Өвлийн олимп үзэх боломжийг Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци олгоно

Пёнчан-2018” өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд БНСУ-д болно. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр буюу хагассайны өдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал, жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон “Нью жуулчин турс” компани “Пёнчан-2018” олимпод зориулсан аяллын бүтээгдэхүүний танилцуулга хийлээ.

'Пёнчан-2018'  өвлийн олимпийн аяллын бүтээгдэхүүнээр монгол жуулчдыг Өмнөд Солонгос улсад аяллуулах ажлыг дэмжихийн тулд 'Нью жуулчин турс' ХХК болон Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан ба  санамж бичиг нь Пёнчаны өвлийн олимпийн наадмыг үзэх зорилгоор БНСУ-д зорчих монгол жуулчдын визний мэдүүлэг хүлээн авах болон аялалын бүтээгдэхүүн борлуулах, жуулчдыг татах ажлыг дэмжин ажиллахад чиглэгджээ. 

Арга хэмжээнд БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Пак, Жон Үн, Пёнчан өвлийн олимпийн наадмын аяллын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэгч 'Нью Жуулчин Турс' компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар болон олимпод оролцох эрхийн тэмцээнд өрсөлдөж буй Б.Ачбадрах, Ц.Отгонцэцэг, С,Дүүрэнбаяр, А.Энхтуул нарын тамирчид оролцсон юм.

“Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөнө. 102 багц медаль нь Ванкувер-2010 олимпиос 16 багц, Турин-2006 олимпиос 18 багц, Сочи-2014 олимпиос 4 багц медалиар илүү байна гэсэн үг юм.

Монголын тамирчдын тухайд олимпийн эрх олгох цуврал тэмцээнд цана, тэшүүрчид оролцож байгаа. Удахгүй цаначид Финляндад болох гранприд уралдана. 2018 оны нэгдүгээр сарын 22-нд “Пёнчан-2018” олимпод  оролцох тамирчдын нэрс сүүлийн байдлаар тодорхой болно. Тэр үед ч мөн Монголын өвлийн спортын тамирчид хэдэн хүний бүрэлдэхүүнтэй олимпийг зорих нь шийдэгдэх юм. Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахална.

“Пёнчан-2018” олимпийн аяллыг Монголын талаас “Нью жуулчин турс” компани хариуцаж байгаа аж. Тэдний хувьд Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012,  Рио-2016 зуны олимп, Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014 өвлийн олимпийн наадамд Монголын үзэгчдээ зуучилж, үйлчилсэн туршлагатай юм байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025