Гадны өндөр хөгжилтэй улс оронд сэтгэлзүйч гэх мэргэжил маш дээгүүр эрэмблэгддэг. Заавал асуудал тулгарахаараа сэтгэлзүйчид хандах бус асуудлаас урьчилан сэргийлэхийн тулд ч сэтгэлзүйчид ханддаг болсон. Харин манай улсад арай өөр. Одоо л хөгжиж байгаа салбар. Магадгүй сэтгэлзүйн ухааныг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа газар бол Хувь хүний хөгжлийн институт. Гэр бүлийн асуудал, өсвөр насны хүүхдийн онцлог, хувь хүний амжилт, нийгмийн стресс бухимдал гээд олон асуудлаар иргэд, олон нийт Хувь хүний хөгжлийн институтыг зорьдог болж. Мөн мэргэжлийн багш, сэтгэлзүйчдийнх нь явуулж буй сургалт семинарыг ч шимтэн сонсдог болоод буй. Институтын захирлаар Манжаагийн Алтанцэцэг гэж өдгөө олонд нилээн танил болсон сэтгэлзүйч ажилладаг. Олон нийтийн сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн ухамсарт эерэгээр нөлөөлөх, хувь хүний амжилтын хөтөч болох гээд хүсэл тэмүүлэл нь хязгааргүй. Бүгд нийгмийн болоод бусдын сайн сайхны төлөө.
Тэгвэл энэхүү хамт олон маань баруун бүсэд салбараа нээсэн нь Ховд нутгийн зон олонд ихэд таатай мэдээ байсан биз ээ. Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗД-ын орлогч Ч.Уранчимэг, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын 12 багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд бусад бизнес эрхлэгчид олон нийтийн төлөөлөл оролцлоо.
Институтын хамт олон салбараа нээмэгцээ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хамт олон хийгээд их дээд, мэргэжлийн, ерөнхий боловсролын сургуулиудын багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад сургалтаа явууллаа.
Орон нутгийн хөгжил дэвшил, ард иргэдийнхээ оюуны болон сэтгэлзүйн боловсролд хөрөнгө оруулалт хийх энэхүү үйлсэд нь улам их амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна