ОХУ-ын Свердловск мужийн Екатеринбург хотод энэ сарын 3-7-ны хооронд WorldSkills HiTech тэмцээн зохион байгуулагдана. Дөрөв дэх удаагийн WorldSkills HiTech тэмцээнд ОХУ-ын тэргүүлэх компани, корпорацийн 16-28 насны мэргэжилтэй залуусаас бүрдсэн 29 баг оролцож байна.
Өмнөх жилүүдэд зөвхөн ОХУ-ын компани, аж ахуйн нэгжүүдийн баг оролцдог байсан бол ирэх жилүүдээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Одоогоор Австри, Бразил, Казакстан, БНХАУ, Швейцарь, Өмнөд Африк зэрэг долоон улсыг энэхүү тэмцээнд оролцохыг уриад байгаагийн нэг нь Монгол улс юм.
Монгол Улсын багийг энэхүү тэмцээнд урьсан урилгыг ОХУ-ын дахь Worldskills-ийн Гүйцэтгэх захирал Роберт Уразов, Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын багийн ахлагч, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга А.Халиунаад саяхан АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээний үеэр гардуулсан. Монгол Улсын хувьд энэ удаагийн тэмцээнд ажиглагчаар оролцох хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу Дэлхийн ур чадварын Монгол улсын багийн ахлагч А.Халиунаа өчигдөр Екатеринбург хотод хүрэлцэн очоод байна. Энэхүү тэмцээний үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
WorldSkills HiTech тэмцээн нь үйлдвэрлэлийн дизайн, үйлдвэрийн робот техник, лазер технологи зэрэг есөн чиглэлээр нийт 300 оролцогчийг 30 мэргэжлээр өрсөлдүүлж, үндэсний аваргыг шалгаруулна. Монгол улс энэхүү тэмцээнд оролцсоноор ОХУ-ын төдийгүй, дэлхийн тэргүүлэх улсын шилдэг компани, корпорацийн багтай өрсөлдөж, өөрсдийгөө сорьж, мэргэжилтэй ажилчдын ур чадвараа дээшлүүлэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна