Б.Шүүдэрцэцэг: Жейн Эйр эр хүний эд хөрөнгөөр амьдраагүй анхны эмэгтэй

"Хотол цагаан гүнж” хэмээх түүхэн романаараа уншигч олондоо бэлэг бариад удаагүй байгаа зохиолч Б.Шүүдэрцэцэг номд дурлагч түмэндээ ээлжит бэлгээ барилаа. Тэрбээр энэ удаад Английн Викторийн эриний сонгодог романтизмын үеийн сод төлөөлөгч Шарлотте Бронтегийн 170 жилийн түүхтэй “Жэйн Эйр” романыг сонгожээ. BBC Books-ээс зарласан бүх үеийн шилдгийн шилдэг 200 номын 10-т бичигдсэн тус романыг англи хэлээс хөрвүүлэн анх удаа монгол хэл дээр хөрвүүлж байгаа аж.

Шарлотта Бронтетэй Монголчууд анх удаа танилцах гэж байх шиг байна. Энэхүү зохиолын гол дүр болох Жейн Эйрийн намтраас яриагаа эхэлье?

Энэхүү номыг гурван залуу эх хэлнээс нь буюу англи хэлнээс нь шууд орчуулсан. Ямарваа зохиол гурав дахь хэлээр дамжиж орчуулагдахад тухайн зохиолын үнэ цэнэ буурдаг. Шарлотта Бронтегийн хувьд Английн уран зохиолд домог болсон эгч дүү гурван Бронтегийн нэг нь. Маш эмгэнэлт түүхтэй гэр бүл. Эцэг Бронте зургаан хүүхэдтэй байсан боловч гурвыг нь бага насанд нь зуурдаар алдсан байдаг. Үлдсэн гурван охид 29-39 наслахдаа нэг нь ч хүнтэй сууж, хүүхэд гаргаж үр удмаа үлдээж амжаагүй эмгэнэлт түүхтэй. Гэхдээ энэ гурван бүсгүй Бронте гэдэг овгийг мөнхөд дархалж үлдээснээрээ гайхамшигтай. Багаасаа зовлон зүдгүүрийг амсаж туулсан. Тэднийг багад ээж нь умайн хорт хавдраар өвчилсний улмаас хүүхдүүдийнхээ нүдэн дээр орилсоор байгаад нас барсан байдаг. Савны хорт хавдар хамгийн ихээр өвтгөдөг өвчин юм гэнэ. Учир нь 19-р зууны Англи улс ядуу буурай, хүнд хэцүү нөхцөл байдалтай, өвчин намдаагч ч гэж байгаагүй. Тухайн үеийн Англи нас барагсадаа цэцэрлэгтээ оршуулдаг байсан. Тиймээс тэд эхийнхээ булшийг цонхоороо харсаар, өсөж том болцгоосон байдаг.

Охид тэр л цаг үед жүжиг, үлгэр зохиож тоглоцгоодог байж. Тус тусдаа вант улстай, түүнийгээ өөр өөрсдийнхөөрөө цаасан дээр буулгадаг байсан нь зохиолч болох маш Сн хөрс болсон. Одоогийн зохиолчдын толгойд ч баймгүй гайхамшигтай жүжгийг тэд зохиож тоглодог байсан гэдэг.

Эгч дүү гурвын хамгийн том нь Шарлотта Бронте. Түүний “Жейн Эйр”, “Профессор”, “Шэрли”, “Агнес Грей”, “Аянгын даваа” зэрэг зохиолууд нь маш алдартай.  Социализмын үед Оросын сувгаар 1988 онд бүтээсэн олон ангит киноны нэг хувилбар нь манай улсад гарч байсан. Тэр үеийн дунд насны бүсгүйчүүд, тэр үеийн охид Тимоти Дальтонд дурлаж байсан юм билээ.

“Жейн Эйр” зохиолын хувьд гол дүрийн охиныг өсгөж байсан бэргэн эгч нь нэлээд хатуу харгис эмэгтэй. Эрэгтэй хүмүүсийн бүтээлд гардаг эмэгтэйчүүд ихэвчлэн гоо үзэсгэлэнтэй мөртлөө байнга золиослогддог. Харин Жейн Эйр бол төдийлөн гоо үзэсгэлэнтэй биш, ядуу өнчин охин. Биеийн хувьд жижигхэн, одоогийн секси төрхтэй ч биш. Тэгсэн мөртлөө эрэгтэйчүүдийг оюун санааныхаа хүчээр татдаг. Эр хүний нөмөр нөөлгөд эд хөрөнгөнийх нь хүчээр хэзээ ч амьдрахгүй гэсэн хатуу байр суурьтай манай гаригийн  анхны эмэгтэй гэж судлаачид дүгнэсэн байдаг. Сая сая Англи эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болж, Жейн Эйр шиг хүчтэй амьдарч чадна гэдэг урам зоригийг өгч байсан зохиол гэгддэг юм.

“Жейн Эйр” романаас таван кино зохиолч үргэлжлүүлэн бичсэний нэг нь Шарлотта Бронтегаас дутахгүй амжилтыг олсон. Арван найруулагч кино болгон дэлгэцнээ мөнхөлсөн.  Дуураймал кино нь хүртэл маш их амжилтыг олдог байсан юм билээ.

Энэ номыг таныг өөрөө орчуулсан гэсэн ойлголттой байсан ?

Залуу гурван орчуулагч орчуулсан. Орчуулсны дараа уран зохиолын хэл дээр буулгахад манай нөхөр Б.Болдхуяг бид хоёр хамтран ажилласан. Англи хэл сайтай боловч уран зохиолын хэл сайтай орчуулагчид ховор шүү дээ. Уран зохиолын хэл дээр буулгахад энэ зохиол шинээр мэндлэх шахуу болж байгаа юм.

Номны хавтасыг сонгодог хэв маягаар зурдаг Б.Гэрэлцэцэг гэдэг зураачаар зуруулсан. Яагаад гэвэл нэгдүгээрт хэн нэгэн хүний урьд нь хэвлэгдсэн хавтасыг зөвшөөрөлгүй авч болохгүй. Зарим нь киноных нь зургаар хавтаслачихдаг. Тэр нь сэтгүүл шиг харагдаж, сонгодог зохиолын үнэ цэнэ буурах учир дутагдалтай. Тиймээс бид Монголын зураачаар тэр үеийн Английн дундаж нийгмийн боловсролтой эмэгтэйн хувцаслалт дүр зэргийг нь судалж байгаад зуруулсан. Ном гэдэг хүнд сэтгэлийн таашаал өгдөг зүйл учраас тэр бүхнийг нарийн судалж байж бүтээсэн дээ.

“Шүүдэр продакшн”-ы хөрвүүлж гаргаж байгаа анхны томоохон сонгодог зохиол гэж ойлгож болох уу?

Тийм л дээ. Өмнө нь “Анне Франке”-ийг гаргаснаар Монголын хүүхдүүдийн ширээний ном болсон. Дараа нь дэлхийн алдартай эмэгтэй зохиолчдын намтрын чуулгыг гаргасан. “Жэйн Эйр” бол эндээс төрсөн өндөг гэж хэлж болно. Охин бид хоёрын долоон жилийн өмнө орчуулсан дэлхийн эмэгтэй зохиолчдын намтраар маш олон алдартай зохиолчид Монголд анх удаа танигдсан. Цаашдаа бид дандаа эмэгтэй зохиолчдын бүтээлийг орчуулъя гэж төлөвлөж байгаа.

Таныг маш хүчтэй феминист хандлагатайг мэднэ. Монголын анхны феминист давалгааг нийгэмчилж гаргаж ирсэн нь таны нэг онцлог. Манай нийгэмд нутагшуулсан анхдагчдын нэг нь та. Гэхдээ анх эхэлж байсан тэр цагаас хойш үзэл хандлага чинь өөрчлөгдсөн үү?

Миний үзэл санаанд төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин Монголын нийгмийн сэтгэлгээ сөөм ямхаар ч гэсэн өөрчлөгдсөн нь харагдаж байна. Би киночидтой их холбоотой хүн. Хоёр хоногийн өмнө найруулагч Д.Галбаяр “Шалчигнах, хов базах гэх мэтийн араншин эрэгтэйчүүдэд их болчихсон байна шүү, нөхөд өө” гэж пост бичсэн байсан. Нээрээ шалчигнах, хов базахыг өнөөдөр эрэгтэйчүүд хийдэг болчихсон байна шүү дээ. Гэтэл муу нэрийг нь яагаад эмэгтэйчүүд үүрч байгаа юм бэ! Д.Галбаярын энэ постын хараад нийгмийн сэтгэлгээнд нэлээд ахиц гарчээ гэж харсан.

Далимдуулаад асуухад шүүмжлэгч судлаач Г.Батсуурийн сүүлийн нийтлэлд та хариулт өгөх үү?

Би хариулт өгмөөргүй байна. Яагаад гэвэл энэ шүүмж нь судалгааны түвшинд ерөөсөө хүрээгүй. Мэдлэг дутсан байна! Эмэгтэй зохиолчдын зохиолыг бүхэлд нь авч үзэх гэж байгаа бол энэ маш том тойм болно. Судлаач тухайн шүүмждээ үзэл санаагаа илэрхийлэх албагүй боловч тухайн судлах гэж байгаа обьект нь эмэгтэйчүүд байлаа гэхэд феминист онолын суурьгүйгээр энэ чиглэлийн шүүмж рүү орно гэдэг 29 хутгатайгаар хийдэг мэс засалд үндсэн хутгагүйгээр орсон эмчтэй адилхан! Өөрөөр хэлбэл эмэгтэй зохиолчдын зохиолыг шүүн хэлэлцэх гэж байгаа бол феминизмийг мэддэггүй хүнтэй ярих юм надад байхгүй.

“Шүүдэр продакшн”-ны дараагийн уран бүтээл нь таны хувийн утга зохиолын бүтээл байх уу? Дондогдулам хатны сэдэв маш их удаж байна. Тэр хэрээр уншигчдад хүлээлт үүсээд байна. Аль түвшинд явж байна вэ?

Дондогдулам хатны тухай зохиол маш урт хугацааанд дуншиж байгаа нь үнэн. Сая өнгөрсөн зун төрсөн нутгаар нь явлаа. Соёл шашны хамгийн том төв Балданбэрээвэн хийдээр ороод гарлаа. Товчхондоо маш их энерги зарцуулж байна. Ирэх 2018 онд энэ роман гарна. Мөн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэсэн кино 02 угаар сард нээлтээ хийнэ. “Монгол контент” энэ киног хийж байгаа. Миний оролцоо бараг байхгүй гэсэн үг. Ер нь ирэх оны 2,3-дугаар сар миний бүтээлээр амьсгалах бололтой.

Яагаад феминизм гэж цээжээ дэлдээд байдаг юм бэ? Феминизм ямар хэрэгтэй юм бэ гэж асуух хүмүүс их байгаа байх. Энэ хүмүүст та ямар хариулт өгөх вэ?

Зүгээр л эмэгтэй хүнийг дорд үзэхээ л болих хэрэгтэй гэж хэлмээр байна. Хүнийг хүйсээс нь болж дорд үзэх хандлагыг л арилгах хэрэгтэй байна. Феминизм бол үнэндээ эмэгтэйчүүдийн асуудал биш шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний асуудал. Ихэнхи феминистүүд эрэгтэйчүүд байснаас үүнийг харж болно. Жонн Милль гэх Английн агуу их энэрэнгүй үзэлтэн, гүн ухаантан парламентын танхимд хүнийхээ хувьд эмэгтэй хүн нэрээ дэвшүүлэх, саналаа өгөх эрхтэй гэж зоригтойгоор хэлж байсан. Эндээс феминизм эхэлдэг.

Би эмэгтэй хүнийг хүн шиг л үз гэж хэлмээр байна. Өнөөдөр Монголд эмэгтэйчүүдийн эрх гээд л ярьж байхад дэрхий нийтээр бүх хүйстний эрхийн талаар яриад эхэлчихсэн байна шүү дээ. Гэтэл бид өнгөрсөнтэйгээ зууралдаад сууж байна.

Д.Болдхуяг: Жейн Эйр бол Бронтегийн өөрийнх нь дүр

“Жейн Эйр”-ийг хянан тохиолдуулж, эрхлэн гаргасны тань хувьд асуухад Шарлотта Бронте, Жейн Эйр гэх хүмүүс хэн юм бэ?

Шарлотта Бронте, Жейн Эйр гэдэг миний хувьд бол нэг юмны хоёр тал. Шарлотта Бронте гэдэг зохиолч өөрөөрөө төлөөлүүлэн Жейн Эйр гэх дүрийг бүтээсэн юм болов уу гэж боддог. Өөрийнх нь харгис хэрцгий хүйтэн, туулсан амьдрал замнал, цагийн төрх, эмэгтэйчүүдийг үзэх үзэл, зовлон зүдгүүр бүхнээр өөрөө өөрийгөө л илэрхийлсэн. Толинд хараад өөрийгөө дүр болгож авсан юм болов уу гэж боддог.

Жейн Эйрийг яагаад унших ёстой гэж та бодож байна?

 Би бол мундаг судлаач шиг ярихгүй. Уншигчийн хувиар бодоход эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл үргэлжилж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын жирийн нэгэн эмэгтэй уулчин Гималайн өндөр оргил дээр гараад Монгол орныхоо далбааг мандуулж байна ш дээ. Гэтэл Монгол орныхоо нэг жижигхэн дов дээр эрчүүд гардаг юм аа, эмэгтэйчүүд гардаггүй юм аа гээд л ярьж байна. Гэтэл төрийн тэргүүн нь эмэгтэй хүн байх юм бол өнөө хар тугаа хэрхэн цэнгүүлэх юм бэ! Энэ олон төрийн тахилгын үйл ажиллагаа яах юм бэ! Үндсэн хуулинд заасан нас хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, жам ёсны эрх чөлөөгөө эдлэхэд нь энэ зохиол хэр нийцтэй вэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз! Эрэгтэйчүүд  ч гэсэн эмэгтэйчүүдээ ойлгож, хүндлэх хэрэгтэй юм болов уу.

Зар сурталчилгаан дээр ч гэсэн эмэгтэй хүнийг бөгс хагс, бие эрхтэн, сексийн обьект талаас нь хардаг. 170-аад жилийн өмнө эмэгтэй хүн зүгээр нэг бие, яс, мах биш оюун ухаан, үнэ цэнэ, үзэл санаа юм гэдгийг...

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Отгонтэнгэр хайрханыг нэг муу дов гэж хэлдэг айхтар дэлхийчлэгдсэн амьтас юм биз дээ, удахгүй ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөр нтр гэх вий. Зохиолч гэж өөрийгөө бодчихсон элий авгайчуул олширсон нь үнэн шдээ
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин
    шүүдэрцэцэг, эрхэмбаяр, сарантуяа мэтийн хүүхнүүд ядмагхан юм эрээччихээд, хүмүүүсийн тархийг хэрэггүй хогоор дүүргээд байх юм.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • S
    Энэ дунд нээх гое царай гараад ирсэн чинь анхням байсан байшд
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025