Эротик бүжигчин, биеэ үнэлэгч, тагнуулч Мата Харигийн гунигт түүх
2017/11/01

Маргарета Гертруда “Маргарит” МакЛеод (1876.08.07–1917.10.15), Мата Хари гэх тайзны нэрээрээ алдаршсан Голландын эротик бүжигчин, дээдсийн хүрээний алдартай биеэ үнэлэгч, Дэлхийн I дайны үеэр Германы талд тагнуул хийсэн хэрэгт холбогдож, Францад буудан алах ял авч цаазлуулсан. 

Бага нас 
Мата Хари Нидерланд улсын Фрисланд мужид Адам Зеллетүүний анхны эхнэр АнтьевандерМёлен нарын 4 хүүхдийн ууган охин болон мэндэлсэн. Гурван эрэгтэй дүүтэй. Эцэг Адам нь малгайны дэлгүүртэй, газрын тосны салбарт маш амжилттай хөрөнгө оруулалт хийсэн чинээлэг нэгэн тул Маргарета хангалуун орчинд өсч, 13 нас хүртлээ тусгай сургуульд суралцсан байна. Түүнийг Индонезийн Ява үндэстний үр удам гэж үздэг ч өнөөгийн судлаачид эцэг, эхийн аль ч талаасаа түүнд Ази болон Ойрхи дорнод цус байхгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл Мата Хари цэвэр голланд угсаатай. Түүний эцгийн бизнес 1889 онд дампуурч, эцэг эх нь салснаас хоёр жилийн дараа ээж нь өөд болов. 1893 онд аав нь Сузанна гэгч бүсгүйтэй дахин гэрлэсэн ч хүүхэдтэй болсонгүй. Удалгүй Зеллегийн гэр бүл салан бутарч, охин загалмайлсан эцэгтэйгээ хамт амьдрахаар Сник рүү нүүж, удалгүй Лейдэн гэх хотод цэцэрлэгийн багшийн мэргэжлээр суралцаж эхэлжээ. Гэхдээ сургуулийн эзэн Мата Харитай сээтэгнэж эхлэхэд нэр хүнд нь сэвтсэнд уурласан загалмайлсан эцэг Виссер охиныг сургуулиас нь гаргажээ. Хэдэн сарын дараа Мата Хари Гааг дахь ахынхаа гэрт амьдрахаар зугтсан гэдэг. 

Бүтэлгүй гэрлэлт, ил цагаан урвалт 
18 настайдаа Мата Хари улсынхаа сонинд хэвлэгдсэн зарын дагуу армийн ахмад Рудольф МакЛеодтой гэр бүл болов. Нөхөр нь одоогийн Индонези буюу тухайн үеийн Нидерланд улсын зүүн Инди гэх нутагт амьдардаг армийн ахмад, бароны хүү, товчхондоо язгууртан. Тэд 1895 оны 7-р сарын 11-нд Амстердам хотод гэрлэсэн бөгөөд нөхрийнхөө нөлөөгөөр Мата Хари Нидерландын дээдсийн хүрээнд шууд шилжин орч, санхүүгийн байдал нь ч сайжирсан байна. Хос хоёр Ява арлын зүүн хэсэгт орших Малангид амьдарч 1897 онд Норман-Жон Маклойд, 1898 ондЛьюсе Жанна Маклеод гэх хоёр хүүхэд төрүүлэв. 

Зургийн тайлбар: Мата Харигийн хүүхдүүд болох Льюсе Жанна, Норман-Жон нар эцгийн хамт. 

Гэрлэлт бүхэлдээ бүтэлгүй байв. Маклеод архичин, эхнэртээ байнга гар хүрнэ. 20 насаар залуу эхнэр авснаас болж тушаал дэвшихгүй байна гэж эхнэрээ буруутгана. Дээр нь байнга араар нь тавина. Бүр нүдэн дээр нь шүү. Ер нь ийм явдал тухайн үеийн Нидерландын зүүн Индид ердийн үзэгдэл байжээ. Нөхөртөө гомдсон Мата Хари түүнийг орхиж Нидерландын өөр нэг офицер Ван Рийдестэй амьдрах болсон байна. Энэ үедээ Индонезийн уламжлал, ёс заншлыг шаргуу судалж, нутгийн бүжигчидтэй нэгдэв. Хожим өөртөө тайзны нэр сонгохдоо энэ үед судалж мэдсэнийхээ дагуу малай хэлний нарны нүд гэсэн утгатай Мата Хари гэх нэрийг өгчээ. 
Хэсэг нөхрөөсөө хариу авч өөр эртэй амрагласан Мата Хари нөхрийнхөө гуйлтаар эргэж ирсэн ч зан чанар нь өөрчлөгдөөгүй хэвээр байлаа. Эл хүнд бэрхийг тэрээр нутгийнхны соёлоос суралцахад цагаа зориулж даван туулсан байдаг.  

Удалгүй 1899 онд тэд гэр бүлээрээ эцэг эхээс халдварласан тэмбүү өвчний улмаас маш хүнд өвчлөв. Гэхдээ тухайн үед зарц нь тэднийг хордуулсан гэсэн яриа гарч байсан байна. Хүнд өвчнөөс охин Жанна амьд үлдэж, хүү нас барлаа. Зарим эх сурвалж МакЛеодын дайснууд гэр бүлийн оройн хоолонд хор хийж, хоёр хүүхдийг нь хоёуланг нь хөнөөх санаатай байсан гэж үзэх нь ч бий. Энэ явдал хосуудын нэгэнт ан цав гарсан харилцаанд эцсийн цэгийг хатгаж, тэд Нидерландын эх газарт нүүж ирснийхээ дараа буюу 1902 оны 8-р сард гэр бүлээ цуцлуулж, албан ёсны шийдвэр нь үүнээс 4 жилийн хойно гарчээ. Мата Хари Жанна охиноо асрах эрхийг авч, нөхөр нь тэтгэмж төлөхөөр болсон байна. Гэвч МакЛеод хүүхдийн тэтгэмж төлөөгүй нь эх охин хоёрын амьдралыг маш хүнд байдалд оруулав. Нэг удаа МакЛеод охиноо өөр дээр нь зочилж ирсний дараа эхэд нь буцааж өгөхгүй гэж шийджээ. Бүсгүйд шүүхээр явах мөнгө байгаагүй тул МакЛеод хэдийгээр хүчирхийлэгч нөхөр боловч, сайн эцэг байсанд нь итгэж нөхцөл байдалтай эвлэрсэн гэдэг. Гэвч охин 21 настайдаа нас барсныг багадаа туссан тэмбүү өвчинтэй холбож тайлбарладаг. 

Ява арлын гүнж, эротик бүжгийн хатан хаан  

Зургийн тайлбар: Парист тоглолтын үеэр 1905 он

1903 онд Мата Хари Парист нүүн ирж, циркт морь унадаг ажил хийж эхэллээ. Амьжиргаагаа залгуулахын тулд зураачдын модель болж явсан өдрүүд ч бий. Улмаар Парист ирснээс 2 жилийн дараа буюу 1905 оноос эротик бүжигчин гэдгээрээ цууд гарлаа. Орчин цагийн модерн бүжгийн хөдөлгөөний тэргүүлэгчид болох Изадора Дункан, Рут Сан Денис нарын залуу халаа болсон Мата Хари удалгүй тоглолт, үзүүлбэрийнх нь захиалгыг авдаг Габриел Аструктай хамтран ажиллах болжээ. 

Галзуу, илт сээтэгнэсэн, биеэ огт нуудаггүй Мата Хари ганцхан шөнийн дотор үзэгчдийн сэтгэлийг татаж чадлаа. Удалгүй тэрээр Лионы саятан, үйлдвэрийн эзэн Эмиль Этьен Гуйме гэгч эрхмийн нууц амраг болсон бөгөөд Мата Хариг нэрд гаргасан “Муза” гэх цэнгээний газрын эзэн нь энэ эр байсан юм. Бүсгүй өөрийгөө хинду шашинт гэр бүлд төрсөн, Ява арлын гүнж, хүүхэд цагаасаа Энэтхэгийн энэхүү ариун дагшин бүжгийн урлагт суралцсан гэж сурталчилна. Энэ үедээ маш олон удаа гэрэл зургаа даруулсан бөгөөд ихэнхдээ нүцгэн авахуулдаг байжээ. Мэдээж эдгээр гэрэл зургаас шалтгаалж охиноо өөр дээрээ авах нь хуулийн хувьд боломжгүй болж ирсэн. 

Ер нь түүний алдарших гол үндэс нь эрээ цээргүй, өдөөн хатгасан байдлаараа бусдаас ялгарч, энэ нь богино хугацаанд нэр цууд гарахад нь нөлөөлсөн юм. Түүний бүжгээс хамгийн их хүсэн хэлээдэг хэсэг нь аажмаар хувцсаа тайчиж, эцэст нь хөхний даруулга, гар толгойдоо чимэг зүүлтнээс өөр юу ч үгүй нүцгэрдэг тэр хэсэг. Жижигхэн хөхөндөө дургүй байснаас л хөхөвчөө тайлдаггүй байсан гэж  ч үздэг. Мөн бүжиглэх үедээ биеийн өнгөтэй нимгэн торон хувцас өмсдөг байсан байна. Тэрээр эротик бүжгийг илүү хүндлүүштэй түвшинд гаргаж чадсан учраас Парист ч тэр, дэлхийд ч тэр алдаршсан юм. 

Хөхөвч, зүүлтнээс өөр юу ч үгүй бүжигчин амраг

Мата Хари тухайн үедээ гудамжаар нэг хөглөрч байсан эротик бүжигчдийн л нэг байв. Гэвч тайзан дээр товойж, нэр цууд гарах гол шалтгаан нь түүний стиль хэв маяг, юунаас ч санаа зовдоггүй зан чанар нь байлаа. Товчхондоо тэр маш хүчирхэг харизматай бүжигчин байв. Хувцасаа тайчиж, эрээ цээргүй бүжиглэх нь урлаг мэт уран тансаг. Дээр нь урин дуудсан, өдөөн хатгасан гэрэл зургуудаараа Францын чинээлэг хүрээлэлд орж чадав. Тухайн үеийн Францын нэгэн сонинд “Мата Хари бол яг л муур шиг. Үнэхээр эмэгтэйлэг, үнэхээр аюултай. Гуалиг бие, уран хөдөлгөөнөөрөө мянган дууны хэмнэлд бүжиглэж байгаа нь газар хөдлөх мэт!”. Харин Италийн өөр нэг сонинд Мата Харигийн бүжихийг үзсэн нэг сэтгүүлч “Туранхай, биерхүү хэдий ч зэрлэг амьтан мэт уян хатан бүжиглэдэг хар хөх үстэй бүсгүй. Царайг нь харахад харийн гэмээр хачин мэдрэмж төрнө” гэх мэтээр бичиж байв. 

Зургийн тайлбар: Зөвхөн хөхний даруулга, гоёл чимэглэлтэй Мата Хари. 1906 он.

1910-аад оноос эхлэн Мата Харийг дуурайгсад олноор гарч ирэв. Шүүмжлэгчид хэний ч өмнө тайчдагаараа л нэрд гарсан, уран бүтээлч чанар огт байхгүй хэмээн өөлж байсан ч Мата Хари Европ тив даяар аялж, чухал арга хэмжээнд оролцсон хэвээр байлаа. 
Зургийн тайлбар: Толгойн гоёлтой Мата Хари. 1910 он. 

1912 оноос Мата Харийн карьер уналтад орж эхэллээ. Бүжигчний хувьд хамгийн сүүлийн тоглолтоо 1915 оны 3-р сарын 13-нд хийв. Бүжигчин хүний хувьд ажлын гараагаа харьцангуй орой эхэлсэн, мөн жин нэмж эхэлсэн нь түүний бууралтын шалтгаан байв. Гэвч карьер нь дууссан ч гэлээ тэрээр дээдсийн хүрээний нэртэй бүсгүй, гоо үзэмж гэхээсээ илүү сэрэл мэдрэмж, эротик байдлаараа шагшигдсан нэгэн болсон байлаа. Цэрэг армийн өндөр тушаалын офицерууд, улстөрчид, улс орон бүрт нэр нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоож чаджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Мата Харийг уран бүтээл, эрх чөлөөт бохем хүн гэж үздэг байсан бол дайн ойртох тусам садар, завхай эмэгтэй, өдөөн хатгах аюултай гэж үзэх боллоо. 

ДАВХАР АГЕНТ: Тагнуулч Мата Хари  

Зургийн тайлбар: Амстердамд, 1915 онд. 

Дэлхийн I дайнд Нидерланд улс төвийг сахисан байр суурьтай оролцов. Ийм ч учраас Нидерландын иргэн Мата Хари улс орнуудын хилийг чөлөөтэй нэвтэрч чаддаг байлаа. Галын шугамнаас зайлсхийсэн бүсгүй Франц, Нидерландын дунд зорчихдоо Испани, Британиар дайрдаг байжээ. Түүний энэ их аялал, байнгын шилжилт хөдөлгөөн анхаарал татах нь мэдээж. Дайны жилүүдэд Зеллед /Мата Хари/ маш хүчтэй романтик басхүү сексийн харилцаа тогтоосон амрагтай байсан нь Францын талд зүтгэж байсан Оросын нисгэгч ахмад Вадим Маслов байлаа. 25 настай энэ залууг миний амьдралын цор ганц хайр гэж Мата Хари хэлсэн түүхтэй. Оросоос 1916 оны хавар баруунд илгээсэн 50 мянган цэргийн нэг нь Маслов байсан юм. Тэр жилийн хавар гардан тулааны үеэр Маслов сумны маш хүнд шарх авч, хоёр нүд нь хараагүй болсон байна. Зелле шархадсан хайртдаа очихын тулд галын шугамны дэргэдэх эмнэлэгт очих зөвшөөрөл хүсчээ. Дайнд төвийг сахиж байгаа улс орны иргэн учир Зеллед галын шугамд ойртох зөвшөөрөл олгох учиргүй. Яг энэ үед германчуудыг тагнасан тохиолдолд Масловтой уулзуулна гэсэн болзолтойгоор Францын цэргийн тагнуулын байгууллагаас Мата Харитай холбогдох нь тэр. 

Дайны өмнө Мата Хари Пруссийн угсаа залгамжлах хунтайж, II Кейсер Вилгельмийн хүү, баруун фронт дахь Германы дээд тушаалын генералтай уулзаж бүжиглэж өгч байжээ. Тиймээс Францын цэргийн тагнуулын товчоо Мата Харийг хунтайжийн толгойг эргүүлж, цэрэг армийн нууцыг мэдэж авч чадна гэж тооцсон хэрэг байв.  Гэтэл хунтайж Вилгельмийн дайны оролцоо маш бага,ГерманыЗасгийн газрын суртал ухуулга л түүнийг агуу дайчин, Пруссийг хүчтэй болгож чадсан Хохензоллерний угсаа залгамжлагч болох хүн мэтээр таниулсан байжээ. Үнэн хэрэгтээ хунтайж хүүхэмсэг нэгэн, үдэшлэг хэсч, архидаж, хэт барууны үзэлт улстөрчидтэй хэлхэлдсэн нэгэн болохыг нуужээ. Францын тал хунтайж дайнд оролцоо багатайг мэдэлгүйгээр Мата Харийд нэг сая франк амалж, Германы төлөвлөгөөний талаар мэдээлэл олуулахаар болсон байна. Мата Харийн үхлийн шалтгаан болсон энэ эрхэм 1914 оноос өмнө бол томхон суман ч удирдаж үзээгүй нэгэн байсан байна.1916 оны 11-р сард Мата Харийг Испаниар аялж байхад нь Британийн Фалмот боомтод авчран баривчилж тагнуулын хэрэгт буруутгав. Бүсгүй ч тэр дороо Францын талд ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрч. Түүнийг Каннон гудамжны цагдаагийн хэсэгт саатуулж байснаа удалгүй Савой зочид буудалд амьдрах болж суллагджээ. Тэр жилийнхээ сүүлээр Мадридад ирж Германы армийн атташе, хошууч Арнольд Каллетай танилцаж, түүнээс угсаа залгамжлах хунтайжтай уулзуулж өгөхийг хүсчээ. Энэ үедээ Мата Хари Францын нууцыг Германы талд мөнгөөр худалдах санал тавьсан нь өшөө хорсол байсан уу, хунтайжтай уулзах гэсэн ов мэх байсан уу гэдэг нь тодорхойгүй байдаг юм. 

1917 оны 1-р сард нь хошууч Кале Берлин рүү H-21 кодтой герман тагнуулын үзүүлсэн ашигтай тусламжийн талаар радио зурвас илгээсэн. Энэ зурвасыг Францын армийн тагнуулын товчоо дундаас нь барьж H-21 тагнуул бол Мата Хари гэдгийг тогтоосон. Үүнээс улбаалж Францын тал Мата Хариг баривчилсан. Германы талын тагнуулын байгууллагын ахлах тушаалтан, генерал Вольтер Николай Мата Харийн авчирсан мэдээлэл нь тагнуулын гэж нэрлэхэд ч ахадмаар Парисын хов жив, франц улс төрч, генералуудын бэлгийн амьдралын тухай байсанд ихэд ундууцаж, түүнийг Германы тагнуул болохыг францын талд илчилж, ажиллагааг дуусгасан гэдэг. 

Шүүх хурал, цаазлах ял 

Зургийн тайлбар: Мата Хари баривчлагдах үедээ

1917 оны Валентины баярын өмнөх өдөр Мата Харийг Парисын Элисейн өргөн чөлөөнд байх “Элисей Палас” зочид буудлаас баривчилж, 7-р сарын 24-нд Германы талд тагнуул хийсэн улмаар дор хаяж 50 мянган цэргийг үхэлд хүргэсэн хэрэгт буруутгав. Франц, Британийн тагнуулын байгууллага түүнийг буруутгах баттай нотолгоо олж чадаагүй ч бүсгүйн өрөөнөөс олдсон бэхэнд тулгуурлаж буруутгасан байна. Мата Хари үүнийг нүүр будгийн хэрэгсэл гэж тайлбарласан ч тусыг эс олсон гэдэг. Энэ шүүх хуралдээр түүний Мата Хари гэж танилцуулсан амьдрал, түүх нь худал хуурмаг болохыг голчлон ярьсан. Шүүх хурлын үеэр бүсгүй Нидерландад байхдаа Германы дипломат ажилтнаас Францыг тагна гэж 20 мянган франк авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өөрийн сонгосон эх орон,Францдаа үнэнч байсан тул Германы талд зөвхөн шальдар бульдар мэдээлэл дамжуулсан гэв. 

2014 онд Канадын түүхч Уэслей Уарк “Мата Хари хэзээ ч чухал тагнуулч байгаагүй. Франц улс дайнд ялагдаж байсан. Францын армийн бүтэлгүйтэлд буруутгах хүн олдооүй тул энэ бүсгүйд бүх хэргийг тохсон” гэсэн байдаг. Мата Харийн хувьд салсан, бие даасан, дайнд оролцоогүй улсын иргэн, бүжигчин зэргээр ёс суртахуун дорой байж болох хүн тул ийнхүү туг тахисан гэж тайлбарласан байдаг. 

Ийнхүү Франц дайнд ялагдсаны гол буруутан, тагнуулч Зеллег 1917 оны 10-р сарын 15-ны үүр хаяарахын өмнөхөн Францын 12 офицер буудан хороосон байна. Тэнд байсан гэрчүүдийн мэдээлснээр бүсгүйг хүлээгүй байсан бөгөөд нүдээ боолгохоос татгалзжээ. Үхэхийнхээ өмнө Мата Хари цэргүүд рүү агаарт үнсэлт илгээж байжээ. 

1934 онд Нью-Йоркт гарсан нийтлэлд цааз гүйцэтгэдэг өдөр Мата Хари энэ үйл явдалд зориулж тусгайлан урласан амазон маягийн хослол, шинэ цагаан бээлий өмссөн байсан гэсэн бол өөр нэгэн эх сурвалж шүүх хуралд өмсдөг байсан тэр л хуучин хослолоо өмссөн нь түүнд үлдсэн цор ганц цэвэрхэн, бүтэн хувцас байсан гэж тайлбарласан байдаг.

Цогцос: 2017 онд Франц улс хэргийн мэдээллийг задалсан 

Мата Харийн цогцсыг авах талаар гэр бүлээс нь хүсэлт ирээгүй учраас тухайн үеийн хуулийн дагуу анагаах ухааны судалгаанд ашигласан байна. Парис дахь Анатомийн музейд бүсгүйн толгойг шилжүүлсэн. 2000 онд архивчид 1954 онд музей нүүх үед бүсгүйн толгой алга болсон гэжээ. Түүнчлэн биеийн үлдсэн хэсгийг 1918 онд тус музейд шилжүүлсэн ч мөн алга болсон байна. Францын армийн нууц материалд байсан Мата Харигийн шүүх хурал, цаазалсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг нас барснаас нь 100 жилийн дараа буюу дөнгөж энэ онд, 2017 онд нийтэд ил болгосон юм.

Поп соёлд 

Дайтагч хоёр талд давхар агент хийдэг, өөрийн гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдээс цэргийн нууц завчуулж чаддаг эротик бүжигчний түүх сонирхолтой сэдэв, урлагийн гол дүр болох нь дамжиггүй. Мата Харийн амьдралаас сэдэвлэсэн олон тооны кино байдгийн хамгийн эртнийх нь 1927 оны бүтээл. 1931 онд германчууд “Мата Хари”, 1964 онд Холливудад “Мата Хари, агент H21”, 1985 онд “Мата Хари” кинонууд. Гурван мюзикл хийгдсэн.Олон ч тв сериал гарсан. Одоогоор UBS суваг Star Media-гийн бүтээл, 12 ангит  “Мата Хари” тв сериалыг гаргаж байна. Киноны эхлэл монолог маш сайн. 

“Би олон дүрд хувирсан. Эмэгтэй хүн, эхнэр, ээж, нууц амраг, биеэ үнэлэгч. Бас тагнуул. Гэвч би аль ч үед нь бүжигчин байсан. Бүжиг миний хувь хөдөлгөөнөө бүхнээрээ үгээр илэрхийлдэг шүлэг юм. Амьдрал намайг адгийн хүмүүстэй ч, агуу хүмүүстэй ч учруулсан. Элдэв дайралтаас хамгаалж би өөрийг минь ашигласан хүмүүст тохирсон хариуг нь өгдөг. Хааяа алддаг. Хааяа онодог. Би алдар нэр, эд баялаг, тоо томшгүй нууц амрагийг хайгаагүй. Би хэн нэгэнд хор хүргэж хорвоог өөрчлөхийг зориогүй!

Миний амьдрал нартай өдрийн гоёмсог эрвээхэй шиг зурсхийгээд өнгөрсөн. Би бүх насаараа нэг л зүйлийг хүссэн. Хайрладаг гэр бүлтэй болохыг, аз жаргалтай эхнэр, эх байхыг хүссэн. Даанч тэр мөрөөдөл биелэх тавилангүй байсан юм”.

Бэлтгэсэн: М.Саян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин