”Чингисийн хүүхдүүд” гадаадад тэсрэлт хийнэ

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, АНУ-ын кино театруудад G буюу “Бүх насныханд” ангиллаар гаргах эрхийг авч чадсан анхны кино болжээ. Тус кино ирэх 10 дугаар сарын 10-нд албан ёсны нээлтээ Монголд хийж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Киноны найруулагчаар Б.Золбаяр, продюсер, зургийн найруулагчаар Америкийн кино продюсеруудын холбооны гишүүн Д.Ангараг нар ажиллажээ.        

Нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр бүтсэн тус киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM компани 4 сарын турш хийж хамтран ажилласан байна. Мөн 10 дугаар сарын 5-нд “Чингисийн хүүхдүүд” кинонд зориулж бүтээсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын уран бүтээлээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтыг Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга толилуулах гэж байгаа юм.

Киноны продюсер, зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг нь АНУ-ын Кино зураглаачдын холбоо, АНУ-ын Продюсеруудын холбоо, Австралийн Кино зураглаачдын холбоонд тус тус харьяалагдан ажилладаг аж. Мөн Монголын кино урлагыг Оскарт өрсөлдөх үүд хаалгыг нээж, өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас кино санал болгох Салбар хорооныi гишүүн болсон байна. Тэрбээр “Монгол Улсын нүүр царай болон гарч ирсэн анхны кино болж байна. Олон улс дахь Соёлын өдрүүд, Кино өдрүүдэд, Кино наадамд ч явуулсан “Чингисийн хүүхдүүд” өндөр чанартайгаар Монголыг сурталчилж чадахаар байгаа” хэмээн ярьжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025