“Бүхнээс дээгүүр” МУСК: Төөгөө VS “Тэнгэрийн хунтайж”
2017/11/01

Яанаа, арай дээрх залуусын хэн болохыг мэдэхгүй байгаа юм биш биз дээ? Тэгэхээр таны нас бол нэлээн явсан гэсэн үг. За за наргиа шүү, гомдоод уурласан эмож дараад байв. Сониноос Цахирмаа нь ажлын цагаар сэмхэн гулгаж гараад “Тэнгис”-т өнгөрөгч хагассайн өдөр нээлтээ хийсэн “Бүхнээс дээгүүр” киног үзчихээд ирлээ.  Шинэ киноноос хоцорчихоор цаанаасаа гэмшээд байдаг юм. Тэр тусмаа энэ кино юу билээ? Урд хожид ийм хөөрхөн “эгдүүтэй” бүжигтэй кино гарч байгаагүй. Гэнэт юун эгдүү яриад элийрээд эмороод байна аа би чинь ккк. За ингээд “Бүхнээс дээгүүр” ...

Таньдаггүй танилууд 

Кино эхлэнгүүт зохиолчийн нэр нүдэнд содон тусав. С.Ангараг бол манай үеийнхэн дундаа нэг үе хит болсон охин. Үндэсний телевизээр англи хэл дээрх нэвтрүүлэг хөтлөөд л бас л идеаль болж байлаа шүү дээ. Урт хар үстэй, бумбагар цагаан тэр охиныг манай үеийнхэн бол шууд танина. Тэр охин телевизийн урлатгаа явсаар “Dream TV”гээд хөөрхөн хүүхдийн суваг нээсэн байсан. Одоо бол NTV-д ажилладаг юм байна. Авьяас нь багтаж ядаад кино зохиол биччихсэн байна хөөе. 

Ерөнхий найруулагч нь манай “Taste it Group”-ийн мундаг мундаг хоол оруулдаг үлгэр жишээ аав Гарамханд. Фэйсбүүкийг нь авмаар байвал чаат бичээрэй. Нээх ил зарлах хаашаа ч юм тэ? Мань эр “Итгэл” киног найруулж байсан. Бас “Би ээж болмоор байна” кинонд нээх үлгэр жишээ залуугийн дүр бүтээснийг саяхан тв-гээр үзсэн юм байна. Тэр ер нь нээх “ядаргаатай” үлгэр жишээ хүн юм. 

Киноны багийнхан ер нь бүхэлдээ “ядаргаатай” үлгэр жишээ хүмүүс байна аа. “Тэнгэрийн хунтайж” М.Цэнгүүн, бүжигчин Төөгөө хоёр гол дүрүүдийг бүтээснийг ирэхээсээ өмнө мэдчихсэн. Цаад хоёр чинь бас л сор нь болж яваа залуус шүү дээ. Кинонд заавал мэргэжлийн жүжигчин тоглох ёстой, жүжиглэх ер нь бол хэн дуртай нь хобби маягаар хийдэг зүйл биш гэх шүүмжийг энэ удаад түр хойш нь тавина. Яагаад гэвэл энэ бүхэлдээ бүжигтэй кино. Мэргэжлийн бүжигчид бүжиглэсэн нь дээр. Яг үнэндээ би Төөгөө ч тэр Цэнгүүнийг ч тэр бас бусад залуусын бүжиглэж байгааг ойроос харж байгаагүй. Арай ч шөнийн клубээс хасагдах насандаа хүрчихээгүй байна. Гэхдээ миний “спорт” биш юм чинь. Тийм учраас нэлээн гайхсан царайтай хүн тэнд сууж байлаа. 

Товч агуулга 

Нэгэн бүжигчин залуу Америкт алдартай студид цэвэрлэгчээр ажилд орно. Орохдоо зүгээр ч нэг орчихгүй гуйж түүсээр орж байгаа юм. Бодлоо, монголдоо томроод л байдаг мөртлөө гадаадад юу хамаагүй хийдэг залуус байдаг шүү гэж. Гэхдээ Эрхэс /Төөгөө/ бүжиглэх үнэхээр дуртай болохоор зориуд тэнд орсон. Санамсаргүй юмыг нь эвдчихэв. Гэхдээ түүний бүжиглэсэн бичлэг тэнд үлджээ. Америк продюссер түүнийг онилсныг ч мэдэлгүй мань эр эх орон руугаа зугтав. Та ч байсан энэ замыг сонгоно. Манай монголд алдаа гаргасан хүнийг тэвчдэггүй. Уучилж боломж олгоно гэх ойлголт байдаггүй учраас залуус нь зүрх муутай нэг тийм үргэлж загнуулж байдаг жаахан хүүхэд шиг характертай болсон байдаг. Тэр сэтгэхүй илэрч байна. 

Монголдоо бол гадаадаас ирсэн Эрхэс од. Угаасаа манайхан гадаадаас ирсэн хэн нэгэнд хачин саймширдаг. Ичмээр ч юм шиг. Түүний мөнхийн өрсөлдөгч Цэнгүүн. Манай хүн нөгөө шонтой бүжгээ хийсээр, бүр хамтлагтай ч болж. Монголын шоу ертөнцийг атгаж байтал гай газар доороос Эрхэс Америкаас ирдэг юм байна. Зөрчил эндээс эхэлнэ. 

Эрхэсийн найз түүний алдартай студийн захиралтай авахуулсан зургаар постер хэвлэж шалгарсан хамтлагийг Америк авч явна гэсэн зар түгээнэ. Мэдээж том холион бантан. Гэхдээ амьдрал дээр ийм юм болвол бүгд хошуурах юм билээ. Бүжиг оролддог хэн бүхний хувьд Америк мөрөөдлийн орон. 

Эцэстээ асуудлын ээдрээ хэрхэн тайлагдсан бол гэж та зовниж эхлэв үү? Тэгж л таарна. Асуултыг киноноос үзэх тул ингэсгээд орхилоо. 

Бүхнээс дээгүүр байхыг хүсвэл хөдөлмөрлө!

Маш их хөдөлмөрч бусдын хийснийг хуулбарладаггүй, шинийг эрэлхийлэгч залуусын тухай өгүүлэмж бүхий кино болжээ. Яриа хөөрөө тун багатай, ихэвчлэн бүжиглэнэ, үйл явдал өрнүүн. Угаас их цэцэн цэлмэг ярьснаар кино сайн болно гэсэн теором байхгүй. Энд ямар нэг “матрын нулимас” ч илүүц. Монголд бүжгийн урлагт сэтгэл зүрхээ өгсөн маш олон чадварлаг залуус байдаг юм байна. Кино бүхэлдээ тэдний сэтгэл зүрх, эрч хүчээр амилж байна. 

Энэ залуусыг ингэж дуртай зүйлээ хийсээр бүр кинонд тоглох хэмжээнд очтол нь урамшуулж дэмжсэн эцэг эхэд нь талархал илэрхийлье. Авьяас гэдэг үнэхээр бурханы бэлэг. Тэр тусмаа бүжгийн хэлээр ярина гэдэг хэн дуртай нь хийчих зүйл биш. Зохиолч С.Ангараг, киноны багийнхан үнэхээр нүдээ олсон шийдэл хийжээ. Яг л ингэж өсвөр үеийнхнийг, залуусыг мөрөөдөлдөө тэмүүлэх даль жигүүрийг ургуулж өгөх ёстой юм. 

Гэнэн цайлган, дэврүүн, ёстой л залуу байхад өөрийгөө бүхнээс дээгүүр гэдэгт бат итгэдэг гэдгийг харуулсан кино юм. Нээрээ ч хүн өөрөө бүхнээс дээгүүрт өөрийгөө тавьж хичээвэл болохгүй юм байхгүй. 

Киноноос авах хамгийн чухал сургамж бол хэн урд зогсох нь тийм ч чухал биш. Харин багаараа жигд хичээж, хамтдаа хөгжвөл бүгд сайхан харагдана. Бүжгийн хувьд тийм байгаа бол амьдрал дээр бодоод үзэхэд багийн бүх гишүүдийг хэнийг нь ч урд гаргасан ажлаа төгс хийж чадаж байвал тэд гарцаагүй тухайн салбартаа манлайлна. 

Бид бүгд дарга болохыг хүсдэг. Гэхдээ дарга болохоос өмнөх олон шат дамжлаг дээр төгс байхыг хүсдэггүй. Дарга болохоороо гэнэт хичээчих юм шиг эндүүрч болохгүй аж. Бүгд хичээе. Тэгээд бүхнээс дээгүүр хүмүүс болцгооё. Гэхдээ урд зогссоноор биш үйлсээрээ танигд ... 

Нээх сайхан эрч хүч мэдрэгдээд байх чинь. Баярлалаа “Бүхнээс дээгүүр”! 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин