Олноо “ЮНДЭН”-гийн дүрээр нэрлэгдсэн дуучин Б.Энхбаярын “БИД МОНГОЛ” нэртэй содон тоглолт UB PALACE-д эгшиглэж, дуунд дуртай түмний сэтгэлийг хөглөж баясгаж хөл гишгэх зайгүй тоглогдсон. МУСТА дуучин Б.Энхбаярын энэ удаагийн тоглолтын шийдэл өвөрмөц, сонирхолтой, бас сонин ихтэй байв. Тоглолтын үүднээс авхуулаад монгол ахуй, ёс уламжлал тэр бүгдийг харуулсан тусгайлсан ширээ засан үзэгч түмнийг угтан авч, Цэнхэр тивийн элгэнд цорын ганц хөх толботой төрдөг Монгол хүн хэмээх ямар хөөргөн дэврүүн омог бардам хүмүүс байдаг бэ гэдгийг харуулж, хүн зоны цөсийг хөөрөгсөн нь тоглолтын уур амьсгалаас мэдрэгдсэн.
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгохоос гадна олон олон хүмүүнлэгийн ажлыг, тоглолтыг бие даан зохион байгуулж Монголынхоо мянга мянган хүмүүнд амьдрах итгэл бэлэглэж нийгэмд олон талт үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч уран бүтээлч гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Монголоо өмөөрөн дуулж бахархдаг дуунд дуртай үзэгч та бүхэндээ дуучин Б.Энхбаяр тэрбээр төлөвлөсөн ёсоор Монгол орныхоо аймаг бүрт "БИД МОНГОЛ" аялан тоглолтоо толилуулахаар тун удахгүй баруун аймгийг зорих нь. Алтан шар зам нь өлзийтэй байг.
Сэтгэгдэл байхгүй байна