүүнд Унгарын талаас холбогдох мэргэжлийн хүнийг удаан хугацаагаар томилон ажиллуулахаар тохиролцож, ажлаа эхэллээ.
Шүлхийн вакциныг үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Биокомбинат ТӨҮГ-н одоо байгаа нөхцөл байдалтай танилцаж, зээлийн хөрөнгөөр хэдэн ээлжээр ямар төрлийн вакциныг үйлдвэрлэх боломжтой эсэх мөн техникийн түвшний асуудлыг тодорхойлох нь чухал. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа Комиссар Иштван Юу илэрхийлсэн.
Сэтгэгдэл байхгүй байна