Орон нутагт хүний эрх зөрчигдөх, төрийн албаныхны хариуцлагагүй байдал, хүчний байгууллагын хүнд суртал газар авч байгааг олон хүн хэлдэг. Наад зах нь аль нэг иргэн цагдаа, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд явахаар цаг хугацаа, мөнгө төгрөг, сэтгэл санаагаар хохирч байгаа талаар хэвлэлийн хуудаснаа ч их хөндөгддөг. Мөн орон нутгийн цагдаа нарын хариуцлагагүй байдлаас болж иргэд хохирсон үйлдлүүд ч мэр сэр гарч байсан.
Хамгийн сүүлд л гэхэд, Завхан аймгийн Идэр сумын цагдаа баривчилсан иргэнээ ажлын байрныхаа гадаа хүлж орхисноос үүдэлтэй ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр суманд цагдаагийн хэлтсийн гадаа хүлээстэй байсан иргэн бусдад зодуулж, хүнд гэмтэл авсан хэрэг гарчээ. Тухайн үед сумын цагдаагийн алба хаагч танхайн сэдэлтэй хэрэгт холбогдсон 49 настай иргэн Д.Ц гэгчийг баривчилж, хэлтсийнхээ гадна талбайд өмднийх нь тэлээгээр хүлж орхиод гаваа авахаар хэлтэсрүүгээ орсон байна. Энэ хооронд иргэн Д.Ц-г нэр бүхий этгээд хүлээтэй байгааг нь харсаар байж зодож, танхайрч, биед нь хүнд гэмтэл учруулжээ. Зодуулсан иргэн дэлүү, нойр булчирхай бяцарсан гэх оноштойгоор Аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай мэс засалд орсон ч өдгөө хөдөлмөрийн чадвараа 95 хүртэлх хувиар алдсан байгаа аж.
Хамгийн эмгэнэлтэй нь, нэг нутаг сумынхаа хүнийг хүний нүд хальтирмаар болтол нь зодож танхайрсан уг үйлдэл одоо ч шийдэгдээгүй яваа аж. Учир нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан иргэний талаас хэргээ хүлээхгүй, хэргийг үйлдэгдэж байхад үзсэн харсан гэрчүүдэд нөлөөлсөн, хэсгийн цагдааг буруутгасан байдалтай байгаа гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)