New generation: Шилдэг ярилцлагуудын түүвэр
2017/11/15

Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл уншигч та бүхэнтэй энэ цаг үеийн сор болсон залуусыг уулзуулдаг. Түүхэн 100 дахь дугаарын баяраа тохиолдуулан тэдгээр ярилцлагуудаасаа түүвэрлэн хүргэж байна. Оюунлаг залуус Монголын ирээдүй. Бид ч гэсэн залуусын оюун санаанд тодорхой хэмжээний хувьсал хийж үеийнхнээ дуурайн манлайлах эрмэлзлэлийг энэхүү булангаараа асааж өгөхийг хичээсээр ирсэн. Тэд бол шинэ үеийнхэн. Эх орны минь ирээдүй гэрэлтэй байна. 

МУГЖ, дуучин Г.Ариунбаатар:

МУГЖ Г.Ариунбаатар авьяаслаг уран бүтээлчээс гадна адармаат хувийн амьдрал нь үргэлж олны сонирхлыг татаж байдаг. Түүнийг гэргийгээсээ салсан гэх дуулиан дэгдсэний дараа энэхүү ярилцлага хийгдсэн юм. 

-Шуудхан асуучихад өөрийг чинь баян эмэгтэйтэй зорилготойгоор суучихлаа гэсэн яриа гарсан. Үнэхээр хөрөнгөнөөс болж гэрлэсэн юмуу? 
-Би баяныг нь мэдээгүй байсан гэвэл тэнэг хэрэг болно. Яг үнэндээ мэдээгүй байсан байхгүй юу. Дурлаад л, маргааш нь кино үзчихмээр санагдаад, найзаа найзаа гэж байгаад нөгөөдөр нь салхинд гараад л. Тэгээд асуудал нэг лавшраад эхэлдэг ш дээ. Үерхээд бие биедээ татагдсан гайхамшигтай олон дурсамжууд 80 хувь байгаа. Хүүхэдтэй гэдгээ надад хэлсэн. Би дурласан байсан. Хүнд хүн илүүддэггүй, яагаад би үзэн ядах ёстой гэж. Яагаад би энэ хүүхэдтэй юмуу, за за гээд явах ёстой гэж. Амьдралыг зөвхөн өнөөдрөөр харж болохгүй ш дээ. Хэний ч хүүхэд яаж ч амьдарч явж болно. 

-Гэхдээ яагаад заавал тийм сонголт хийсэн юм. Өөрөө залуу хүн, амьдралын зах зухыг мэднэ. Яагаад заавал амьдрал үзсэн, эгчмэд бүсгүйг сонгох болов. Магадгүй гэр бүлийн амьдралд хэтэрхий яарсан юм биш үү?

-Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн ... тийм биз дээ? Нэг л мэдэхэд тийм юм болчихсон. Мэдэхгүй энэ миний үндсэн хүмүүжил л байх. Намайг хормойн донтой ч юмуу, тэгж ойлгох бол хаана ч намайг тийм байдлаар олж харахгүй, уучлаарай. Миний үндсэн хүмүүжил, хүнд дэндүү итгэдэг зан л буруу юм шиг байгаа юм. Хүнд зүрх сэтгэлээ зориулж яваад эцсийн үр дүнд өөрөө хохирно гэж хэн ч төсөөлдөггүй. Хүн анх суухдаа 10 жилийн ардахыг хардаггүй ш дээ. Би энэ хүнтэй суухад анх ёстой сайхан залуу байсан. Одоо 30 жилийн дараа архи уугаад байх юм гэж. Тэрийг хэн ч таадаггүй байхгүй юу. Тэгэхээр хүн зүгээр л учирсан, боломжийн санагдвал сэтгэлээ дагаад л явах байх. Би өнөөдөр хаширлаад яах юм. Тэр магадгүй аз жаргалын үүд байхыг хэн үгүйсгэх юм. 

Би өнөөдөр залуу байна. Дахиад дурлахыг үгүйсгэхгүй. Гэхдээ урлагт амьдралаа зориулах сэтгэл илүү байна. Магадгүй бас Монголдоо ч амьдрахгүй байж мэднэ. Мэргэжлийнхээ дагуу гадаадад ажиллаж амьдрах хэд хэдэн санал ирсэн. Тэр боломжийг би алдах ёсгүй байх. Одоо бүх юмны тохироо бүрдээд байна л даа. Амьдрал ахуй ийм болчихлоо, татлаа түлхээ болох юм алга. Би тэдэн онд ийм өвчтэй болоод үхнэ дээ гэж боддоггүйтэй адил хүний амьдралыг тааж хэлж хэрэггүй юм билээ. Тийм учраас надад болгоомж дутсан байж магад. Болгоомжлоод байвал ямар амьдрал байх вэ дээ. Миний ганц боддог юм, өөрийнхөөрөө л байя гэж боддог. Тааралдсан болгонд би таалагдах үнэхээр алба байхгүй. Би өнөөдөр хүнд хэлэх үгээ хэлчихээд л гараад явчихдаг. Тэр хэнбугай ч байсан. Яагаад гэвэл би тийм эрхтэй. Эрхээ харин зөв ашиглахыг хичээж байгаа. 

Ярилцсан У.Цахирмаа №48, 2014 оны 7 дугаар сар...

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт:

Модель С.Эрдэнэцогт “Монгол Рэйн” гэгддэг чадварлаг загвар өмсөгч, басхүү охид бүсгүйчүүдийн хүсэмжит хархүү листэнд одоо хэр нь байгаа. Түүнийг модель С.Төгстэй дуулиант салалт хийсний дараа анхны дэлгэрэнгүй халуухан ярилцлагыг авч байв.

-Өөрөө Төгсөөгийн ямар үеийг марталгүй санадаг вэ? Сэтгэлд тод үлдсэн дурсамж гэж байдаг даа?

-Бид хоёр гурван жил үерхсэн, бие биенээ их л сайн мэддэг гэж боддог байлаа. Гэтэл яасан, Солонгост очоод дайн болж байгаа юм чинь. Манай хүн өндөг ч чанаж мэдэхгүй. Би уйлуулаад л, загнаад хоол хийхийг зааж өгч байлаа. Арга ч үгүй дээ, эмээ өвөө, ээжийнхээ гар дээр бөмбөрч өссөн танхи охин. Би хүртэл тэднийд хэсэг амьдарсан чинь яг Төгсөө шиг гандангийн тагтаа болох гэж байгаа юм чинь. 
Дурсамж гэснээс, “Гялс” төв ёстой новшийн давхраа хийдэг газар. Өглөө унтаж байсан чинь Төгсөө нүдэн дээрээ цаас наачихсан ороод ирсэн. Тэр дүр зургийг нь би ёстой мартдаггүй юм. Надаас бас их юм болсон. Онийчоод энэ тэр гэж дооглоод л.  Өөрөө ч гэсэн нүдээ сэтлүүлж, давхраа оёулна гэж ярьдаг байсан л даа. Тэгээд ийм байдлыг удаан тэсвэрлээгүй давхраа оёулахаар шийдсэн юм шиг байсан. Тэр дүр зураг одоо ч нүдэнд харагддаг шүү. 

-Энэ дашрамд өөртэй чинь анхны хайрын тухай ярилцмаар байна. Хэн гэгч бүсгүй өөрийн чинь сэтгэлийн угт first love болж үлдсэн байдаг юм бол?

-Миний анхны хайр Шүрээ гэж охин байсан. Яг Төгсөөгийн өмнө. Тэр загвар өмсөх гэж оролддог байсан. Төгсөөгийн хажууд бол модель гэж ярьж ч болохгүй хүн. Яг миний цэвэр type Төгсөөгөөс шал өөр. Би цав цагаан царайтай, хөөрхөн хацартай, том дүрлэгэр нүдтэй, зузаан уруултай охидод дуртай. Төгсөө тэгсэн чинь хар, туранхай, шөвгөр царайтай, нимгэхээн уруултай. Хацар юу ч байхгүй. Нүд бүр байхгүй, давхраа хийгээд, хийгээд нэмэргүй. Хэзээ ч миний type болохгүй.

-Секс гэж ер нь өөрийн чинь хувьд юу вэ. Товчхоноор тодорхойлвол?

-Хоол шүү дээ. Чи хоолгүй хэд хонож чадах юм? Хоол шиг чухал. Сексийг яг гоё амттай хоол идэж байгаа юм шиг л хийх хэрэгтэй. Гоё оршил, гоё өрнөл, хурц байдал ... За юу яриулаад байна аа? Жаахан хүүхдээс том хүний юм асуугаад /инээв/. Ямар дэмий юм бэ, энэ чинь? /инээв/

Ярилцсан У.Цахирмаа №47, 2014 оны 6 дугаар сар...

Модель Н.Намуунцэцэг:

М.Намуунцэцэг загварын ертөнцөөс кино урлагт “урваж” байгаа шинэ залуу хөрвөгч. Манай сэтгүүл эхний бөгөөд эцсийн удаа бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тодотгох хагас нүцгэн зураг авалтыг хийсэн юм.

-Олны танил байх нь танд таалагдаж байна уу? 

-Таалагдах аа...Таалагдахаасаа илүү төвөгтэй санагдаж байна. Өмнө нь “Гоёо”-гийн нүүр царай байхад тодорхой хүрээндээ танил байсан. Кинонд тоглосноор намайг таних хүмүүсийн хүрээ ихсэх тусам шаардлага өндөрсөж, хариуцлага нэмэгдэж байна. Наад зах нь биеэ яаж авч явах вэ, бусдад яаж таатай сэтгэгдэл төрүүлэх гэж мэт асуудал тулгарч эхэлж байна. Дээрээс нь хүмүүстэй нэр холбогдоод ирэхээр бас хэцүү, дарамттай санагдаж байгаа. Гэхдээ яахав, нэгэнт миний сонгосон мэргэжил, сонгосон зам учраас тэвчээд, даваад гарна даа. 

Ярилцсан У.Цахирмаа №62, 2015 оны 5 дугаар сар...

Ариунаа Сүри: 

Дизайнер Ариунаа Сүри одоо хэр нь сонирхол татдаг фигур хэвээрээ байгаа. Энэ ярилцлагаас хойш бүсгүй гэр бүлийн амьдралд хөл тавьсан ч дизайнерын ажлаа ханцуй шамлан хийсээр байгаа. 

- Ер нь загвар өмсөгч хүнд юу чухал байдаг юм бэ?

- Хувцас харуулж, үзүүлэх учраас биеэ эрүүл, чийрэг авч явах нь эн тэргүүний шалгуур. Булчин шөрмөс чанга байна гэдэг модель гоо сайхны чухал үзүүлэлт. Манайхны хувьд хэл усан дээрээ анхаармаар санагддаг. Хэлтэй болмоор байна, хөлтэй болмоор байна /инээв/. Дээр нь өмсөж буй загвараа ойлгож үзүүлэхэд мэдрэмж чухал. Секси хувцас өмсчихөө cool хувцас өмсчихсөн юм шиг аяглаж болохгүй. Эсвэл үндэсний, хүнд элемэнтийн хувцас өмсчихөөд хөнгөн манер үзүүлж болохгүй гэх мэт чухал зүйлс бий. 

- Ихэнх дизайнерууд шезотой ч гэмээр өвөрмөц хүмүүс байдаг. Энэ нь мэргэжлийн онцлогтой нь холбоотой юм болов уу эсвэл үндсэн өгөгдөл, хувь хүний мөн чанар нь угаас тийм байдаг юм болов уу? 

-Шезотой гэдэг нь өөрийнхөө ертөнцөд үнэнч байгаагийн шинж байх. Хүн тэгтлээ ертөнц рүүгээ орно гэдэг гоё. Миний хувьд мэдэхгүй ээ, бусдад тэгж харагддаг нь юу л бол. Гайгүй байх. Би юмыг арай өргөнөөр харж чаддаг болохоор өөрийнхөө ертөнцөд баригдахыг хүсдэггүй. Хүн болгоныг ойлгохыг хүсдэг. Энэ чинь тэр хүний л ертөнц шүү дээ гэж зөвтгөхийг хичээдэг. Өөрийнхөө ертөнц рүү оруулах гээд эсвэл үзэл бодлоо тулгах гэж улайрдаггүй. Тэгэхээр гайгүй. 
Шезотой гэгдэх хүртлээ тэр эрх чөлөөнд хүрхэд илүү их цаг хэрэгтэй байх. 

Ярилцсан М.Саян №66, 2015 оны 7 дугаар сар...

М.Бударгана:

М.Бударгана бол оддын салоныг эх орондоо нэвтрүүлсэн чадварлаг бизнес хатагтай. Өндөр боловсролтой, амжилттай бизнес эрхэлж яваа бүсгүйчүүдийн нэрт төлөөлөл юм. 

-Бударгана залуу бүсгүй гэхэд дэлхийн нэртэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор төлөөлж байна. Аав ээжийн нөлөө, туслалцаа дэмжлэг байсан уу, эсвэл чиний хичээл зүтгэлийнх үү?

-Аав ээжийн дэмжлэг байлгүй яахав. Хамгийн их тусалж дэмждэг хүмүүс бол тэд маань. Харин чухамдаа “Интрасьютикалс”-ыг оруулж ирсэн нь миний сонголт. Австралид арван жилийн сургуульд сурдаг байхдаа насанд хүрээгүй байсан учраас home stay буюу айлын гэрт байдаг байсан юм. Байдаг айлын маань эзэгтэй сэтгэл зүйч мэргэжилтэй, мундаг эмэгтэй, нас нь дөч хүрч байсан тул  арьс унжилт, нөсөө толбо, нүхжилт, өнгөц үрчлээ гэх мэт хөгшрөлтийн асуудлуудтай тулгарч эхэлж байсан. Тэр үед “Интрасьютикалс”-ын бүтээгдэхүүн Австралид ид хүчээ авч эхэлж байсан үе болхоор эмэгтэйчүүдийн жинхэнэ ярианы сэдэв нь болчихсон байсан. Тэгээд л үр дүн нь шууд өөрт мэдрэгдэхүйц хурдан гардаг, маш өвөрмөц бүтээгдэхүүн байна гэж манай тэр эгч найз нартайгаа гайхшран ярилцдаг байсныг нь сонсч анх удаа мэдэж байлаа. Дараа нь Европ, Америкт аялж явахад,“Шангрила”, “Марриотт”, “Хилтон” гээд  бүх л гоё зочид буудал, ресорт, спа бүгдээрээ энэ үйлчилгээг үзүүлдэг, Холливудад ч гэсэн “Улаан хивсний ёслолын үйлчилгээ” гэдэг нэрээрээ хэдийнэ хүчээ авчихсан байсан гээд алхам бүр л “Интрасьютикалс”-тай таараад байсан. Би Нью-Йоркын Манхэттэний “Janes Chakler Skin Care” арьс арчилгааны клиник дотор “Интрасьютикалс”-ын үйлчилгээндээ орох гээд цагаа хүлээгээд сууж байсан чинь дуучин Леди Гага энэ үйлчилгээнд бас орчихоод гарч ирж байсан. Энэ бүхний эцэст энэ брэндийг Монголдоо оруулж ирэхээр сэтгэл шулуудсан юм. Миний бизнес учраас ингэтлээ магтаад байгаа хэрэг биш шүү, хэрэглэж, үр дүнг нь мэдэрсэн хүмүүс л миний үг хоосон магтаал биш болохыг ойлгох байх. 

Энэ дашрамд “Интрасьютикалс”-ыг Монголд оруулж ирэхэд бүх талаар тусалж дэмжсэн аав, Мэргэжлийн үүднээс их зөвөлгөө өгдөг их эмч мэргэжилтэй ээж, гэр бүлийнхэн, салоныхаа хамт олон, компанийхаа удирдлагад талархаж явдгаа хэлмээр байна. Манай салоны менежментийг ажлын арвин туршлагатай, удирдлагын менежментийн мэргэжилтэй Дэлгэрбаатар ах, Алтанзаяа, Чинсүрэн эгч маань хариуцан ажилдаг. Эд нар маань намайг их дэмжиж тусалдаг, намайг бага байхаас минь эхлээд л аав ээжтэй минь хамт байсан тул би өөрийн ах эгч шигээ одоо ханддаг болчихсон. Иймд сэтгэл нэгтэй, мэргэжлийн хүчтэй баг манай салоны менежментийг хариуцдаг тул бид олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой байгаа.     

Гаднах төрх, гоо үзэсгэлэн бол ялангуяа эмэгтэй хүний хувьд том асуудал шүү. Энэ асуудлаа шийдчихээр эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй хүн аз жаргалтай амьдардаг. Аз жаргалтай амьдралаас гэр бүл, цаашилбал, нийгэм рүү хичнээн сайхан, хүчирхэг энерги ирдэг билээ. Тийм учраас би хийж буй ажлаа нэг талаар бизнес боловч нөгөө талаар нийгмийн нэг ч гэсэн асуудлыг шийдэж байгаа гэж сэтгэл дүүрэн явдаг. 

Ярилцсан Б.Ундрал №67, 2015 оны 9 дүгээр сар...

BRAND MEDIA GROUP-ийн захирал Гонгорын Мөнхбаяр:

“Brand Media Group”-ийн захирал Г.Мөнхбаяр энтертайнмент ертөнцөд хүч түрэн гарч ирж байгаа шинэ залуу бизнесмэн. Шоу ертөнцийн залуу саятнуудын эгнээнд тэр тодоор бичигдэж байгаа. 

-Орчин үеийн хүмүүс ихэвчлэн хамтран амьдрахыг илүүд үзэх болсон нь нууц биш. Хурим яагаад чухал вэ? 

-Энэ талаар эрдэмтэн мэргэн хүмүүсээс сонсохоор монгол хүн хуримаа хийгээд мөнх тэнгэртээ бүртгүүлдэг юм гэнэ. Мөнх тэнгэр нь бүртгэж аваад тэдний хишгийг тасдаж өгдөг. Тийм учраас хүмүүс хуримаа заавал хийх ёстой гэдэг юм билээ. Бид бүгдээрээ хуримаа хийгээгүй. Бүгд маш гоё хурим хийхийг мөрөөддөг. Тэрийгээ хурим хийх гэж байгаа хосуудад шингээж өгдөг. Хуримаас бусад зүйл амьдралд хэд хэдэн удаа тохиолдоно. Бид хосуудад нэгдүгээрт, хамгийн шилдэг үйлчилгээг санал болгодог. Хоёрдугаарт, ингэж хийвэл гоё болно гэдгийг тайлбарлаж өгдөг. Аливаа зүйл төсөв мөнгөндөө багтдаг учраас тэрэнд нь таарсан гоё зүйл хийж өгөхийг хичээдэг. Тэр хосын хуриман дээр найз нөхөд гээд маш олон залуучууд ирнэ. Бид зурагтаар реклам цацаад байдаггүй мөртлөө байнгын ажилтай байдгийн нууц нь нэг хүний хуримыг маш гоё хийж өгнө. 200-300 зочин ирнэ. Тэр дунд хуримаа хийх гэж байгаа ч юм уу, хуримтай холбоотой тодорхой хэмжээний хүмүүс ирдэг. Тэр нь энэ их гоё боллоо хаанах яаж ингэж хийгээд байгаа юм бэ гээд. Тэгээд дараа жил хуримаа хийхдээ биднийг зорьж ирээд гинжин хэлхээ шиг явдаг. 

-Таныхаар сайхан бүсгүй гэж ямар бүсгүйг хэлэх вэ? Ирээдүйн сүйт бүсгүйгээ ямраар төсөөлж байна?

-Аз жаргалтай эмэгтэй хүн бүр сайхан харагддаг. Хуримаа хийх гэж байгаа сүйт бүсгүй болгон дотроо аз жаргалдаа шатсан байдаг. Тэдгээр аз жаргалтай хүмүүстэй хамтарч ажилладаг нь надад сайхан хувь зохиол шиг санагддаг. Би хувьдаа ухаалаг эмэгтэйг сайхан бүсгүй гэж хэлнэ. Гадаад үзэмж хардаг нас өнгөрсөн. Одоо бол царайлаг гэж харахаасаа илүү хэр ухаалаг эмэгтэй байна гэж харна /инээв/. Гэвч одоогоор сүйт бүсгүйгээ төсөөлөөгүй байна. Амьдралын хэмнэл маань ч одоохондоо хувийн амьдрал, хайр дурлалд цаг зарцуулах боломж олгохгүй янзтай. Хувь зохиолоороо болох байх аа. 

Ярилцсан Б.Ундрал №97, 2017 оны 8 дугаар сар...

А.Адилбиш: 

Хөтлөгч А.Адилбиш шинэ үеийн чадварлаг тайзны хөтлөгч. Элит зиндаа гэж хэрэв энэ салбарт байдаг бол тэр тэргүүнд бичигдэхүйц, гадаад хэлээр хөтлөлт хийхдээ “ус цас” өндөр чадвартай нэгэн. 

-Монголын нийгмийн залуу, чадварлаг ганц бие бүсгүй амьдрахад хамгийн дутагдалтай тал нь юу вэ?

-Би хувьдаа чадварлаг, мундаг эмэгтэйчүүд ганцаараа битгий амьдраасай гэж хүсдэг. Тэд ганцаараа амьдарч болохгүй. Аль хэдийнээ тэд хийх ёстой зүйлээ хийчихсэн, тодорхой хэмжээнд хүрэх ёстой газраа хүрчихсэн. Тиймээс амьдралын хамгийн сайхан байх, аз жаргалтай байх мөчүүдээ ганцаараа битгий өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл тэд хайрлуулах эрхтэй, хайрлах эрхтэй. Энэ магадгүй Монголын нийгэмд тэдэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл. 

-Таны аз жаргал юунд орших вэ?

-Аз жаргал яг одоо цагт байж чадаж байгаагаар үнэлэгддэг юм болов уу. Бид аз жаргалыг гаднаас, нийгмээс, хэн нэгнээс хайгаад хүсээд байдаг. Гэтэл чи яг одоо байгаа цагтаа амьдарч чадах юм бол аз жаргал чиний дэргэд байдаг. Аз жаргал чинийхээр юу юм гэж өөрөөсөө асууж байсан. Хариулт нь ерөөсөө л тайван амьдрал. Чи тайван байж чадаж байвал аз жаргал чиний дэргэд байна гэдэг тодорхойлолтыг би олсон. Гэр бүл нь өвчин зовлонгүй эрүүл саруул би ямарваа нэг зүйлд санаа зовохгүй байж чадаж л байвал аз жаргал надад байна гэсэн үг. 

Ярилцсан Б.Ундрал №88, 2016 оны 11 дүгээр сар...

Т.НОМУУНЗУЛ:

Зохиолч Д.Төрмөнхийн охин Т.Номуунзул “Цагаан хадаг” киногоороо урлагт орон зайгаа дархалж амжсан. Нэг үе модель байсан бүсгүй өдгөө энтертайнмент зах зээлд хүч үзэж байна. 

-Эр нөхрийнхөө нэрээр олон танигдсан бүсгүйчүүд олон л доо. Заримдаа хүүхнүүдийн нийтлэг хувь заяа ч гэмээр байдаг. Энэ хувь тавилан ч гэмээр зүйлд та ямраар ханддаг вэ?

-Харин би наад зүйл дээр чинь жаахан хуучинсаг үзэлтэй явдаг юм. Гэрийн эзнээр овоглож эр хүнийг хүндэтгэж идээ ундааныхаа дээжийг өргөж, эр хүнээр хог шороо цэвэрлүүлэхгүй, ахуйн зүйлд хутгалдуулахгүй байх ёстой гэдэг зарчимтай. Амжилттай сайн эр хүний ард чадалтай, ухаантай, тэвчээртэй эмэгтэй байдаг гэж боддог. Эр нөхрөө хүндэтгэж хайрлаж байж эргээд эхнэр хүн гэдэг утгаараа хүндлэгдэнэ. Нөхрийнхөө хажуугаар би мундаг гээд цээжээ дэлдэх хэрэггүй болов уу. Эмэгтэй хүн ийм л тавилантай гээд дорой бай гэсэн үг бас биш. Харин ч ухаантай, уян, тэвчээртэй, уужуу байж амьдралаа, үр хүүхдээ зөв авч явах нь чухал. 

-Б.Дөлгөөн бол хайрлагдах шалтгаан олонтой хүн гэж та ярьж байна. Маш гоё тодотгол юм. Магад сайн хөвгүүд иймэрхүү хэрэг, хэл аманд өртөмтгий байдаг нь чухамдаа сайн чанартай нь холбоотой байх гэж анзаарагддаг. Сайн хүн гэдэг чинь өөрөө том ойлголт шүү дээ. Энэ нь өнөөгийн нийгэмд тавьтаргүй зан мэтээр илэрдэг байж болох юм, та санал нийлэх үү? 

-Залуу насанд тавтиргүй зан гаргадаггүй эрэгтэй хүн гэж байдаггүй байх. Бааранд зодолдсон л гэдэг. Бааранд зөндөө хүн зодолддог ш дээ. Тэр байтугай аймшигтай юм хийж байгаа залуус зөндөө л байдаг. Магадгүй олны танил ээжийн хүү учраас, Дөлгөөн учраас л түрүүлж нүдэнд өртчихдөг байх. Гэтэл сайн талыг нь бичдэггүй. Б.Дөлгөөн сая гэхэд л сонирхлынхоо дагуу Венецийн Беналд оролцоод ирсэн. Маш гоё урлагийн төсөл мөн  хэрэгжүүлж байгаа. Гэтэл энэ талаар хэн ч, ямар ч хэвлэл бичдэггүй. 

Ярилцсан М.Саян №65, 2015 оны 7 дугаар сар...

Б.Болдбаатар:

Сэтгүүлч Болдко “Шударга яръя” ток шоу нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулахаас гадна 2016 оны сонгуульд нэр дэвшиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тун сонирхолтой эрхэм шүү. 

-Та нээрээ гэр хороололд амьдардаг билүү? Орчин цагт ховордсон дүр зураг. 

-Би Телевизэд гэр хороололд амьдардаг. Өөрийнхөө хашааг, байшинг бариад авчихсан. Надад бас Монголдоо хамгийн үнэтэйд тооцогддог цөөхөн мотоциклийн нэг байна, аяллын сайхан машин байна. Би баян, ээжээс бусад бүх юмаар баян. Надад унах эдлэх унаа тэрэг, орон гэр, хувийн эдлэн газар, нохой хүртэл байна. Үлдсэн бусад мөнгө нь бүгд миний толгой дотор бий. Би хангалттай хэмжээгээр хүссэн үедээ мөнгө олж чаддаг. Тийм ч учраас гэр хороололд амьдардаг ч гэсэн үнэтэй цайтай, сайхан унаа тэрэг, сайхан юм эдэлж хэрэглэж чаддаг. Аль ч компани дээр очоод нэг гэрээ хийгээд маркетингийн ажлууд хийчихдэг. Кино клип баримтат кино хийчихдэг. Зохиолыг нь бичээд өгчихдөг. Гар утсаараа сайтуудын захиалга бичихэд орой хоёр гурван зуун мянган төгрөг хийчихээд унтдаг. Гэхдээ 4 жилийн дараа намайг эргээд харахад би гэр хороололдоо байсан хэвээрээ л байх болно. Гэр хороололд яаж гоё амьдардагийг хүмүүст үзүүлье гэж бодсон. Хашаандаа замтай, зүлэгтэй модтой, миний байшин 3 давхар 8 өрөө. Би байр лизингээр ч юм уу аваад өртэй болохыг хүсээгүй. Өргүй юм чинь би баян. Байгаагаа бүгдийг нь нэг бүрчлэн өөд нь татсан. Тэр цэцэрлэг ч гэсэн балгас болчихсон байшинг л өөд нь татсан. Юм болгоныг ингээд хийвэл болно ш дээ. 

Ярилцсан Б.Ундрал №83, 2016 оны 6 дугаар сар...

Мисс Б.Гүнзаяа: 

Олон улсын мисс тодотголыг ард түмнээс аваад байгаа Б.Гүнзаяа дэлхийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг дуурсган шагнал гардсаар буй. Саяхнаас тэр олон улсын миссийн тэмцээнд шүүгчээр ажиллах болсон нь монголын загварын ертөнцийн түүхэн үсрэлт юм. 

-Одооны охид рейтинг өндөртэй үедээ гайгүй хүнтэй суух бодлого барьдаг болсон нь нууц биш. Мисс модель байгаад олонд танигдахаар нэг л төгсгөл байдаг нь баян хүнтэй суух. Суугаад салдаг мөнгө төгрөгтэй болдог. Эцэст нь загварын тайзаа орхидог. Мисс модель болохын зорилго ерөөсөө л энэ үү? 

-Миний хувьд ид хийж бүтээдэг залуу нас учраас урдахаа хийгээд явж байна. Үнэхээр хувь тавилан байгаад өнөөдөр үгүй гэж байсан ч маргааш нь хүнтэй суугаад хүүхэд гарчихсан байхыг үгүйсгэхгүй. Нэг сайхан нартай өдөр ханьтайгаа учрах байх. Би дахиад сурмаар байна. Өнөөдөр хийж байгаа зүйлс, амжилтынхаа амтанд ороод дараа дараагийн боломжийн төлөө өөрийгөө хөгжүүлье гэж мэрийж явна. Бие биедээ үнэхээр таалагдаад галзуу дурласан тохиолдолд баян, ядуу хамаагүй шүү дээ. 

Өнөөгийн залууст олон улсад ажиллах боломж нээлттэй болсон. Мисс моделийн салбар олон улсад өндөр цалинтай ч байдаг. Өөрөө ажил хийж, өндөр орлоготой байх боломж байхад яасан гэж заавал баян хүнтэй суух шаардлагатай юм. Яасан гэж заавал ядуу хүнтэй суух албатай юм. Сэтгэлийг хэн догдлуулж байна, түүний л гэргий болох байх даа. Би хувьдаа хэзээ ч хэн нэгнээс хараат амьдрахгүй. Ээж аав маань нойртой, нойргүй хөдөлмөрлөж намайг өдий зэрэгт хүргэхдээ миний ач буяныг үзэх ёстой биз дээ. Намайг баян айлын эрх залуугийн гэрийн тавилгын манаач хийх гэж өсгөсөн юм уу? Наад зах нь би тэднийгээ хүндлэх ёстой биз. Баян айлын залуу, гэр бүл юутай хээтэй маань хараад үзчихлээ гэж бодоход би тэр айлын манаач л болох байхгүй юу. Би юугаар омогших юм. Магадгүй хэдэн жилийн дараа гэрийн эзэгтэй, ээж болвол миний төлөвшил өөр болох байх. Тэр үед миний хийж байгаа юм чухал уу, гэр бүл чухал уу гэдэг сонголтоо өөрөө хийнэ. Гэхдээ бас өдий зэрэгт хүртлээ хичээгээд явж байгаа юм чинь яаж ч бодсон шууд хаяхгүй байх. Ажил хэрэгч, амьдралын зорилготой хүн гэж байдаг даа. Би тийм типийн хүн. Тийм учраас эрх ч юм уу, залхуу залуучууд миний стиль биш. Амьдралын идэвхитэй зорилготой хайртай хүнийхээ төлөө бардам дуугарч чаддаг хүн  таалагддаг. Хамгийн гол нь зорьсон зорилготой, мэдээж намайг хайрладаг бусдыг хүндэлдэг хүн байгаасай. 

Ярилцсан Б.Ундрал №96, 2017 оны 7 дугаар сар...

EDUWORLD Олон улсын боловсролын төвийн захирал Н.Мөрөн: 

Энэ бүсгүй бол боловсролын салбарт идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж яваа залуу бизнес хатагтай. Түүний боловсролын төв энэ хугацаанд 1000 гаруй залуусыг дэлхийн 10 гаруй орон руу тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан явуулаад байна

-Өөрөө боловсролын салбарт ажиллаж бусдыг боловсруулж байна. Ингэхэд  боловсрол гэж таны бодлоор юу юм?

-Боловсрол бол бусдад туслах хэрэгсэл. Өөртөө тусалж чадахгүй байж бусдад тусална гэж байхгүй шүү дээ. Сайхан амьдралыг бий болгохын тулд хүн эхлээд өөртөө туслах ёстой. Мундаг  боловсрол эзэмшсэн гэх атлаа бусдын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй, буруу зүйл хийдэг эсвэл өөрөө өөртөө тусалж чадахгүй байгаа хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Амьдралын олон талбар бий, эрүүл мэнд, гэр бүл, санхүү, найз нөхөд, нийгмийн орчин гээд. Эдгээр бүх талбарыг тэнцвэртэйгээр авч явах ухааныг боловсрол гэж ойлгодог. Нээх мундаг сургуулийн диплом өвөртөлчихөөд өөрөө илүүдэл жинтэй, гэр бүл нь асуудалтай, санхүүгийн асуудлаа зохицуулж чадахгүй байгаа бол боловсролтой гэж хэлэх аргагүй. Тэр хүн өөрөө өөртөө тусалж чадахгүй байгаагийн шинж. Өөрөө өөрийнхөө амьдралыг сайхан болгоод бусдад хэр сайн сайхан зүйлийг хүргэж байгаагаар боловсролыг хэмжих байх.

-Дээдсийн хүрээний бүсгүйчүүд амьдралаас хүссэнээ авч чаддаг. Дээдсийн хүрээний хүүхэн шиг сэтгэж аяглаж чаддаг. Өөрт чинь бас тийм шинж чанар цухалзаад байна?

-/инээв/ Энэ дээдсийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Хүн болгонд амьдралаас хүссэнээ авах боломж бий. Хамгийн гол нь юуны төлөө юу хүсээд байгаа юм. 

-Дээдсийн хүрээний бүсгүйчүүд амьдралаас хүссэнээ авч чаддаг. Дээдсийн хүрээний хүүхэн шиг сэтгэж аяглаж чаддаг. Өөрт чинь бас тийм шинж чанар цухалзаад байна?

-/инээв/ Энэ дээдсийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Хүн болгонд амьдралаас хүссэнээ авах боломж бий. Хамгийн гол нь юуны төлөө юу хүсээд байгаа юм. 

-Орчин үеийн эмэгтэйчүүдэд хүнтэй уулзахад нүүр улайхгүй ажил хэрэгтэй, гайгүй хэдэн ээлжийн хувцас хэрэгтэй. Дан ганц өөрөө сайхан байх хангалтгүй. Хүрээлэл нь дажгүй байх ёстой. Тэгэх ёстой, ингэх ёстой ... Facebook дээрээ бараг хэнийг tag хийж байгаа нь чухал ч юм уу. Олон л зүйл байна. Өөрөө үүнтэй санал нийлэх үү? 

-Гайгүй хүрээлэлд багтахын тулд өөрөө гайгүй сэтгэдэг байх хэрэгтэй шүү дээ /инээв/. Бид нарын насан дээр гайгүй харагдах ерөөсөө хангалттай биш. Хийж бүтээсэн юмтай, гайгүй амьдрал үзчихсэн, гайгүй юм боддог байх хэрэгтэй. Тийм биш зүгээр нэг гоё хувцас өмсөөд нүүрээ будчихсан зүрх сэтгэл нь хоосон, хэлбэр хөөсөн хүнийг гайгүй хүрээлэлд авах уу, үгүй юу бас асуудалтай.

Би яагаад ч юм чиний асуултнаас networking буюу танилын хүрээ гэдгийг нь тусгаад авчихлаа. Аливаа том ажлыг хүн ганцаараа хийдэггүй шүү дээ. Тэнд заавал баг байдаг. Багийг хаанаас бүрдүүлэх вэ? Мэдээж нөгөө танилын хүрээ. Тэдгээр чадварлаг хүмүүст үнэлэгдэж, тэдний нэг болохын тулд хамтдаа ядаж нэг ажлын ард гарсан байх хэрэгтэй. Тэрнээс ээмэг, зүүлт цуглуулж байгаа юм шиг networking хийнэ гэж байхгүй.

Эцсийн эцэст тэр хүний зорилго. Нийгэмд тасархай гоё харагдаж яг яах гээд байгаа юм? Гоё харагдаж гоё хүрээлэлтэй байж яах гээд байгаа юм. Зүгээр л хүмүүст гоё харагдах гээд байгаа бол жүжигчин бол л доо. Кинон дээр юуг л бол юуг хийж болно шүү дээ. Тэгээд нэг гоё дүр бүтээчих хэрэгтэй /инээв/.

Ярилцсан Б.Ундрал №99 2017 оны 10 дугаар сар 

Мисс Э.Сэлэнгэ:

Мисс Э.Сэлэнгэ нүцгэлсэн талаарх анхны дэлгэрэнгүй сонирхолтой ярилцлагыг бид авч байв. Бидний мэдэх мэдэхгүй загварын ертөнцийн хөшигний цаадахыг нэвт харах боломжийг уншигч та бүхэнд олгосон нь ихэд дуулиан тарьж байв. 

-Яагаад заавал найз залуугийнхаа төлөө нүцгэн зургаа авахуулж байж хайраа хадгална гэж вэ? Нууц биш бол тодорхой хариулт өгөөч? 

-2011 оны 2 сард байхаа даа, Америкт очингуутаа цүнхээ хаячихсан юм. Миний карт, бэлэн мөнгө, түрийвч бүх юм байхгүй болсон гэсэн үг. Тэр үед зөөгчийн цалин цагийн 18-20 доллар, байрны үнэ доод тал нь 500 доллар. Хэдий хугацаанд ажиллаж байж толгой хоргодох байртай болох вэ? Өөрөөр хэлбэл надад маш хурдан хугацаанд их мөнгө олох шаардлага үүссэн юм. Тэгээд интернэтээс моделийн чиглэлээр хийж болох ажил хайсан. Дотуур хувцастай зургаа авахуулах ажил, хөлс нь ч боломжийн. Найз залуудаа хэлээд зөвшөөрөхөөр нь очсон. Гэтэл ганц модель ганц зурагчин биш Америкийн соёлын үндэсний өвөрмөц байдлаар групп маягаар зураг авалт явагдаж байсан. Зураг авалт нь хурдан болчих байх гэж бодоод хүлээсэн чинь моделиуд нь хувцсаа тайлж нүцгэрч эхэлсэн. Тэгэхээр нь би найз залуу руугаа утасдаад, “Эд нар удаад байна, бас хүүхнүүд нь шалдан болж эхлээд байна” гэж ярьж байсан. Тэгэхэд, “чи яаж байна” гэж асуухаар нь “би гайгүй байна” гэж хариулж байсан. Уг нь би тэд нартай адилхан нүцгэн болоод байсан мөртлөө \инээв\. Сүүлдээ надад таалагдахгүй гэртээ харимаар санагдаад намайг ирж аваач гэж ярьсан. Тэгсэн чинь машин хөлслөөд чамайг очоод авъя гэж ярихаар нь “битгий мөнгө үрэх гээд бай, би энд олох гэж ядаж байхад чи үрэх гэж байдаг” гэж ярьж байлаа. Мэдээж их эвгүй байсан. Гэхдээ ердөө ганцхан кадр даруулаад 20 мянган доллар авах боломж, надад мөнгө үнэхээр хэрэгтэй байсан үетэй давхцаж ийм алхам хийж байлаа. Тухайн үед миссийн титэм, нэр хүнд, юм юм дотроос угзарч байсан л даа. Хаа холын Америкт авахуулж байгаа юм чинь хэн ч мэдэхгүй байх л гэж бодсон. Зургаа ч авахуулсан, мөнгөө ч авсан. Тэр мөнгө их ч хэрэг болсон. Хайртай хүнээсээ нэг төгрөг ч авалгүй харилцаагаа хадгалж чадсан. Ийм шийд гаргасан нь зөв ч байж мэднэ, буруу ч байж мэднэ. Одоо болтол боддог л юм.

-Өөрөө яалт ч үгүй үнэн худал нь үл мэдэгдэх олон сенсаацны эзэн. Нөгөөтэйгүүр бусад бүх миссүүд амьдралаа зохиосон байхад Сэлэнгээ л ганц бие байгаа нь магадгүй олны анхаарлыг татдаг байх?

-Сая миний толгойд гэнэтхэн нэг бодол орж ирлээ. Хүүхнүүд Мянганбаяр ч юмуу, баян хүмүүстэй явлаа гэх мэдээ байнга гарч байдаг. Гэтэл би аймаар ардчилсан байдлаар, ил цагаахан нүцгэлээд гараад ирэнгүүт тэр хүмүүсийн мэдээтэй холилдоод муухай дүр зураг бий болчих шиг. Гэтэл жинхэнэ баячуудтай явдаг хүмүүс нь сураггүй. Пүрэвдулам эд нар чинь энхийн цагаан тагтаа юм биш үү. Тэднийг анх яаж гарч ирснийг мартчихсан. Тэгээд нөгөө Пүрэвдулам, Ариунцэцэг эд нар нь сайхан цагаан тагтаа, би бол хар хэрээ. Эсвэл би буруу яриад байна уу? Анх байгуулсан гавьяа нь гэвэл зүгээр нэг миссийн тэмцээнд ороод, түүгээрээ олонд танигдсан. Дараа нь түүнийгээ ашиглаж баян хүнтэй суудаг. Мисс, загвар өмсөгчид баян хүнтэй суух нь тэдний үндсэн зорилго, үндсэн ажил нь юм биш үү. Би жишээ нь моделийнхоо ажлыг хийлгүй, магад хэн нэгэн баяны хүүхдийг гаргаж ганц бие ээжийн амьдралаар амьдрах ёстой байсан ч юм шиг. Нүцгэн зураг авахуулах нь миний мэргэжлийн ажлын нэг хэсэг болохоос биеэ үнэлж байгаа болхи хэлбэр биш шүү дээ. Гэтэл би мэргэжлийн ажлаа хийсэндээ буруутан болоод байгаа ч юм шиг. Би модель л болохыг зорьсон, одоо ч зорилгоосоо ухраагүй явна. Магадгүй миний зорилго баяны эхнэр болох байсан бол анхнаасаа тэр зорилгынхоо дагуу явах байсан биз. 

Ярилцсан У.Цахирмаа, М.Саян №51, 2014 оны 10 дугаар сар...

Г.Дэлгэрмаа:

Г.Дэлгэрмаа С.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх нарын хэргийн дуулиан одоо болтол бүрэн тайлагдаагүй байгаа. Хүчирхийлэл нийгмийг сэртхийлгэж буй энэ өдрүүдэд түүн шиг өөрийгөө эрсдэлд оруулан ил гарсан хүн хуруу дарам цөөн учир онцоллоо. 

-Болиоч гэж мэдээж чадлаараа эсэргүүцсэн байх. Тэр хүн ямар хандлага үзүүлсэн бэ? 

-Хүчиндэх гэдэг ерөөсөө л хүч хэрэглээд бэлгийн дур хүслээ хангах процесс. Тухайн үед би болиоч, тавиач гээд зөндөө орилсон. Тэгээд миний нуруунд нэг юм тулгангуут би айсан. Тэр чинь надаас том биетэй хүн ш дээ. Тэр хүнд би тухайн үед алуулбал яах вэ, намайг нэг шанаадахад би тэнэг ч юмуу болоод үлдвэл яах вэ? Тэгж дайрч, улайрч байгаа хүн намайг алж ч магадгүй. Тийм нөхцөл байдалд ингэж л боддог юм билээ. Миний биеэ хамгаалж чадахгүй байгаа сул дорой байдлыг л тэр хүн ашигласан. 

-Уучлаарай мэдээж тэр үеийг мартахыг хичээж байгаа байх. Таныг хүн явуулж сүрдүүлэх мэтээр дарамт ирж байв уу? 

-Намайг хүн дагаж, дарамталж байсан. Мессэжээр бол бүр аймаар аймаар юм бичиж байсан. Энхмөнхийн эхнэр бол ертөнцийн хамгийн тэнэг хүүхэн гэж би хэлнэ. Миний нөхөр хэн нэгэн эмэгтэйг гомдоочихсон бол би нөхрөө буруутгана. Гэтэл тэр үгүй шүү.  
Би одоо ном бичиж байгаа. Энэ хэрэгт холбогдсоноос хойш хуулийн талаар ч гайгүй мэдлэгтэй боллоо. Амьдралын минь энэ нэг нугачаанд тохиолдсон зүйл бусдад хэрэг болох байх гэсэн үүднээс ном бичиж байна. Эмэгтэй хүн амьдралдаа нэгээс дээш удаа хүчирхийлэлд заавал өртдөг юм байна гэж бодох болсон. Гол нь үүнийг даван туулах, ард нь гарах сэтгэлийн тэнхээ, хат, ухаан маш чухал. 
Нэг хэсэг маш хүнд байдалд байх үедээ би амиа хорлох гэж оролдож байсан /уйлав/. Тийм хүнд үе байсан учраас бусад хүмүүсийг надтай адилхан зовоосой гэж хүсэхгүй байна. 

Ярилцсан У.Цахирмаа №54, 2015 оны 1 дүгээр сар...

 

 


 


 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин