Өчигдөр намрын сайхан нарлаг өдрийн орой адтай 3 бүсгүйн адал явдлыг хуваалцахаар “Corporate”-ийг зорилоо. Зам битүү түгжирсээр, 1000 гаруй үзэгчийг нэг орой нэг дор цуглуулж байгаа гэдэг утгаараа замын ачааллыг өнөөх сингл бүсгүйчүүд нэмээд хаячихав уу даа. Ороход кино шууд эхэлчихсэн байв. Юун селфи “мелфи” байхгүй. Үзэгчид тэгнэ гэж ёстой бодоогүй учраас хоцрох, киноны дундуур орж ирэх гэхчлэн барьц алдаж байгаа юм “мал” даа. Нэг бодлын хүлээлгэж залхаахгүй амар ч юм уу. За ингээд дэлгэцнээ энэ намрын стрессийг тайлах “Single Ladies 3” эхэллээ.
Сингапур биш Баян-Өлгий явчих уу?
Сониноос Ари /Г.Ундармаа/ нээлтэн дээрээ яг тэр трейллэр дээр гарч байгаа шиг үсэндээ бантиктай ирсэн. Энэ бүсгүйн сэтгэлгээ улам л залуужаад байна уу даа. Нээх нүсэр овоолсон үс, хүнд будалт, хамаг байдаг үнэтэй цайтайгаа нэг дор “шахаж” өмсчихөөд ирдэг хэв маягийг эвдэж байна. Бүгдээрээ зүгээр л энгийн сайхан байж хөгжилдье л дөө гэж байгаа юм шиг. Харахаар л доргиод байгаа юм чинь.
Манай Ариг та нар мундаг ажил хэрэгч эмэгтэй гэдгийг мэднэ. Тэр найз залуутайгаа бас л түнжин хагарснаасаа болоод шинэ адал явдлын эрэлд гарч байгаа юм. Гэхдээ Сингапур луу биш Баян-Өлгий рүү. Мэдээж цоглог хоёр найзтайгаа. Залуу жүжигчин А.Туяа нээлтэн дээр чухам халуухнаа барьж дийлэхгүй нүд хужирлаж зогссон. Харин О.Дөлгөөн гадаадад сурахаар явсан тул байгаагүй.
Манай гурав хөдөө нутгийг зорилоо. Яг ингээд найз охидоороо аялдаг бол сайхнаа? Атаархам, хорхой хүргэм зураглал. Гэхдээ тэд бүр “тас” хотын хүмүүс шүү дээ. Юу яасан ийсэн Баян-Өлгий? Яг очдог л байгаа даа гэх сэтгэгдэл үзэгчдэд байлаа. Тийм ээ тийм, очсонгүй. Өвөрхангайн нэг суманд ирчихэв. Яг эндээс жинхэнэ адал явдал эхэлж байна даа.
Юмжир ба Хадаан
Жигтэйхэн дуулж хуурддаг хөдөө нутгийн аниатай манай Ари үзэлцээд авав. Дуугаар battle хийсэн. Ари ер нь дуулвал дуулчихдаг уувал уучихдаг яривал ярьчихдаг ямар ч комплексгүй нөхөр. Улаанбаатарын хүмүүс айхтар айхтар л гэдэг. Цаад хөдөөд чинь бүр айхтар хүмүүс байна. Дэлхийн эдийн засаг, валютын ханшийн уналт өсөлт, за тэгээд англи хэлэнд тасархай ээж охин хоёр байна аа байна. Гэр нь хотын Зайсангийн хауснаас бараг тансаг шахуу, хөгжим дарж дуулаад л алтан аягаар ууж идээд л ... Ёстой “wow” л даа. Юмжир гэдэг адтай аатай жаатай эгчийн дүр олны анхаарлыг ихэд татах нь дамжиггүй.
Г.Ундармаагийн кинонд нэг онцгой зүйл байдгийг та нар анзаарсан байх. “ТюТю”-д ОХУ-ын Театр урлагийн сургуульд суралцаж байгаа охиныг, “Амьдарлоги”-т БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа охиныг, “Single Ladies 3”-т АНУ-д жүжигчний мэргэжил эзэмшээд ирсэн охиныг тоглуулжээ. Тэр бол Хадаан. Жинхэнэ нэр нь Сансармаа. Кинон дээр ишилдэгчлэн эмэгтэй хүний 21 шинж бүрдсэн бүсгүйн дүр. Өөрөө ч амьдрал дээр аятайхан охин байна билээ.
Урлагт зүтгэсэн он жилүүд Г.Ундармаад адилхан эмэгтэй хүнээ хайрлах, шинээр гарч ирж байгаа залуу охидын анхны дебютыг хийх захиас даалгаварыг өгсөн гэмээр. Түүний үг үйлдэл уран бүтээл бүрээс үнэртдэг “үнэр” билээ. Дотоод зөрчил асуудлын гол зангилааг та бүхэн дэлгэцнээс үзэх тул би товчиллоо.
Хүнд чинь хүсээд ч биелдэггүй юм гэж бас байдаг юм ...
Эмэгтэй хүн тэгээд цагаа тулахаар хөгийн өчүүхэн амьтан. Хот газрын дэгжин шаавай бүсгүй хөдөө нутгийн залууд хамаг сэтгэлээ тавиад туучихна. Тэр зүгээр л байгаагаараа гоё залуу ... Алтангэрэл одоо од болсоон. Нутгийн хүндтэй буурайн ганц хүү тэрбээр гарын уртай төлөв томоотой за ер нь л жинхэнэ монгол эр хүн.
Гэснээс, би та нарт нэг хөгжилтэй юм ярьж өгөх үү? Нэг найз охиныхоо болзоонд хальт "шавар хаав". Шавар хаах гэдэг нь дагаж очих гэсэн утга хи хи. Утсаар яриад л байгаа газрыг нь заалгаад очлоо. Үүдэн дээр нь нэг Алтангэрэл шиг биетэй залуу зогсож байна. “Өөрөө хамгаалагч нь уу? Энэ нөгөө .... газар мөн үү?” гэлээ. Найз маань инээгээд бүр элэг нь хөшчихдөг юм байна. Тэгсэн чинь нөгөө уулзах залуу нь гадаа зогсож байсан юм байна л даа. Би яаж мэдэх вэ дээ. Урд нь харж байсан биш. Тэгээд дараа нь тайлбарлалаа. “Чамархуу биетэй залуучууд гадаа зогсож байвал хамгаалагч л гэж бодно шүү дээ. Ер нь монгол эрчүүд эмэгтэй хүнээ хүндлээд гадаа хүлээж зогсдог нь хэд билээ. Ихэвчлэн дотор хүлээж суудаг биз дээ?” гэсэн чинь бас хөөрхөн нүд нь сэргэчихсэн.
Өчигдрийн кинон дээр яг л тал шигээ уужим сэтгэлтэй, хотын залуусаас тэр бүр харагдаад байдаггүй дүр төрх, ааш аяг бүхий залуус гарч байв. Манай сингл охид яг л ийм залуусын эрэлд яваа л даа. Ари “Хүнд чинь бас хүсээд ч биелдэггүй юм гэж байдаг”. Энэ өгүүлбэр киноны бүх зангилаа. Хүн болгон хүсдэг. Гагцхүү үнэн сэтгэлээсээ юу, сайн зүйлийн төлөө юу, эсвэл онцгүй зүйлийн төлөө юу гэдгээс л хүсэл биелэх эсэх нь хамаарч байх шиг байна.
Ариг хүнтэй суулгах компанит ажил өрнүүлье!
Эцэст нь Ари маань ганц бие хэвээр үлдлээ. Ари бол мянга мянган ажил хэрэгч адтай сэргэлэн бүсгүйчүүдийн төлөөлөл. Уг нь түүнд “сарлаг” Даваа гэдэг залуу ханд хаяад л байсан. Кинонд бидний танил хүмүүс олноор дүр бүтээж. Топ Э.Сэлэнгэ, дуучин П.Баярцэнгэл, “Мөрөөдлийн театр”-ын Шагай гэхчлэн. Жүжигчин Г.Ундармаа 6 жилийн хугацаанд 3 киног үзэгчдэд хүргэлээ. Харин яг өнөөдрөөс “Single Ladies 4”-ийг хүлээж байна. Яагаад гэж үү? Хөгжилтэй эгдүүтэй шударга шулуун Аригаа хэдүүлээ хуримаа хэрхэн хийхийг харъя л даа. Эцэстээ тэр ямар залуутай учрахыг харах гээд сингл яваа бүсгүйчүүд олон байгаа юм биш үү? Ингэхэд “Single Ladies 3” гарчихаад байхад ганц бие хэвээрээ байгаа хүмүүсийг яая даа байз тэ?
Кино олон анги болж сунжрах тусмаа миардаг гэх ойлголт явж байна билээ. Гуравдугаар анги өмнөх хоёроосоо хол тасархай болсон шүү. Миний монгол үнэхээр сайхан орон юмаа. Манай гурав Баян-Өлгийдөө төөрч будилсаар очиж ажлаа амжуулсан. Тэр үндэстэн зүгээр байгаа нь л ямар сайхан юм бэ? Нүд булаам сайхан өнгөлөг зураглал. Үндэстэн ястнаараа бахархах сэтгэл элэг зүрхэнд асав. Бид чинь ийм л нүнжигтэй нүүдэлчин монголчууд шүү дээ. Хөдөөнийхөн хотын биднээс илүү хөгжиж хамаагүй дээр амьдарч эхэлсэн гэдгийг кино уран бүтээлчид харуулахыг зорьжээ.
Кино дууссаны дараа Г.Ундармаа кинондоо зориулж барьсан сайхан гэрээ өрх толгойлсон 5 хүүхэдтэй ээжид бэлэглэсэн. Өөрөө ч нулимс цийлэгнүүлж авч байгаа хүн нь ч доголон нулимстай үзэгч бид ч мэлмэрүүлэх шахав. Энэ нийгмийг чадалтай чадалгүй аль ч төрлийн эмэгтэй хүнд дэндүү дургүй нийгэм гэж оношлох болсон. Энэ 7 хоногоор бодоход л бид ямар их стресстэй эхэлсэн билээ.Яг л ингэж эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ойлгож хайрлаж дэмждэг нийгэм байгаасай.
“Single Ladies 3” энэ намрын стрессийг тайлах нийгэмд өнгө будаг нэмэх жавхаалаг сайхан бүтээл болжээ. Жавхаалаг гэдгээс өөр үг, тодорхойлолт санаад орохгүй байна.
Намар шүү дээ, манайхаан. Болз, дурла, хайрла ... Нээх сайхан гэгэлзэцгээе.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (5)