
Сошиал ертөнц өөр өөрийн баатруудыг алхам тутамд төрүүлж буй. Д.Болортуяа фэйсбүүкчид тэр дундаа бүсгүйчүүдийг бичсэн зүйлсээрээ соронз мэт татаж яваа бүсгүй. Саяхнаас худалдаанд өндөр борлуулалттай ном амтархан уншигчдыг байлдан дагуулж буй “Том дэвтэр” номыг энэ бүсгүй орчуулсан. Гэхдээ байнга ном орчуулж суудаг хүн биш шүү, энэ анхны бүтээл нь. Бас орчуулья ч гэж зорьж орчуулаагүй. Ер нь санамсаргүй гэнэтийн зүйлс бидний амьдралыг гайхалтайгаар өөрчилж байдаг шүү дээ. Эдийн засагч мэргэжилтэй, эх орондоо аялал жуулчлалын салбарт, олон улсын байгууллагад орчуулагч хийж байсан бүсгүй Швейцарьт сурсантайгаа нийлээд 13 жил амьдарсан юм билээ. Бидний ярилцлага онлайнаар хийгдсэн. Нэг тийм шал өөр цонхоор, эсвэл нүдний шилээ сольж зүүгээд юмсыг тов тод гэгч нь харж байгаа мэт мэдрэмж энэ бүсгүйтэй ярилцахад төрсөн. Дэлхийн банк, ОУВС гэх эдийн засгийн салбарынханы шандасыг сорьдог том байгууллагад ажиллаж явсан бүсгүй өөр авьяасаа нээж 36 насанд гэнэт оргилсон бичих хүсэлдээ хөтлөгдөн олон ч зүйлийг фэйсбүүктээ хуваалцжээ. Энэ бол Доржийн Болортуяа. Түүний байгаа нь л энэ.

-Таны анхны орчуулгын ном гарсан даруйдаа бестселлэр боллоо. Уншигчдад хүлээлт өндөр байна. Дараагийн орчуулгын ажил төлөвлөгдсөн үү?
-Харин хамгийн сайн борлуулалттай номын жагсаалтанд ордог нь надад ёстой гэнэтийн бэлэг боллоо. Үүнд би мэдээж баяртай байлгүй яахав. Миний сайнаас илүү фэйсбүүкийн хүч нөлөө их байлаа. Сүүлийн 2-3 жил фэйсбүүкээр “занимаалдаж” элдвийг бичиж тодорхой хүрээнд танигдсаны минь хүч байх. Миний ФБ найзууд, уншигч дагагч нар маань ном худалдан авлаа. Зохиол маань угаасаа сайн зохиол, Монголд байхгүй, огт дэлгэрч танигдаагүй өөр стиль жанраар бичигдсэн, агуулга санаа айхтар зохиол болохоор уншигчдад таалагдаад өөрөө цаашаа явчих шиг боллоо. Цаашдаа ном орчуулах тухайд одоогийн байдлаар айхтар төлөвлөчихсөн юм алга. Гэхдээ саяын орчуулсан бүтээл маань гурамсан роман. Тиймээс хүмүүсээс үргэжлэлийг нь орчуулах хүсэлт их ирж байна. Үнэхээр их хүлээлт байгаад эхний дэвтрийнх нь борлуулалт сайн байвал дараагийн хоёрыг нь орчуулж яагаад болохгүй гэж. Би угаасаа байнга ямар нэг юм орчуулж байх сайн гэж боддог. Монголынхоо ээжүүдэд орчуулаад хүргэчих юмсан гэсэн нэг сайхан ном бий. Тэрнийг орчуулах талаар хөөцөлдөж эхэлнэ гэж бодоод л явна. Зөвшөөрөл энэ тэрийг нь эхлээд хөөцөлдөнө, тэгж байж л яг орчуулах эсэхээ шийднэ дээ.
-Та нэлээн уншдаг байх. Хамгийн сүүлд ямар ном уншив? Ер нь тан шиг сошиал орчинд олон дагагчтай, байр суурьтай байхын хажуугаар ном уншиж зав гаргана гэдэг хэцүү санагдах юм?
-Би уул нь нэлээн уншдаг байсан. Гэхдээ гэр бүлтэй болсноос хойш, ФБ-ээ идэвхжүүлэх болсноос хойш яалт ч үгүй бага уншиж байна. Сонирхсон таалагдсанаа бол шурдхийтэл уншчихнаа. Хамгийн сүүлд нөгөө Энэтхэгийн зохиолч Аравинд Адигагийн “Цагаан бар” гээд утга зохиолын Пулитцер шагналыг авсан роман, бас Элизабэт Гилбертийн “Big Magic”-ийг уншиж дуусгасан. Тэрнээс хойш баахан ном зэрэг эхлүүлсэн ч алийг нь ч дуусгаагүй л явна. Паолэ Коэлогийн “Завхайрагч” гээд үйл явдал нь манай Женевт өрнөдөг нэг сэтгэл гутралд орсон баян хүүхний тухай романыг францаар, Милан Кундерагийн “Life is Ellsewhere” гэдэг романыг англиар эхлүүлчихээд явж байна. Бас болоогүй ээ хажуугаар нь “Өлсөхүйн гайхамшиг” гээд Пол Брэгийн номыг монгол орчуулгаар нь саяхан нэг найзаасаа аваад хачин идэвхитэй уншиж байгаа. Тэр л нөгөө хоёроосоо түрүүлж дуусах юм шиг байна. Энд Монгол ном байхгүй болохоор монголоор бол нэг их уншиж чадахгүй юм даа.
Ном уншихад цаг гаргах үнэхээр хэцүү. ФБ-тээ өдөртөө ганц пост ч гэсэн оруулчих юмсан гэж зорино, нэг орвол уягдчих гээд. Гэр орноо эмхлэнэ, хоол унд хүүхэддээ цаг гаргана, бичиж байгаа юмаа ахиулах юмсан гэж зорих, эрүүл мэндээ бодож өөртөө цаг гаргах агаарт алхах хэрэгтэй байдаг. Энэ бүхнийг зэрэг амжуулах амаргүй. Нэгэнд нь жаахан анхаарал хандуулахаар нөгөө нь орхигдчих гээд байдаг. Энэ бүхнийг зэрэг жигд авч явж л сурах ёстой юм шиг, Тэр бол том шалгуур. Тиймээс ном уншаад суух зав олоход хэцүү учраас би аудио буюу сонсдог ном интернэтээс худалдаж аваад юм уу youtube-с зохиол их сонсдог. Юм индүүдэхдээ тэдгээр романаа сонсоно. Муракамигийн хэд хэдэн романыг тэгж сонсож дуусгасан, Памукын “A strangeness in my mind” гэдэг романыг сонсоод одоо л талд нь орж байна. Бүрэн эхээрээ романыг дөч гаруй цаг сонсож байж дуусгана ш дээ. Гэтэл би 7 хоногт 1-2 хон удаа 1-2 цаг л юм индүүднэ, тэгээд индүүдэх болгондоо бас зохиол сонсмооргүй зүгээр л дуу сонсмоор эсвэл чимээгүй юм индүүдмээр үе ч байна. Тэгэхээр дуустал өдий байгаа биз? /инээв/.
-Та надад маш гоё эмэгтэй санагддаг. Хэдий уулзаагүй, саяхнаас таны дагагч болсон ч гэсэн. Тэр франц хүүхнүүдийн донж маяг, стилийн тухай тэмдэглэл, сэтгэгдэл, тэр гоё мэдээлэл мэдлэг мэдрэмж нэг дор багтсан аяллын тэмдэглэлүүд, Эдит Пиафийн тухай гээд л. Бас танд байдаг гоё мэдрэмж хүн бүрт заяахгүй. Таны бичих өнгө аяс чинь гоё. Танд мэдээж Европ ихээр нөлөөлсөн байх?
- Баярлалаа. Би Европт 13 жил амьдарч байна. Дан Швейцарьт. Эхлээд 4 жил Герман хэлт кантонд амьдарсан. Сүүлийн 9 жил Франц хэлт кантон Женевт амьдарч байна. Би өмнө нь Монголдоо 11 жил ажилласан, гэхдээ дан гадаадынхны дунд. Мэдээж тэр миний төлөвшил ертөнцийг харах үзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Тэрнээс би чинь тийм элит мэлит айлын хотын хүүхэд биш, гэхдээ бас хөдөөнийх ч биш. Жирийн тавлаг амьдралтай айлд дутагдах гачигдах юмгүй өсч торнисон. Өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс маань миний боловсролд маш их анхаарч боловсролыг их чухалчилдаг байсан. Тийм ч учраас сайн сургуультай төв газар бараадана гэж зөвхөн миний төлөө Хэнтийн Цэнхэрмандал сумаас намайг 5-р анги төгсгөөд л Багануурт нүүж ирж байсан. Би мал хуйтай хөдөө өсөөгүй, бас хотод өсөөгүй. Уул уурхай дагасан жижиг суурин газар өссөн. Хожим оюутан болж хотод ирээд бараг 15 жил Улаанбаатарт, дараа нь 10 гаруй жил Швейцарьт амьдарлаа. Энэ бүхэн бодвол намайг метаморфозид орох юм уу, эсвэл дотор нуугдаж байсан жинхэнэ мөн чанарыг нээж өгсөн байж ч болох. Би хүмүүсийг хөдөө хот, гадаад дотоод, баян ядуу гэж ялгадаггүй. Янз бүрийн хүмүүстэй нөхөрлөн ойртдог ч яг чин сэтгэлийн дотно, олон жилийн үерхлээр шалгарч үлдсэн найз бол ганц хоёрхон хүн л бий. Тэд миний найдвартай ар тал. Бие биенээ хөглөж, дэмжиж тусалж явдаг, тэдэндээ хайртай.

-Таны хоббинууд?
-Бичих миний гол хобби. Өмнө нь би бичих дуртай гэж мэдээ ч үгүй, сонирхдог ч үгүй байсан, гэтэл гэнэтхэн 36-тай хүүхэд гаргаад л учиргүй их юм бичмээр болсон. Тэгээд юу бичихээ сайн мэддэггүй, тэгээд л өөрийн бодол, өөрт төрсөн мэдрэмжээ, ажигласан, харсан, үзсэнээ бичиж эхэлсэн. Түүнийгээ бичиж фэйсбүүкт тавиад л. Бичнэ гэж энүүгээр тэнүүгээр гүйгээд л. Бүр Америкийн нэг интернетийн эссэ бичих онлайн курст хүртэл мөнгө төлж суусан. Эхлээд ойр тойрны хүмүүс маань ойлгохгүй, дэмжихгүй, их инээдтэй. Гэхдээ хүнд гэнэтхэн тийм нэг цаламгүй хүсэл орж ирвэл хүн юу гэх нь хамаагүй хүслээ дагах л хэрэгтэй юм билээ. Хүн дэмжээгүй байсан ч хамаагүй, бусдыг дэмжсэнгүй барьсангүй гэж зоригоо мохоон шантрах хэрэггүй.
Бичихээс гадна би хувь хүний хөгжил, загвар стиль имижийн тухай, ер нь урлаг тэр дундаа хөгжим уран зураг сонирхдог. Сонирхохдоо нэг их зориод судлаад сүйд болохгүй ч сонсоод үзэхдээ төрсөн мэдрэмж сэтгэгдлээ их сонсдог, анализддаг. Энэ аяыг сонсохоор надад ямар сэтгэгдэл төрж байна, нүдэнд ямар өгүүлэмж үзэгдэж байна гэх мэтээр мэдрэхийг хичээдэг. Ер нь хөгжим бол хамгийн агуу, их дуртай. Гэхдээ трэнд хөөж элдэв чаарт март талаас нь сонирхдоггүй, бас мэдэхгүй.
Өөр нэг хобби бол байгальд ганцаараа явах. Би байгалийн дунд гав ганцаараа байхаараа өөрийгөө их мэдэрдэг, сонсдог, их тайвшрал сэтгэлийн амар амгаланг олж авдаг. Тэр байгаль нь ямар “пэйсажтай” байсан хамаагүй. Цэцэгт тал, говь цөл, ой мод, уул, гол нуур далайн эрэг гээд хамаагүй, бүгд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, их гоё өөр өөрөөр хөглөдөг. Гэхдээ говийг харахаараа л бараг транс байдалд ордог, говь их шидтэй, миний хувьд.
Тэр франц хүүхний тухай поостыг би Парис хүүтэйгээ явж ирсэн оройноо л “за нэг поост бичиж тавья даа” гээд л суугаад өөрт төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ байгаагаар нь бичээд тавьсан, тэгтэл хүмүүст маш их таалагдаж хүмүүс шажигнатал шэйрлэсэн. Бүр одоо жил хагасын дараа хүртэл тэр поостыг хүмүүс шэйрлэсээр, бүсгүйчүүд надтай таарах болгондоо ярьсаар. Тиймэрхүү юмыг юм уу, аялалын тэмдэглэлийг би бичихдээ нүдэндээ төсөөлөн харж байгаад л бичдэг. Ер нь аялж байх тэр үедээ сэтгэлийн хөдөлгөөн эмоцид хөтлүүлж бичсэн, зүрх сэтгэлээс эмоцитой гарсан бичлэг хүмүүст их хүрээд байх шиг санагдаг.
-Швейцарийн Женев хот таныг юугаараа татдаг вэ?
-Би Женев хотыг онцгой гоё энэ тэр гэж сонгож амьдраагүй. Би анх Швейцарьт ирээд хотуудаар нь явж аялж үзээд Цьюрихыг хамгийн их таалсан. Бас Базел гээд Герман хэлт хот их сайхан. Би ер нь Амстердам шиг өнгө алагласан тоглоом шиг хөөрхөн хөөрхөн барилга байшинтай, эсвэл их дорнын өнгө аястай Будапешт Залцбургэрхүү тийм хотод илүү дуртай. Женев арай бүүдгэр, арай саарал талдаа. Цаг агаарын хувьд ч тэр, саарал өдөр ихтэй. Мөн барилга архитектурын хувьд ч тэр их саарал, консерватив талдаа. Протестант болохоороо тэр биз. Би болохоор Герман юм уу Герман хэлт хотуудын өнгө алагласан байшин барилга, хотын төвийн Marktplatz гэдэг дээ зах гардаг талбайн уур амьсгалд бас их дуртай. Гэхдээ би Женевт ирж суурин амьдраад 10 шахам жил болчихлоо. Сүүлдээ дасаад дуртай болж байнаа. Гэр орон минь, амьдрал минь байгаа болохоор сүүлдээ нэг л дотно, нэг л сайхан санагддаг болж ирж байна.
-Швейцарь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улс. Энэ улсын амжилтын гол түлхүүр юу байна вэ? Европчууд чинь бас Швейцарийгаа угсаа гарал муутай гэдэг юм билээ. Хэдэн малчид энэ тэр гээд. Гэтэл одоо цөөхөн хүн амтай, тэгээд тасархай баян болчихсон. Энэ улсын үүх түүхээс сонирхолтой зүйлс хөндвөл?
-Швейцарь чинь federal системтэй, төрийн эрх мэдлийг ихээхэн хуваасан төвлөрсөн биш системтэй орон. Бас grass-root-democracy ардчилал нь дороосоо дээш чиглэсэн. Нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргах процесс нь дээрээс биш доороосоо эхтэй. Жишээ нь, хотын энэ дүүрэг рүү трамбайны шинэ шугам тавих уу, үгүй юу гэдгийг хотын нийтийн тээврийн газар ч юм уу, хотын захиргаа шийдэхгүй, хотын бүх оршин суугчдын санал хураалтаар олонхийн саналаар шийднэ. Лхагва гаригт сургуулийн хүүхдүүд хичээлгүй амардаг байсан чинь саяхан бас л бүх нийтийн санал аваад л олонхийн саналаар хичээлтэй байлгахаар шийдсэн. Гэх мэтчилэн нийтийн эрх ашгийг хөндсөн, олон шийдвэрийг ард түмэн нь жинхэнэ утгаараа гаргадаг газар. Хуулиа хүндлэн сахих нь Швейцарь хүмүүсийн бас нэг нийтлэг онцлог. Хуулиа дагаж биелүүл гэж бие биенээсээ шаардана сахиагүй бол “олино”. Жишээ нь, та машинаа зогсоолоос гаргахдаа хажуугийн машинаа зурчихаад чимээгүйхэн зугтчихвал түүнийг харсан өөр нэг Швейцарь иргэн зуруулсан машины эзэнд “Таны машиныг ийм дугаартай машин зураад явчихсан шүү” гэж бичиж үлдээх жишээний. Хүмүүс нь их discreet, өөрт нь хамаагүй бол элдэв юманд оролцоод санаа бодлоо илэрхийлээд гүйгээд байхгүй, бас их найрсаг, өмнөх ажлаа их сайн хийдэг зэрэг хувь хүний болон улс орны хууль журам нь Швейцар улсыг бусдаас ялгаруулж бас амжилттай байхад нь нөлөөлдөг байх. Газар зүйн байрлалын хувьд Европын төвд далайгаас таслагдмал, өндөр уулсаар хүрээлэгдсэн зэргээсээ болоод мал аж ахуй эрхэлжг сүүн бүтээгдэхүүнээрээ алдаршсан байх. Уулан дээр угаасаа юу ургаж шалихав дээ, ккк. Ер нь улс орныхоо хувьд ч тэр элдэв клуб, фракцид гүйж очиж ороод, янз бүрийн хор найруулаад байдаггүй дундыг баримтлан, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй бүгдэнтэй нь найзархаж хэрэгтэйг нь аваад өөрсдөө баяжаад сууж байдаг газар, кккк. Швейцарь улс баяжин амжилттай байхад энэ “зан” чанар мэдээж их нөлөөлсөн байгаа. Мөнгийг чухалчлахааас гадна, мөнгөө зөв хуваарилж зарцуулж чадаж байна. Түүнээс биш Швейцарь цагнаас бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээрээ бол тэгж их цоорчихсон юм байхгүй бх.

-Гадаад нөхөртэй монгол эмэгтэйчүүд дэлхийгээр таран амьдарч байна. Гадаадад төрж өсч байгаа болохоор монгол хэл, соёл гэдэг зүйл асар хол байдаг байх? Та энэ тал дээр ямархуу байр суурьтай байдаг вэ?
-Гадаадад өсч бойжиж байгаа хүүхдүүдийн Монгол хэлний асуудал зайлшгүй хөндүүштэй, санаа зовоохоор асуудал гэдэг нь үнэн. Бүр 10 хүрчихсэн шахуу том хүүхэд Монголоос энд ирээд хэдхэн жилийн дараа л Монголоор ярьж чадахгүй шахуу болтлоо хэлний хувьд уусч бгаа нь харамсалтай. Тийм байхад гадаадад төрөөд, гадаадын цэцэрлэг сургуулиар явсныг нь бол яриад ч яахав. Зарим нь бүр үр хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байдалд хүртэл очиж байх шиг. Гадаад хүнтэй суусан нь бүү хэл эцэг эх нь хоёулааа монгол мөртлөө хүүхдээ монгол хэлгүй болгочихож байгаа нь зөндөө. Үүн дээр би Монгол хүнийхээ хувьд их харамсаж, бас санаа зовж явдаг. Хүүхэд нь Монгол пасспорттой Монгол Улсын иргэн хүн байдаг, гэтэл хэлгүй, монголоор унших бичих нь бүү хэл ярьж ч чадахгүй. Манай Монгол Улсад ийм хэлээ мэдэхгүй иргэнээр яах вэ? Яаж сургах вэ? Уул нь үр хүүхэддээ эх хэлээ өвлүүлж үлдээх чинь төрийн гэхээсээ илүү хувь хүний эцэг эхийн өөрсдийнх нь үүрэг баймаар. Үүн дээр манай эцэг эхчүүд ерөнхийдөө их тааруухан санагддаг. Өөрсдөө хүүхэдтэйгээ эх хэлээрээ ярихгүй, халтар хултар гадаад хэлээр яриад л..Би ингэхэд дургүй. Монголчууд би эх хэлээ үр хүүхэддээ өвлүүлэх үүрэгтэй, бас хэл соёлын дархлаагаа сайжруулмаар байна. Нээх Чингис хаан, Чингис хаан гэж цээжээ дэлдэхээсээ илүүтэй ийм бяцхан юм шиг мөртлөө өнөөдөр их түүхээсээ илүү ач холбогдолтой юман дээр анхаармаар байна.
Миний хувьд бол хүүдээ эх хэлээ төгс эзэмшүүлсэн гэж хаа ч бардам хэлнэ. Хүүхдийнхээ хүмүүжил талын юмыг өөрөө мэдэхгүйгээр алдсан юм байгаа ч харин хэл боловсрол тал дээр бол би маш их анхаардаг, цаг гаргадаг. Би хүүтэйгээ бараг хэзээ ч гадаад хэлээр ярьдаггүй гэж хэлж болно. Зөвхөн Монголоороо ярьдаг, монголоор ном уншиж өгдөг, гадаад ном уншвал гадаадаар нь ойлгосон байсан ч хажуугаар нь заавал монголоор тайлбарлаж өгдөг, эх хэлээрээ ойр зуурын тулга тойрсон биш их хийсвэр том том юмыг хүртэл хэргээр хөндөж ярьж, харилцдаг. Тиймээс миний хүүгийн монгол хэл Монголд байгаа үеийн хүүхдийн монгол хэлнээс илүү юу гэхээс дутахгүй. Бид хоёр төр, засаг, хууль журмаас эхлээд шударга ёс, нигүүлсэнгүй сэтгэл гэх мэтийн хийсвэр ойлголтыг хүртэл монголоор ярилцдаг. Би энэ бүх сэдвээр англиар харилцаж чадах ч /заримдаа надад иймэрхүү сэдэв монголоороо биш англиараа амар байдаг ч/ би хүүдээ зориулаад заримдаа үг орж ирэхгүй байсан ч хэргээр монголоороо ярьдаг. Гурвуулаа ширээ тойрон суугаад хамт хоол идэж байхдаа хааяа, мөн Ирландад хадмындаа очоод бүгд хамт байхад би бусдыг хүндлээд англиар ярихад хүү өөдөөс монголоор ярьдаг. Намайг хараад л өөрийн эрхгүй монголоор ярих рефлексийг хүүдээ суулгаж чадсандаа монгол хүнийхээ хувьд би бахархдаг.
Гэхдээ гадаадад амьдардаг иргэд үүн дээр өөрсдөө санаа тавиад Монгол сургууль энэ тэр байгуулаад бичиг үсгээ заагаад эхэлж байгаа нь бас сайхан. Манай Женевт гэхэд ийм Монгол сургууль 4-5 жилийн өмнө байгуулагдаж, хүмүүс хүүхдээ Бямба гариг болгонд явуулж байна.
-Та хичнээн жил Европт амьдарч байна, анх хэрхэн очиж суурьшсан гэх зэрэг? Нөхөртэйгээ яаж танилцсан бэ? Гэр бүлээ ер нь танилцуулбал? Гадаад хүнтэй ханилан суух тухай боддог байсан уу?
- Би Швейцарьт 13 жил амьдарч байна. 1999-2003 онуудад энд Герман хэлт кантонд 4 жил сураад буцаж Монголдоо очиж 4 жил ажилласан, тэгээд Женевт ирсэн. Нөхөр маань дээд сургуулиа төгсөөд л энд ирж амьдарсан Ирланд хүн, тэгээд гэрлээд Женевт ирж амьдарсан. Нөхөр бид хоёр намайг энд сурч байхад интернэтээр танилцсан ш дээ, кккк. Тэгээд бараг жил шахуу интернэтээр холбоотой байж байгаад манай анги энэ Женевт байдаг олон улсын байгуулагуудтай танилцах аялал хийх үеэр би анх удаа нүүр тулж уулзан танилцсан. Уулзаж танилцаад л хачин идэвхитэй эргүүлээд салж өгөөгүй. Тэрнээс би айхтар гадаад хүнтэй л сууя гээд зорьчихсон юм байхгүй. Намайг маш тууштай эргүүлж, урвуулж чадсан хүн бол энэ одоогийн нөхөр минь. Тэрнээс биш би мэдээж монгол эр хүнд ч сайн болж байсан, Бас өөр нэг бус гадаад эр хүнд хайртай болж байсан. Мэдээж 30 гартлаа огт хүнд дурлаагүй энэ хүнтэй очоод суучихна гэж байхгүй нь ойлгомжтой. Бодвол заяа тавилангаараа л ингээд энэ хүнтэй суугаад үр хүүхэдтэй болоод амьдарч байгаа байх.

-Гадаад хүнтэй суух, амьдрах ер нь юугаараа өөр санагддаг вэ? Европ эр нөхрүүдэд нийтлэг зүйл байдаг байх?
- Би монгол эр хүнтэй нааш цааш болж байгаагүй болохоор хувийн туршлагаараа гадаад эр хүнийг монголтой харьцуулж бол мэдэхгүй. Гэхдээ бусад эмэгтэйчүүдийн ярьж байгаагаас ажихад гадаад ихэнх эрчүүд амьдралдаа их хариуцлагатай юм болов уу. Бас гэр бүлдээ, эхнэртээ арай илүү үнэнч байж магад. Гэхдээ хувь хүнээсээ шалтгаалах байх л даа. Харин монгол эр хүн бол их халуун дотно дулаан, бас наанатай цаанатай, аливаад илүү уян хатан байх гэж боддог. Гэхдээ энэ бүхэн гадаад дотоод гэхээсээ илүү хувь хүн, тухайн хүний өссөн орчин, боловсрол, эрхэмлэн дээдэлдэг зүйлээс илүү хамаарах зүйл.
-Хэр аялсан бэ? Аяллын хамгийн сайхан нь таныхаар юу вэ?
-Би Европоор бол гайгүй явсан, гэхдээ хаа ч байсан юм. Хөгшин Европын нийслэлүүдээс Лондон, Парис, Ром, Берлин, Дублин, Брьюсель, Амстердам, Вена, Будапешт, за тэгээд Москваг бас үзсэн. Аа тийм бас Израйлын Ерусалем, Тель-Авив, Хайфагаар явсан. Харин Азиар бол бараг явж үзээгүй гэхэд болно. Мэдээж Бээжин хэд хэд явсан, тэгээд Тайландад нөхөртэйгэээ очиж амарч байсан, тэгээд л болоо. Одоо харин Солонгос Японыг үзчих юмсан гэж бодоод л байгаа, нэг Монгол явахдаа л шуртхийлгэнэ дээ.
Би аялах үнэхээр дуртай. Өөр улс оронд очоод хөдөө байгаль гэхээсээ илүү хот суурин түүх урлагийн гайхамшигт бүтээлүүдийг нь үзэн, хүн ардынх нь аж амьдралтай танилцах ажиглах, бас тэдний хоол ундыг нь идэх дуртай. Хүн аялснаар бусдын соёл зан заншилтай танилцаад зогсохгүй бас хажуугаар нь өөрийгөө өөрийнхөө улс орныг ойлгож, бас шинэ өнцгөөс харж аль алинд нь талархалтай хандаж сурдаг гэж би боддог. Энэ олон улс орон, энэ олон хэл ёс заншил байгаа нь нэг талаасаа ойлголцон таньж мэдэхэд хэцүү ч нөгөө талаасаа амьдралыг улам илүү сонирхолтой баялаг болгож байгаа. Мөн хүн гээч амьтан уг чанартаа бол хаанахын, аль ч улсынх байсан уг чанартаа адилхан нэг амьтан. Аялах хувь хүнийг баяжуулаад зогсохгүй, бас өөрсдийгөө БИД Л ЗӨВХӨН ХАМГИЙН МУНДАГ гэх явцуу үзлээс нь суга татан гаргаж, хүнийг даруу болгохоос гадна бас сэтгэлгээг нь задалж, аливаад хэт явцуу хандахааргүй болгодог юм шиг санагддаг. Тиймээс бид санхүүгийнхээ боломжид тааруулаад байнга аялж байх нь зүйтэй.
-Аялахаар төлөвлөж байгаа улс? Хамгийн сүүлд аялсан улс?
-Цаг боломж нөхцөл бололцоо нь байдаг бол бүгдээр нь л аялмаар байна. Гэхдээ хүний амьдрал богино, бас санхүү мөнгөний боломж, цаг зав гээд тэгж байнга аялаад байх хэцүү. Гэр орон үр хүүхдээ хаячихаад яваад байж болохгүй, дээрээс нь гэрээсээ удаан холдохоор бас аяншиж ядарна шүү дээ, ккк. Тиймээс би жилдээ 1-2 том хот ганцаараа яваад үзчихэж байя гэж бодох болсон, тэгээд тэрийгээ хэрэгжүүлж л байна. Би хүнтэй явахаараа сайн төвлөрч, хотоо бүрэн мэдэрч ойлгож чаддаггүй юм байна билээ, тиймээс сүүлийн 3 жил ийнхүү зориуд аялахдаа дан ганцаараа явж байна. Ноднин Будапешт явсан, уржнан Парисаар 10 жилийн дараа ахин явсан, түүний цаад жил Амстердам, Барселон, Ром гээд явсан даа. Энэ жил сая Лондон явсан, намар дахиад ганцаараа нэг явна, мөн Стокхольм юм уу Прагийн аль нэгийг явж үзье гэж бас төлөвлөж байна.
-Уншиж байгаа номоор нь бусдыг шинжиж болдог гэдэг. Гэхдээ одоо хүмүүс юу хамаагүй уншиж байгаа харагддаг. Өмнөөс нь харамсаад байдаг. Яасан ч их хатадын тухай ном байдаг юм. Яаж ер нь шүүлтүүртэй уншдаг болох вэ? Та өөрөө унших номоо хэрхэн сонгож байна? Монгол номнуудаас сүүлд юу уншсан, юугаараа таныг татав?
-Би зөвхөн өөрт таалагдсан номыг л уншдаг. Би Мураккамид дуртай тул түүний бол ямар л бол ямар номыг уншихдаа дуртай. Тэрнээс биш энэ Нобелийн шагналт хүн учраас гээд залхуутай юм уу, надад таалагдахгүй байвал өөрийгөө хүчлээд уншаад суугаад байдаггүй. Ер нь бол бүтээмж, хувь хүний хөгжлийн чиглэлээр бичсэн судалгаа бааз сайтай Америкийн new-age маягийн номыг бол уншина. Уран зохиолоос бол сэтгэл эмоци их хөдөлгөсөн юм уу, аймаар орооцолдсон адармаатай, ухаан шаардаж бичсэн, эсвэл legal triller гэдэг дээ, том том компани корпорацийн хэрэг илрүүлсэн Жон Гришамын номнуудад учиргүй дуртай. Түүхэн зохиолд бол цаанаасаа нэг их дуртай биш. Дүрээ их баялаг адармаатай, сайн муугийн аль алинтай нь гаргаж сонихолтой бичсэн бол уншина, залхуутай сунжраад тоочоод яваад байвал тэгээд л дундаас нь хаячихна шүү дээ. Монголын сүүлийн үед гарсан түүхэн романаас надад Сорогдогийн Жаргалсайханы Чингис хааны нууц түүх роман маш их таалагдсан. Би ер нь түүхэн романыг түүх мэдэж авах гэж биш уран зохиол, уран сэтгэлгээ, дүрээ хэр итгэл үнэмшилтэй гаргаж вэ талаас нь л сонирхож уншдаг. Бас Шүүдэрцэцэгийн “Ану хатан” роман таалагдсан. Ялангуяа Ану хатны ээжийн дүр их баялаг үнэмшилтэй дүр. Мөн Оюунчимэгийн “Оройн ганц мод” роман бас их таалагдсан. Монгол ахуй, нүүдэлчдийн зан заншил, ахуй амьдралыг дотор зүй туульсын сэтгэлгээтэй маш гоё хольж янзтай гоё бичсэн. Тэр романыг бүтцийн хувьд жаахан янзалчихвал хол явах роман. За бусдаар бол Монгол роман эхэлсэн ч дуусгахгүй хаях нь их дээ. Харин жижиг өгүүлэг туужийг бол уншчихна, ккк.

-Ямар эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй гэх вэ? Таны гоо сайхныг идеалыг сонирхъё?
- Минийхээр бол өөрийнхөө давуу болон сул талыг мэдсэн бас мэдэрдэг, түүнээсээ айдаггүй, өөртөө итгэлтэй, ухаантай эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэнэ. Ер нь хүн гоё байхад, үзэсгэлэнтэй харагдахад тэр хүн өөриийнхөө талаар юу гэж боддог нь маш чухал. Их гоо төрчихсөн мөртлөө өөрийгөө муухай гэж боддог эмэгтэй бол гоё харагдахгүй, хүн татах нь юу л бол. Бас гоо төрсөн мөртлөө түүгээрээ түрий барьж бусдыг дээрэлхэн ихэрхсэн эмэгтэйн гоо үзэсгэлэн сарнин алга болох жишээний.
Надад бол байгаадаа сэтгэл хангалуун, дотоод зөрчил багатай, дээрээс нь зан характерын хувьд сонирхолтой, өөрийнхөөрөө байж чаддаг, секс appeal –сайтай хүнийг би гоо гэж хардаг. Тэрнээс тэв тэгшхэн хөлтэй, нарийхан гоолиг биетэй, цас шиг цагаан царайтай Барби шиг хүүхэн бол надад гоо харагдахгүй. Ер нь заримдаа хүнийг бага зэргийн өө нь чимэх нь бий. Бага зэргийн майгадуу хөл нь харин ч улам гоё, бусдаас ялгаруулан үзэсгэлэн нэмсэн тийм хүүхнийг би мэднэ. Үүнтэй адил би л лав жижигхэн хамартаа учиргүй дуртай, хамраа өндөрсгөхгүй, энэ чинь л би, энэ чинь л миний ген, удам судар шүү дээ, яадгийн. Хүмүүст миний хамар таалагдахгүй байсан ч надад миний хамар таалагддаг.
Ер нь аливаа юмны ялгарал, өөрийн гэсэн онцгой өнгө төрх нүдэнд торж сонирхол татдаг даа. Тиймээс би гоо сайхны хагалгаа хийлгэж бүгдээрээ адилхан болоход, бүгдээрээ адилхан хэлбэртэй хөмсөгтэй болоход, бүгдээрээ адилхан өндөрлөгөөтэй хамартай болоход эсвэл бүгд том мөөмтэй болоход дургүй. Жижиг мөөм чинь харин ч гоё бус уу, ккк.
-Бас эрчүүд, гоо үзэсгэлэн хоёр ямар замаар огтлолцох бол? Өөрөөр хэлбэл гоо үзэсгэлэнтэй эрэгтэй хүн гэж байж болох уу, байна гэвэл тэр нь хэн бэ?
- Өө яасан хэцүү асуулт вэ. Эрчүүдийн гоо үзэсгэлэн гэж байлгүй яахав дээ. Хүн л юм чинь үзэсгэлэн төгс эмэгтэй гэж байхад үзэсгэлэн төгс эр хүн гэж байлгүй яахав. Би ч үзэсгэлэн төгс эрэгтэй хүнд дуртай ш дээ, ядаж л харахад хүртэл гоё биз дээ ккк. Сайхан төрсөн эрийн тухай манай ардын Юндэн Гөөгөө гээд дуунд хүртэл хэлчихсэн байна шүү дээ. Тийм ийм хөмсөгтэй, үстэй, данагар алхаатай гээд л нүүр царайнаас гадна бие хаа, алхаа гишгээний хүртэл гоо сайхан гэж байна. Гэхдээ үүн дээр нэмээд түрүүний хэлсэн тухайн эр хүний бодол санаа өөртөө итгэх итгэл бас асар чухал. Надад бол гаднаа хичнээн гоё байсан ч тэр эр хүний дотоод эрч хүч, өөртөө итгэх итгэл их ач холбогдолтой. Харахад хичнээн гоё байсан ч хийморьгүй, хүчирхэг бус, нэг төрүүлдэггүй. Тийм цаанаа нэг хүчирхэг эр хүнд би дуртай, Манай нөхөр бол тийм хүн. Тэр Жак Ма бна. Тэр бол хөөрхий аягүй царай муутай, бие хаа ч тааруухан ш дээ. /би нээрээ ингэж ФБ дээрээ бичээд хүмүүст алуулах гэж байсаншт ккк/ Гэтэл тэр хүний лекц яриаг сонссон хэн боловч тэр хүний эдгээр нүүр царайн сул тал бүгд арилан тэр хүний дотоод их эрч хүч, байлдан дагуулах итгүүлэн үнэмшүүлэх нөлөөлөх чанар тодрон гарч ирдэг. Дээрээс нь тэр хүн царай муутайгаа аягүй сайн мэддэг ч түүндээ огт комплестдоггүй, гоё. Гэхдээ өөртөө итгэлтэй байна гээд бусдыг баллуурдаад явахгүй, доош хийгээд, өөрийгөө бусдаар дээгүүр залаад байгаа хүний гоо үзэсгэлэн бас устан алга болж байдаг. Энэ бол эр эмгүй адилхан.

-Та брэндэд хэр их ач холбогдол өгдөг вэ? Энэ талаарх таны бодол?
- Би ЭЗ-ийн хүн болохоороо брэндийг маркетинг, бас урлаг, үйлдвэрлэл талааас нь бага сага сонирхож хардаг. Айхтар ач холбогдол өгч чухалчлахгүй бас огт тоохгүй бол биш, ккк. Люкс брэндийн бараа чинь салбартаа нөү-хаугаараа алдаршчихсан, тусгай мастеруудаар зохиолгож хийлгэж байгаа эд учраас мундаг чанартай эдэлгээ даах эд байдаг гэж боддог. Гэхдээ брэндийн хойноос, бас загварын хойноос хөөцөлддөггүй. Люкс брэндээр өөрийгөө өвч бүрье гэвэл баян байх ёстой. Би баян биш, гэхдээ баян болсон ч тэгж бүрэхгүй. Сонирхолгүй. Гэхдээ надад баримталдаг бодлого бий. Нүдний шил /ялангуяа нарны шил/, цүнх, түрийвч, цаганд сайн, үнэтэй брэндийн юм авч хэрэглэе гэсэн бодолтой, бусад бүх зүйл бол хамаагүй. Люкс брэндийн цүнхнээс би яагаад ч юм бүү мэд LV-д хайртай, бас Burberry-д дургүй мөртлөө тэдний зөвхөн цуванд нь /trench coat/ “үхдэг” кккк. Бусад хувцас хунар бол хамаагүй, өөртөө тохируулаад хямд болон дунд зэргийн юмнаас хольж солиод тохируулан хэрэглэхэд болно. Би Бенеттон, Зара, бас арай гайгүй Массимо Дутти гээд ер нь тухайн хувцас надад таалагдаж бие хаа, нүүр царайны минь өнгөнд л зохих чухал болохоос бус ямар брэнд гэдэг нь огт хамаагүй. Мэдээж материал нь байгалийн гаралтай голдуу, биетэй байвал зүгээр. Миний хувцаслахад тавигдах хамгийн гол шаардлага бол надад зохих эсэх. Нүүр царай руу гэрэл гэгээ өгсөн өнгөтэй, биеийн давуу талыг улам тодотгох л чухал. Тэрнээс биш тэр загвар моод, эсвэл брэнд марк нь хамаагүй. Гутлан дээр бол чийг татдаггүй, хөлд эвтэй, удаан алхахад хөл өвтгөхгүй, эдэлгээ даах гэсэн шалгуур тавьдаг. Тиймээс дандаа Gabor, Geox –н балерина мэтийн дундаж зэргийн фирмийн гутал өмсдөг ш дээ. Түүнээс үнэтэй гутлаар яахав, үсрээд гуравхан жил өмсөөд хаях гутлан дээр люкс брэнд гэж хайран мөнгөө өгөөд юугаа хийнэ, кккк.
-Мөнгөний талаарх таны бодол? Мөнгө хэр чухал вэ, таны хувьд?
- Хүний амьдралд мөнгө чухал, бас чухал бус. Чухал гэдэг хүн хүний нийгэмд амьдарч байгаа тохиолдолд мөнгөгүй бол явахгүй, баларна. Хүний орон байр, идэж уух наад захын хэрэгцээг мөнгөтэй байж гүйцэтгэнэ. Гэхдээ эзгүй хээр цөлд төөрсөн бол хичнээн сая доллартай байгаад бас нэмэргүйг мартаж болохгүй. Хүн мөнгөний төлөө явж болох ч тэрхүү шуналдаа хэт хөтлөгдөж, мөнгийг хүнээс, хайраас илүү үзэх ёсгүй юм л даа. Гэхдээ мөнгө их шидтэй учраас, хүний шунал хязгааргүй учраас хүн мөнгөний шуналдаа их амархан хөтлөгдөж боолчлогдчих гээд байдаг тал бий. Тиймээс хүн байнга сэтгэлээ цэвэрлэж, шуналаа байнга дарж номхотгож, хүнийг хайрыг мөнгөний өмнө тавих сургуулилтыг өдөр тутам хийх хэрэгтэй. Тэр сургуулилтыг хүнд шашны сургааль ном, бясалгал, гэгээрэлд хүрэх гэсэн элдэв оролдлого өгдөг байх гэж боддог. Хүн шуналдаа хэт хөтлөгдөөд ирвэл муу муухайн ид шид нь бүрдэнэ байх. Хүн мөнгийг зөв зарцуулж өөртөө зөв үйлчлүүлж сурах хэрэгтэй ч түүний хар шидэнд хэт автаж хамгийн эрхэм зүйлээ болгож болохгүй.
-Танд баярлалаа.
Ярилцсан Ж.Нандинзаяа
Эх сурвалж: Гранд сэтгүүл, № 96
Сэтгэгдэл (41)