Мэргэжилтнүүд ярьж байна: Хүчингийн хэргийн хохирогчид асуудлаа бусдад бараг хэлдэггүй
2017/10/17

Таван настай бяцхан охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн  харгис хэрцгийг хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Хуулийнхан болон ГССҮТ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд шалгаж эхэллээ.  Охины нагац эгчийнх нь хэлснээр  хойд эцэг орцны жижүүр хийдэг аж. Эхэндээ эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй бөгөөд бяцхан охин яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байна. Харин маргааш өглөө нь гэр лүүгээ дагуулж явах замдаа охин бие засахад гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч ирж, шүүх эмнэлэгт дүгнэлт гаргуулахаар хандсан байна. Мөн охины ээж өнгөрсөн долоон сард самар түүхээр гараад сураггүй болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Хүчирхийллийн талаар мэргэжилтнүүд ийнхүү ярьжээ...

1. Equality now байгууллагын тэргүүн Таина Биен-Айм “Том зургаар харвал эмэгтэйчүүд өөрийгөө аюулгүй байдалд байгаа гэж бүрэн төгс бодох нэг ч улс алга” гэжээ. 

2. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь хувийн болон ноцтой шалтгаанаар бусдад бараг хэлдэггүй. Гэмт хэрэгтэн ихэвчлэн хохирогчийн ойр дотны хүн байхын дээр эдийн засгийн болоод ёс суртахууны хувьд эрх мэдэлтэй нэгэн байдаг тул дарагдаад өнгөрдөг. 

3. Ураг төрлийн хүчингийн хохирогчдын ихэнх нь ийм байдалтай яваад олон жил болчихсон байдаг. Ойр дотных нь хүн учраас өрөвдөж хайрладаг ч юмуу мөнгө төгрөгийн асуудалд орж магадгүй гэх мэтээр хаацайлж явсаар удчихдаг. Хамгийн гол нь эдгээр хүмүүс цагдаагийн байгууллага болоод ХЭҮТ-д өөрсдөө хандаж байсан нь бараг л үгүй. Хүчирхийлж байсан этгээд нь өөр хэн нэгнийг хүчирхийлснээс олон жил дарагдаж байсан хэрэг нийтэд ил болох нь олонтаа.

4. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүд хэнд хандаж юу гэж хэлэхээ мэддэггүй. Магадгүй сургууль цэцэрлэгтээ явахгүй, үг дуу цөөтэй болох байдал гэнэт илрэх юм бол тэр хүүхэд цаагуураа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй. 

5. Хүчингийн гэмт хэргийн золиос болсон хүмүүст өнөөдөр сэтгэлзүйн туслалцааг зөв хүргэж чадахгүй байна. Энэ байдлаас болж хүчингийн хэргийн хохирогч болсон хүн нийгэмшиж чадахгүй нийгмээс холддог. Цаашлаад энэ байдалтайгаа дасан зохицож биеэ үнэлэгч болох тохиолдол ч байдаг. Нөгөөтэйгүүр эр хүнийг харж чадахаа байж,  айж эмээн, энэ байдлаасаа болж амиа хорлож  байсан тохиолдол ч нэг бус удаа гарч байжээ. 

6. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүд ихэвчлэн сургуулийн орчинд гаж сэдлээр үйлдсэн байдаг.

7. Шоронгоос суллагдсан хүмүүс хүчингийн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг.  Энэ нь нийгэмшиж чадахгүй байх, шоронгийн зан үйлд суралцсан байдагтай холбоотой.

8. Болзооны хүчингийн хохирогч нь ихэвчлэн залуу охид байдаг бөгөөд хүчирхийлэгч нь хохирогчтой болзогч байх ба уулзаж, болзож байх үед энэ гэмт хэрэг үйлдэгддэг. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг хүчирхийлэгчийн эсвэл хохирогчийн орон гэр, орц, зугаа цэнгээний газар, эсвэл унаа машинд голчлон үйлдэгддэг байна. 

Шинэ төрлийн хүчингийн гэмт хэргүүдэд эрх зүйн орчин байхгүй учир хэрэгтэн ял шийтгэл хүлээдэггүй

9. 1911 оны хувьсгалын үеэр эрдэмтэн Майский Монголд хэдэн түшмэлтэй уулзах үеэрээ эрх зүйн хувьд хүчиндэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэгийг тэднээс асуужээ. Энэ асуултанд ноёдууд хариулж чадаагүй гэдэг. Учир нь тухайн үед энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэгэн ял шийтгэл оногдуулдаггүй байв.

10. Одоо хүчингийн гэмт хэргийн хохирогч долоон шат дамжлагыг давж гэмээ нь сая хэрэгтэнд зохих ялыг нь үүрүүлдэг.

11. Түүнчлэн болзооны үеийн хүчингийн гэмт хэргийг ихэнх тохиолдолд хохирогчийн биеэ авч яваа байдал нөлөөлсөн гэж үзэн, гэмт хэргийг хөнгөрүүлэх буюу хэрэгсэхгүй болгодог. Учир нь хохирогч болзоонд очсоноороо бэлгийн харьцаанд орохыг "зөвшөөрсөн" хэмээн тооцогдож, өөрөө буруутгагдах шалтгаан болдог байна.

12. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хүчингийн хэргийг 125, 126 гэсэн хоёр зүйл ангиар шийддэг. 

•    125 дугаар зүйл буюу “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн тодотголтой хэсэгт хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн, биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан тохуурхаж доромжлон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 хүртэлх жилийн хугацаатайгаар хорих тухай заасан байдаг. Түүнчлэн энэ зүйлд хэргийг хүндрүүлэн авч үзэх тухай дурьдахдаа давтан үйлдсэн хохирогчид хор уршиг учруулсан насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ хангасан бол 5-10 жилийн хүртэл, 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил, эсхүл цаазаар авах ялаар шийтгэнэ гэжээ.

•    126 дугаар зүйл буюу “Хүчиндэх” зүйл ангиар насанд хүрээгүй хүн, албан тушаал, албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндсэн бол 5-10 жил хүртэл, 14-өөс доош насны хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил эсхүл цаазаар авах ялаар шийтгэдэг аж.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин