Н.Мөрөн: Гоо үзэсгэлэн мөнхийн гэдэгт итгээд түүгээрээ бусдыг гишгэлж болохгүй

New generation булангийн энэ удаагийн зочноор бизнесээ амжилттай удирдаж авч яваа залуу бүсгүйг урилаа.Телевиз, хэвлэл мэдээллээр “LENSE” гоо зүйн төв, EDUWORLD боловсролын төвийн ололт амжилт байнга гардаг учраас Н.Мөрөнгөөс илүү ажил үйлс нь та бүгдийн “танил” гэж тодорхойлов. Сошиал медиад эдний боловсролын төвөөр дамжин гадаадад тэтгэлэгтэй сурах эрхээ гардсан залуусын баяр хөөртэй зураг байсгээд л харагдаж байдаг юм. Аргагүй аж, өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд 1000 гаруй оюутныг дэлхийн 10 орчим улс руу явуулсан байна шүү дээ.  Зочин маань дүрлэгэр алаг нүдтэй, угаас нуруулаг тул өндөр өсгийтөөс зайлсхийсэн мэт, нүүрээ бараг будаагүй ч мэдэхгүй хүн бол модель гэж эндүүрэм сайхан бүсгүй байлаа. Түүнийг би дотроо метр 70 нэлээн гаран гэж таамаглав. Нэлээн уншдаг байрын товч оновчтой өгүүлбэрүүд, яриад байгаа мөртлөө бичгийн хэл мэдрэгдэх нь тухайн хүний цэгцтэй сэтгэдгийн илэрхийлэл. Нэг л ер бусын. Хорь гаруй насандаа аавынхаа захиасаар тусдаа гарч биеэ даасан “сив” сингл бүсгүй, амжилттай карьер, хамгийн гол нь бусдын төлөө гэж бодож хийсэн үйлс эцэстээ хүнийг юунд хүргэж болох, түүний амьдрал тэр чигээрээ сонирхол татам баялаг. Ингэхэд төгс эмэгтэй гэж хэнийг хэлдэг юм бол? Яг төгс болсны дараа тэгвэл ямар мэдрэмж төрдөг бол? Энэ мэт маш сонирхолтой асуултыг түүнтэй уулзахдаа шимтэн шимтэн асууж байлаа. Н.Мөрөн бол одоо цаг. Орчин үеийн залуу хатагтайн бодит дүр төрх. Бидний мэдэх мэдэхгүй залуу хатагтай нарын амьдрал яг үнэндээ ямар байдаг бол? Ярилцлагын төгсгөлд та олж харах болно. 

-Өөртэй чинь би хамгийн анх танилцсан үе гэвэл LENSE гоо зүйн төвийн фэйсбүүк орчин дахь хүчтэй давалгаа. “Хөөрхөн төрөх албагүй” кинон дээр энгийн хүмүүст загварын хувцас өмсүүлж гаргадаг хэсэг байдаг. Танайх энгийн охидыг бэлдээд дасгалжуулаад загварын шоу хийж байсан нь тэр хэсгийг санагдуулж байсан. Яагаад тийм сонин шийдэл хийсэн юм бэ?

-LENSE гоо зүйн төвийг 2013 онд байгуулсан юм. Бид охид бүсгүйчүүдэд арьс арчилгаа, нүүр будалт, хувцаслалт, зөв хооллолт, алхаа, бүжиг гээд гоо зүйн хичээлүүдээс гадна хувь хүний хөгжил, харилцааны сургалтыг цогцоор нь явуулдаг байсан. Эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн давуу тал, гоё өгөгдлүүд байдаг. Гэтэл өөрийгөө бусадтай харьцуулаад “би царай муутай, би бүдүүн” гээд өөртөө ямар ч итгэлгүй болчихсон, бусдад өөрийгөө илэрхийлэхдээ ч маруухан охидод “чи үнэхээр үзэсгэлэнтэй, чамд ийм гайхалтай чанарууд байдаг” гээд хэлээд, зөвлөөд өгөх хүн байдаггүй. Би өөрөө арван жилд байхдаа илүүдэл жинтэй, өөртөө итгэлгүй охидын нэг байлаа. Хэрэв тэр үед манай LENSE шиг сургалт явуулдаг газар байсан бол миний амьдралын асар их цаг хугацаа хэмнэгдэх байсан.

Арван жилд байхдаа загварын тайзан дээр алхах юмсан, модель болох юмсан гэж  мөрөөддөг байлаа. Илүүдэл жинтэй байсан учраас боломж хаалттай. Тэгвэл илүүдэл жингээсээ болоод мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа охид яагаад өөрийгөө өөрчлөөд тайзан дээр гарч болохгүй гэж, тэд нарын мөрөөдлийг биелүүлье гээд “Төгс бие галбирын эрэлд хамтдаа” хоёр сарын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. 2014 онд хамгийн анхны төсөл хөтөлбөрт 12 охин хамрагдсан. Хоёр сарын хугацаанд охидтой мэргэжлийн багш нар хооллолт, бэлтгэл сургуулилтын тал дээр хамтарч ажиллахад үнэхээр гайхалтай өөрчлөлтүүд гарсан. Хоёр сарын хугацаанд хүн ингэж өөрчлөгдөж, илүүдэл жингээ хасах боломжтой байдаг юм шүү гэдгийг шоугаараа харуулсан. Охид маань үнэхээр их хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргасныг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. 

-Өөрийн чинь бас нэг нэрийн хуудас EDUWORLD боловсролын төв. Гоо зүйн төв эрхлэх боловсролын салбарт карьер хөөх гэсэн энэ хоёр зүйл хоорондоо хэрхэн огтлолцдог юм бол? 

-Хоёулаа боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ ижил төстэй. Манай Eduworld боловсролын төв гадаад хэлний сургалт явуулахаас гадна оюутан залуусыг гадаадад суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Дэлхийн 10 гаруй орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай. 

Хүнд боловсрол мэдлэг түгээнэ гэдэг их буянтай ажил байдаг. Нэг боловсорч өөрийгөө хөгжүүлсэн  хүний ард олон хүний амьдрал эерэгээр өөрчлөгдөж сайжирдаг. Нөгөө талаар энэ хоёр бизнесийн ижил төстэй тал нь хүнд зүгээр май гээд юмыг мөнгөөр худалддаггүй. Заавал оюуны үр суулгадаг. Ямар нэгэн үр тарьж байж тэндээс өгөөжөө хүртдэг бизнес. 

-Өөрөө хорин хэдэн насандаа хувийн бизнесээ эхлүүлж маш амжилттай удирдаад явж байна. Мөнгөний төлөө санаа зовохгүй, мөрөөдөх эрхтэй. Шулуухан асуучихад бизнесийн гараагаа эхлэхэд ар гэрийн дэмжлэг байсан уу? 

-Намайг 21-тэй байхад аав маань “Одоо чи өөрийгөө авч явах ёстой. Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэчихлээ, дахиж нэг копек ч энэ гэрээс авахгүй, амьдралынхаа төлөө өөрөө зүтгэ” гэсэн. Тэгээд гэрээсээ бие даан нэг байранд тусдаа гарч байгаа юм. Хоолны мөнгөгүй, өрөөндөө нэг ор, нэг плитькатай. Энэ үеэс л бүх юм толгойн дээр буусан. Нэг компанид оффис менежерээр ажилд орлоо. Сарын 300 мянган төгрөгний цалинтай. Цалин хаанаа ч хүрдэггүй. Хэрэв энэ амьдралтай эвлэрээд өдөр бүр хийдгээ хийсээр л байвал 5 жилийн дараа, 10 жилийн дараа яг байрандаа байх болно гэдгийг л ойлгосон. Миний хамгийн эхний бодож олсон шийдэл бол ямар ч байсан мэдлэг, боловсролоо нэмэгдүүлж байж ахиу цалинтай, сайн ажилд орно гэж бодсон. Ингээд бие дааж англи хэл сурч эхэлсэн. АНУ-ын нэг сургуульд тэтгэлгээр суралцах хүсэлт гаргаад онлайнаар бизнесийн удирдлагын мастер зэрэг авсан. Энэ үе миний амьдралын өөрчлөлтийн эхлэл байсан. 

-Өөрөө боловсролын салбарт ажиллаж бусдыг боловсруулж байна. Ингэхэд  боловсрол гэж таны бодлоор юу юм?

-Боловсрол бол бусдад туслах хэрэгсэл. Өөртөө тусалж чадахгүй байж бусдад тусална гэж байхгүй шүү дээ. Сайхан амьдралыг бий болгохын тулд хүн эхлээд өөртөө туслах ёстой. Мундаг  боловсрол эзэмшсэн гэх атлаа бусдын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй, буруу зүйл хийдэг эсвэл өөрөө өөртөө тусалж чадахгүй байгаа хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Амьдралын олон талбар бий, эрүүл мэнд, гэр бүл, санхүү, найз нөхөд, нийгмийн орчин гээд. Эдгээр бүх талбарыг тэнцвэртэйгээр авч явах ухааныг боловсрол гэж ойлгодог. Нээх мундаг сургуулийн диплом өвөртөлчихөөд өөрөө илүүдэл жинтэй, гэр бүл нь асуудалтай, санхүүгийн асуудлаа зохицуулж чадахгүй байгаа бол боловсролтой гэж хэлэх аргагүй. Тэр хүн өөрөө өөртөө тусалж чадахгүй байгаагийн шинж. Өөрөө өөрийнхөө амьдралыг сайхан болгоод бусдад хэр сайн сайхан зүйлийг хүргэж байгаагаар боловсролыг хэмжих байх.

-Мөрөнтэй илүү ойр дотно танилцъя. Хүүхэд нас, аав ээжийнхээ талаар яриач?

-Манай аав ээж хоёр барилгын эдийн засагч, инженер мэргэжилтэй. Аав маань хувийн бизнес эрхэлдэг, ээж маань барилгын салбарт хорин хэдэн жил ажиллаж байна. Доороо хоёр дүүтэй. Манай эрэгтэй дүү Amazon /Amazon.com нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани, АНУ-ын Сиэтл хотод байрладаг. сурв/ компанид ахлах хөгжүүлэгч программист хийдэг. Бага дүү маань “Импати” сургуулийг ирэх жил төгсөнө. Хүү маань одоо 4-р анги. Манай гэр бүлийн онцлог гэвэл хүүхдүүдээ их багаас нь бие даалгасан, өмнүүр нь орж өмөөрөөд байхгүй, шийдвэр гаргуулах, хариуцлага хүлээлгэх гээд бие хүн болоход нь анхаардаг байсанд ээж аавдаа талархаж явдаг юм.

-Ардчилалд шилжиж байх ороо бусгаа үед өөрийн чинь хүүхэд нас өнгөрчээ. Нэг талаасаа энэ үеийнхнийг хэт эрх чөлөөтэй дураараа гэж шүүмжилдэг. Өөрт чинь энэ цаг үе, мөчлөг юу өгсөн бэ?

-Намайг бага байхад аав маань гадагшаа явж, наймаа хийдэг байлаа. Нэг явахдаа Quelle гээд барууны  худалдааны сэтгүүл авчирсан юм. Тухайн үед айл болгон ижилхэн тавилгатай, амьдралын хэв маяг нь адилхан байсан. Гэтэл аавын авчирсан тэр сэтгүүлийг үзэхэд өмнө нь хэзээ ч харж байгаагүй гайхалтай амьдралын орчин угтсан. Хүүхдүүд нь өөрсдийн гэсэн өрөөтэй байдаг юм байна. Хүүхдүүдийнх нь өмссөн зүүсэн хувцас, эдэлж, хэрэглэж байгаа юмнууд нь биднээс тэс ондоо. Долоо наймхан настай байхдаа ийм сайхан амьдрал байдаг юм байна гэдгийг зүгээр ойлгочихсон байхгүй юу. Том болоод ингэж гоё амьдарна даа гэсэн төсөөлөлтэй болсон гэх үү дээ. 

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний үеийн залуучууд зах зээлийн нийгэм, капитализмын үр нөлөөг ойлгочихсон учраас өнөөдөр маш тэмцэлтэй, мөрөөдөлтэй, амьдралынхаа төлөө хөдөлмөрлөдөг, хариуцлагаа мэддэг, өөрөөр хэлбэл амьдарч чадвал амьдар, хичээж зүтгэвэл ийм зүйлийг авах юм байна гэдгийг л ойлгочихсон хүмүүс. Энэ нь үнэхээрийн давуу тал гэж боддог. 

-Та модель байхаар сайхан бүсгүй юм. Тэр тусмаа фэшниста. Энэ өндөр мэдрэмж хаанаас эхтэй чанар вэ? 

-Гоё сайхан байна гэдэг боловсрол. Хэвийн жинтэй, арьс нь гэрэлтсэн тунгалаг, өөрийгөө илэрхийлэх тэр байдал бол тухайн эмэгтэй хүний боловсрол гэж би шууд хэлнэ. Тэр хэмжээгээрээ хөдөлмөр шаардагдана. Байгаа байдлыг нь хараад л үлгэр дуурайл авмаар сайхан эмэгтэйчүүдээр би бахархдаг. Өөрийгөө боловсруулсан байдал, гаргаж байгаа хөдөлмөрийг нь үнэлдэг.

Харин хувцасны сонголт, загварлаг байдлыг төрөлхийн өгөгдөл гэж ойлгодог. Цаанаасаа нэг тийм мэдрэмжтэй. Өөрийнхөө гоо зүйн таашаамж, мэдрэмжээр тэр олон стиль хэв маягаас өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц хувцсыг сонгож байгаа нь мэдрэмж шүү дээ.

Хувцаслалт бидний өмнөөс ихийг өгүүлж чадна. Өөрийгөө хэн гэж боддог, өөрийгөө хэр хэмжээнд үнэлдэг, өөрийгөө хэн гэж харагдуулахыг хүсдэг гэх мэт. Яагаад гэхээр анхны сэтгэгдэл эхний гурван секундэнд л бий болдог. Энэ хугацаанд хүнтэй таван үг ч сольж амжихгүй шүү дээ. Зүгээр л өмссөн хувцаснаас, байгаа байдлаас, яаж биеэ авч явж байгаагаас эхний дүгнэлтүүд хийгдэнэ.

-Та юуны фанат вэ? Таны насны бүсгүйчүүд брэндэд ихэд дурладаг. Таны хувьд?

-Сурч хөгжихийн фанат гэчихвэл яах вэ? /инээв/

Брэндэд дурлах гэдэг чинь бас гоё зүйл л дээ. Брэндүүдийн нэг онцлог гэвэл маш шинжлэх ухааны үндэстэй хийгдсэн бүтээлүүд байдаг. Тухайн бүтээлийг өмсөхөд үнэхээрийн тэр хүн онцгой нэгэн болж харагддаг учраас дурлахгүй байхын аргагүй. 

-Өөрөө яг ид адал явдалд дурлаж, сохроор болзож дэггүйтэж явдаг мөчлөг дээрээ яваа бүсгүй. Энэ үеийн амтыг хэрхэн мэдэрч байна даа?

-Миний насан дээр ихэнх бүсгүйчүүд айл гэрийн эзэгтэй болчихсон байдаг. Товчхондоо сохроор болздог нас биш ээ /инээв/. Миний нас хэт залуу биш, бас хөгшин биш үнэхээр гоё нас гэж боддог. Бизнесээ анх эхлүүлж байхад байгууллага толгойлж байгаа гээд нэг жаахан охин гараад ирдэг, хүмүүс гайхдаг. Хэдийгээр хийж бүтээж байгаа боловч хүүхэд л гэж хардаг байж. Харин өнөөдөр хэн ч тэгж харахаа больчихож. Үнэхээр хүн удирддаг юм байна, ажлаа хийдэг юм байна, юмаа мэддэг юм байна гэж хүлээж авахуйц насан дээр ирчихсэн байна. Хоёрдугаарт, хөгшин биш гэдэг нь аливаа шинэ зүйлд суралцахад бэлэн, хурдан өөрчлөгдөж чаддаг гэсэн үг. Тэр утгаараа энэ насыг сайхан нас гэж хэлнэ. 

-Эдийн засгийн утгаараа та яг одоо хэр баян бүсгүй вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?

-Өнөөдөр би ажил олгогч. Бизнесээрээ дамжуулаад олон хүний амьдралыг өөрчилж мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байна. Тэр утгаараа өөрийгөө баян гэхээсээ илүүтэй би амьдарч байна аа л гэж хэлмээр байна. Ер нь хүн их мөнгө хураах гэж биш утга учиртай амьдрах гэж амьдардаг. Утга учиртай амьдрал юу юм гэхээр чиний амьдрал бусдын төлөө зориулагдсан байх ёстой гэж би боддог.

Би өнөөдөр бага ч болов хүмүүсийн төлөө амьдарч чадаж байгаа гэдэг утгаараа сэтгэл хангалуун байгаа. Тэрнээс биш нэг хүний өмсөж зүүх, идэж уух асуудал бол тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Гол нь бусад хүмүүсийн төлөө юу хийж байгаа вэ гэдэг л чухал. Би бусад хүмүүсийн төлөө бага ч гэсэн зүйл зориулж байна. Надад гоё мөрөөдөл байна. Тэрнийхээ төлөө хичээж ажиллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж байгаа. Тэр утгаараа бол надад хангалттай. 

-Өөрийн чинь энэ байдлыг ажилгүй карьергүй байж чаддаггүй тэрнийхээ төлөө үхэн хатан зууралддаг хүмүүстэй харьцуулашгүй юм байна. Карьертай байх нь хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг тодорхойлолт юм шиг байдаг. Ганц хүн ажилтай карьертай байх юу ч биш юм бол хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

- Миний бодлоор хүчирхэг байдлыг материаллаг зүйлсээр, цол гуншин, албан тушаалаар хэмжиж болохгүй. Хүчирхэг байдал бол ерөөсөө л хүний зүрх сэтгэл. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг болгон нь бусдыг хайрлаж энэрдэг, бусдын төлөө гэсэн тийм сэтгэл зүрхийг л хүчирхэг гэнэ.

-Амжилтанд хүрлээ. Өөрийнхөө бизнесийг хөл дээр нь босгосны дараа танд хамгийн анх ирсэн гялбаа юу байсан бэ?

- Яг бизнесээ эхлүүлж байхдаа нэг зочид буудлын жижиг өрөөг хямдхан түрээсэлж байлаа. Хажууд нь баахан сүлжээний хүмүүс ажилладаг. Үйлчлүүлэгчид маань андуураад сүлжээний мэдээлэл аваад төөрчихдөг/инээв/. Тэр үед боддог байлаа. Удахгүй хотын төвд шалнаасаа тааз хүртэл цонхтой гоё оффист орно доо гэж. Хоёр жилийн өмнө манайх энэ оффистоо нүүж орсон юм. Хамаг тавилгуудаа өрж тавиад нээх гоё гүнзгий амьсгаа аваад бодсон, хүн мөрөөдөх хэрэгтэй юм байна, мөрөөдлийнхөө төлөө зорих хэрэгтэй юм байна. Болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Зүгээр цаг хугацааны л асуудал юм байна гэж. Тэр л анх ирсэн гялбаа байсан гэх юм уу даа. 

-Зөвхөн өөрт чинь байдаг нийтлэг бус ямар зан чанар байдаг вэ?

-Хүн бүр ямар нэгэн зүйлийг хүсдэг. Хүссэн зүйлийнхээ төлөө явдаг. Бүгдээрээ л адилхан. Тэднийг ялгаатай болгодог зүйл нь юуны төлөө юу хүсч байна вэ гэдэг л байдаг. Хэрвээ зөвхөн өөрийнхөө төлөө явдаг бол “Би би гээд байвал зам нь жим болно. Бид бид гэвэл жим нь зам болдог” гэдэг шиг. Бусдын төлөө гэж бодож байгаа хүсэл мөрөөдөл л хүнийг онцгой нэгэн болгодог. 

-Хэдийнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн амжилттай яваа бүсгүйн эр хүний идеалыг сонирхмоор байна? 

-Санхүүгийн эрх чөлөө гэдгийг зардлаасаа давсан пассив орлоготой хүнийг хэлдэг гэж ойлгодог. Энэ ойлголтоор бол би санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болоогүй ээ. Эр хүний идеалын хувьд нэг шийдсэн бол шийдсэндээ, хэлсэн бол хэлснээсээ эргэж буцдаггүй, урваж шарваад байдаггүй, байран дээрээ бат зогсдог эр хүнийг л би онцгой нэгэн гэж харна. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнтэй байлддаггүй юм ш дээ.

-Таны мөнхөд үлдэх стиль юу вэ?

-Би ингэж боддог юм. Намайг үхэх үед маш олон хүмүүс энэ хүн миний амьдралыг ингэж өөрчилсөн, надад ингэж тусалж байсан. Энэ хүн байгаагүй бол би амьдралаа төсөөлөхгүй байна. Энэ хүн надад ийм зүйлийг зааж ойлгуулсан гэдэг ч юм уу бусдад дурсагдаасай л гэж хүсдэг. Гэхдээ сайнаар. Бусдын амьдралд үнэхээр гоё гэрлээ тусгачихсан байх юмсан.

-Дээдсийн хүрээний бүсгүйчүүд амьдралаас хүссэнээ авч чаддаг. Дээдсийн хүрээний хүүхэн шиг сэтгэж аяглаж чаддаг. Өөрт чинь бас тийм шинж чанар цухалзаад байна?

-/инээв/ Энэ дээдсийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Хүн болгонд амьдралаас хүссэнээ авах боломж бий. Хамгийн гол нь юуны төлөө юу хүсээд байгаа юм. 

Тэрнийхээ төлөө ямар нэг юм хийж байгаа юм уу, үгүй юм уу. Тэр л чухал. Тэрнээс биш зүв зүгээр байж байтал бүх юм тэнгэрээс унаад ирэхгүй. Ер нь бол хамгийн гол түлхүүр нь энд л байгаа. Өөр лүүгээ ерөөсөө харахгүй, ийм байх ёстой, тийм байх ёстой л гэнэ. Ийм байх ёстой юм бол энэ зүйлийг хүртэх ёстой хүн ямар байх ёстой юм гээд өөр лүүгээ л харчих ёстой байхгүй юу. Гэтэл өөр лүүгээ харахгүй, бусад хүнтэй өөрийгөө харьцуулснаа энэ надаас миа ш дээ, ийм байхад энэ ингэж байна, гэтэл би ийм гээд л. Хөшигний цаана тэр хүн хэр их хөдөлмөрлөж, хөлсөө урсгасныг бид мэдэхгүй шүү дээ. Ер нь гомдоллодог хүн хэцүү. Амьдралдаа ч тэр, бусад хүмүүст ч тэр гомдоллодог хүн хүссэн зүйлээ авах төвөгтэй. Гомдоллохгүйгээр бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд өмнө нь ингэж алдсан юм байна, тэгвэл одоо ингэе гээд дараагийнхаа алхмыг хийдэг хүмүүст бол боломж ирнэ шүү. 

-Өөрөө хүсвэл яаж л бол яаж make-up хийгээд, гоё хувцаслаад, хэнтэй ч ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж чадах эмэгтэй. Мэдээж энэ бол хөдөлмөр. Нүүр будалт сурахад, байнгын хэвийн жинтэй байхад цаг хугацаа зарцуулагдана. Энэ хүртэл бүрэн дүүрэн өөрийгөө таниад мэдчихлээ. Энэ бүхний эцэст эмэгтэй хүн байхын утга учир юу юм шиг санагдах юм?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн зуны цэцэгстэй адил. Гоо үзэсгэлэн мөнхийн гэдэгт итгэж үнэмшээд түүгээрээ бусдын сайхан сэтгэл, итгэл найдварыг гишгэлж болохгүй. Энэ болгон түр зуурын учраас гоо үзэсгэлэнд нээх ач холбогдол өгөөд байх хэрэггүй. Цагийн аясаар үрчлээтнэ, хөгширнө. Энэ үед намайг юу чимэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Утга учиртай өнгөрүүлсэн амьдрал, бусдыг хайрлаж энэрэх сэтгэл, дэргэд нь жаргалтай байгаа хань, зөв хүмүүжүүлсэн хүүхдүүд, бусдын төлөө зориулсан үйлс л өтөл насыг чимэх байх.

-Орчин үеийн эмэгтэйчүүдэд хүнтэй уулзахад нүүр улайхгүй ажил хэрэгтэй, гайгүй хэдэн ээлжийн хувцас хэрэгтэй. Дан ганц өөрөө сайхан байх хангалтгүй. Хүрээлэл нь дажгүй байх ёстой. Тэгэх ёстой, ингэх ёстой ... Facebook дээрээ бараг хэнийг tag хийж байгаа нь чухал ч юм уу. Олон л зүйл байна. Өөрөө үүнтэй санал нийлэх үү? 

-Гайгүй хүрээлэлд багтахын тулд өөрөө гайгүй сэтгэдэг байх хэрэгтэй шүү дээ /инээв/. Бид нарын насан дээр гайгүй харагдах ерөөсөө хангалттай биш. Хийж бүтээсэн юмтай, гайгүй амьдрал үзчихсэн, гайгүй юм боддог байх хэрэгтэй. Тийм биш зүгээр нэг гоё хувцас өмсөөд нүүрээ будчихсан зүрх сэтгэл нь хоосон, хэлбэр хөөсөн хүнийг гайгүй хүрээлэлд авах уу, үгүй юу бас асуудалтай.

Би яагаад ч юм чиний асуултнаас networking буюу танилын хүрээ гэдгийг нь тусгаад авчихлаа. Аливаа том ажлыг хүн ганцаараа хийдэггүй шүү дээ. Тэнд заавал баг байдаг. Багийг хаанаас бүрдүүлэх вэ? Мэдээж нөгөө танилын хүрээ. Тэдгээр чадварлаг хүмүүст үнэлэгдэж, тэдний нэг болохын тулд хамтдаа ядаж нэг ажлын ард гарсан байх хэрэгтэй. Тэрнээс ээмэг, зүүлт цуглуулж байгаа юм шиг networking хийнэ гэж байхгүй.

Эцсийн эцэст тэр хүний зорилго. Нийгэмд тасархай гоё харагдаж яг яах гээд байгаа юм? Гоё харагдаж гоё хүрээлэлтэй байж яах гээд байгаа юм. Зүгээр л хүмүүст гоё харагдах гээд байгаа бол жүжигчин бол л доо. Кинон дээр юуг л бол юуг хийж болно шүү дээ. Тэгээд нэг гоё дүр бүтээчих хэрэгтэй /инээв/.

-Хэр сайн уншигч вэ? Ширээний ном гэвэл? 

-Би байнга уншдаг. Өглөө бүр 30 минутаас 1 цагийг уншихад зориулдаг. Яг одоо “Амгалан амьдрахуйн арга ухаан” гээд номыг уншиж байна. Уиллям Хартын бичсэн их багш С.Н.Гоенкагийн заасан Випишна бясалгалын тухай ном. 2015 онд анх 10 хоногийн Випишна бясалгалын курст сууж байсан юм. Тэрнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөхөд миний амьдралд асар их зүйл өөрчлөгдсөн. Яг үнэндээ өөрөө өөр лүүгээ харах боломжийг олгосон. Өөрийгөө илүү таньж мэдсэн. Өөрөө өөрөөрөө дамжаад энэ амьдралыг таньж байна. 

-Өөрийг чинь тодорхойлдог гурван зүйлийг нэрлэвэл?

-Хамгийн түрүүнд хурд гэж хэлнэ. Хурд хэдийгээр эрсдэл дагуулдаг ч би эрсдэлээс айдаггүй. Бодож санасан зүйл байвал шуудхан л хөрсөн дээр буулгахыг хичээдэг. Хоёрдугаарт, байнгын оролдлого. Бүтэлгүйтлээ ч ахиад эхэлж чаддаг. Гуравдугаарт нь миний мөрөөдөл.

-Танд баярлалаа. 
Ярилцсан Б.Ундрал
Фотог Б.Сайханбилэг

"Гранд" сэтгүүл дугаар 99 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Зочин
    Ug ni ooriigoo daichilj bga ni ih mundag medne. Gehdee hun chanariin huwid arai l muuhai hun, hen heregtei ter hundee l pyaldagdaj chaddag hereggui bolood irheeree nyasalchihdag zantai ym bnle. Olon ch huniig tegej gomdoosondoo. Bas huwtsaslaltiig unendee mdehgu estoi so huwtsasladag bsan heweeree l haragdaad bhin. Daichinii huwid daichin ym bnle.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Huuli busaar ter surgaltaa yavuuldag yum bish uu, Yavuulj ugnu gechiheed yavuulj ugch chadaagui l bol ene ni uurinh ni yariad b gaa shig asuudaltai yum bish uu,
    2017 оны 11 сарын 16
  • Зочин
    Harvaas MAANAG HUUHEN b a,
    2017 оны 11 сарын 16
  • Зочин
    Harin tiim, tarvaga shig shud gargachihaad bas boloogui ee, uurigee hen gej bodchihood humuusig shuumjleed b gaa yum Hol ochij solior!!!!!
    2017 оны 11 сарын 16
  • Хана
    Мундаг охин байна. Амжилт хүсье. Атаархсан, юу ч хийж чаддаггүй, арчаагүй хүмүүс элдвийн тэнэг юм бичдэг.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • yu
    yu ve darsiig ch bas soyoltoi hereglej bolno tgd ch bolovsroltoi hun dars uuj bolohgui gj yriagui bna sain unshaad oilgo l doo iim todorhoi yriltsalaga unshaad uhaj chadahgui bna uu? yatsan tolgoi vee zailuul
    2017 оны 11 сарын 16
  • бүсгүй
    Өөрийн царай зүс, стиль гээд л бүх зүйл нь биш ээээээ. Болоогүй байна бүсгүй минь. Чамаас мундаг бүсгүйчүүд зөндөө байна. Нүдээ нээгээд эргэн тойрноо хар
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Harin tiim, tarvaga shig shud gargachihaad bas boloogui ee, uurigee hen gej bodchihood humuusig shuumjleed b gaa yum Hol ochij solior!!!!!
      2017 оны 11 сарын 16
  • Sain uu
    Mash ikh taalagdlaa. Zuv bodoltoi zuv huuhen bna. Sanaa neg bnaa. Huurhun huutei Yumaa. Ajild ni amjilt, amidrald ni ulam ikh az jargal husen erooe!
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин
    нээх мундаг юм ярьчихаад ярилцлага өгөхдөө урдаа дарс тавьчихсан сууж байхаад өөрөө бас боловсролгүй л болж таарлаа. жаахан маанагдуу хүний царай юу үгүй юу бас.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Harvaas MAANAG HUUHEN b a,
      2017 оны 11 сарын 16
    • yu
      yu ve darsiig ch bas soyoltoi hereglej bolno tgd ch bolovsroltoi hun dars uuj bolohgui gj yriagui bna sain unshaad oilgo l doo iim todorhoi yriltsalaga unshaad uhaj chadahgui bna uu? yatsan tolgoi vee zailuul
      2017 оны 11 сарын 16
  • Odko
    Za yostoi ontsgui gazardaa helnii damjaa n zaah arga baril ogt bhgui tetgelegt hamruulj ugnu gene ter surguulias n tawij bga shaardlagiig n uursduu ch oilgodoggui humuus shude iim bn geheer uu tiim bn odoo yahu l gene humuus mini ene huuhend bitgii hairan shan tsag munguu zarlagadaarsi
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Huuli busaar ter surgaltaa yavuuldag yum bish uu, Yavuulj ugnu gechiheed yavuulj ugch chadaagui l bol ene ni uurinh ni yariad b gaa shig asuudaltai yum bish uu,
      2017 оны 11 сарын 16
  • Zochin
    Yariltslaga hiisen, shuteed bga setguulchid l ih undur setgegdel uldeej dee, lhuurhii...
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • zohin
    yaddag yaddag genee uuriinhu nuur tharaig haraasai ymar arch.gui em be ymar shijg.n aristai yar sharhtai tharai ve... tegeed bas ih yum dongoth.n ... uur.n tharaigaa zasch.d olond zuvulguu ug muuhai tharaitai avgai mini ... uuriigu anduusan avgai bna
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Ene odoo yaj ingej yarij chadaj b aa, uuruu jinhneesee asuudaltai yum bish uu, busdig doosh ni hiideg hen be chi, Chi uuruu nuhurgui b j huuhed turuulne gedeg chini chinii yariad b gaa ASUUDAL chini yum bish uu...
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025