
Тавдугаар сарын оройхон, сайхан үдэш. Опра бид хоёр Калифорни муж дахь Опрагийн 263 мянган шоо метр талбайтай эдлэнд чулуун эгнээтэй замаар алхаж явна. Харваас нүд алдам энэ эдлэнгээ Опра “Амласан газар” гэж нэрлэжээ. Бид түүний хамгийн дуртай, ном уншихдаа байнга очдог аварга царс модны сүүдэрт зассан тухлах хэсэг рүү алхаж явна. Энэ мод өнөөх 12 архадын нэг, гэвч нэг мод нь хаанаас эхлээд хаа хүртэл ургасныг орооцолдсон тэр олон мөчир дундаас нь ялгаж харахад бэрх юм. Энэ газар Өмнөдийн ойг санагдуулах нь тохиолдол биш. Пулицерийн шагналт Тони Моррисоны киног шинэчлэн бүтээсэн "Хайрлагдсан" кино нь бокс оффист орж ирэх үест буюу 1998 оны үед л Опра амьдарч буй орчин нөхцөлдөө маш том өөрчлөлт хийнэ гэж шийджээ. Ингээд үнэхээр л өмнөдөд ургадаг бүх ургамлуудыг гэр рүүгээ зөөж эхэлжээ. Опрагийн фитнесийн багш Боб Грийн 42 акр талбайтай, Номхон далай, Санта Инез уулын хооронд энэ диваажинд анх хөл тавиад ийм санал гаргажээ. (Жич: Өнгөрсөн жил хөрш нь нас барахад Опра нэмж 23 акр газар худалдаж авсан). Ямартай ч Опра 2001 онд энэ эдлэнг худалдан авч, 5 жил үргэлжлэх барилга, ландшафтын төслөө эхлүүлсэн аж. Энэ төслийг мэдээж Грийнэ удирдасан бөгөөд нас бие гүйцсэн царс мод суулгах, нуурын чинээ том усан оргилуур байгуулах нүсэр ажлуудыг тэр удирджээ.

Скарлет О`хара ч Опра шиг эдлэнтэй болж чадахгүй байсан!
- Опра: Би эндэхийг Тара II" гэж нэрлэж байгаа. Нэг өдөр Боб бид хоёр энүүгээр алхаж байтал тэр надад, "Скарлет О`хара ч ийм эдлэнтэй болохыг хүсэх байсан даа. Скарлет ингэж амьдарч чадахгүй байгаа" гэж билээ. Тэгээд тэр "Чи арай дээр нэр өг өө. Чи бол Миссиссиппигийн африк гаралтай америк хүн. Гэтэл ийм зүйлд хүрнэ гэдэг чинь... их л гүнзгий бод" гэж билээ. Тэгэхээр нь би "Тийм ээ, яг л зүүд". Гэтэл Боб "Тийм ээ, амлалт юм шүү. Энэ бол Амласан газар" гэв. Тийм ээ, би үүнийг өдөр бүр л мэдэрдэг. "Би үнэндээ сэтгэл бахдал гэдэг үгийг шударгаар, сэтгэлийнхээ гүнээс, гүн гүнзгий хэлж чадах хүнийг мэдэхгүй. Энэ талаар бусадтай ярилцах гэж үзсэн л дээ. Надад сөрөг зүйл байдаггүй. Юу ч байхгүй. Ямар ч харамсал, айдас байхгүй. Юу гэхээр .. үнэхээр сэтгэл баясгам бахдал.
Би хэзээ ч өөрийгөө сэтгэл татам эмэгтэй гэж бодож байсангүй!
Үдийн хоолны цагаар намайг энд ирэхэд царайлаг эр гольфийн машинтай тосч авсан нь Опрагийн хамгаалалтын албаны тэргүүн байж. Намайг байшинд хүргэж өгөхөөр тэрнийг дагаж чулуу шигтгэсэн замаар бүдчин явахад Георгийн үеийг амьдруулсан шилтгээн нүдний өмнө тодорлоо. Замд гольфийн машинтай ажилтнууд, хана руу авирч байгаа эрчүүд, жинхэнэ сарнайн цэцэрлэг, нугастай цөөрөм таарсан. Хамгаалагч намайг дүрэмт хувцастай эмэгтэйчүүд орж гарсан гал зуухны өрөөнд хөтлөв. Хэн нь ч юм надад хачиртай талх авчирч өгөхөд мөнгөн хэрэглэл, венец шилэн аяга, маш гоё эвхээстэй О гэсэн үсэг гараар хатгасан арчууртай ирсэн юм. Гал зууханд шуугиад явчихад харвал Опра гэрийн халад, шаахайтайгаа өмнө минь гарч ирлээ. Энни Лейбовицийн зураг авалтын үеэр ирсэн болж таарсан бөгөөд Опра намайг хурдхан танилцуулсан юм. Опра, "Энни надад Жонатантай уулзуулахгүй саад болоод байна уу гэсээн" гэв. Тэгэхээр нь би "Жонатаны талаар санаа битгий зов. Учир нь би энд чамтай хамт байхдаа зөвхөн чам дээр төвлөрнө. Харин Жонатантай хамт байхдаа би тэрэнд л анхаарна, чиний тухай бодох ч үгүй гэсэн дээ" гэж Опра нэмлээ. Дараа нь нэг түсхийтэл инээгээд холдож явахдаа "Би одоо цаг дээр байхыг сайн сурсан хүн. Би 1000 хувь одоо цаг дээр байдаг" гэлээ.
Ийн өнөө зураг авалт арайхийж дуусахад намайг цайны өрөө рүү авч орлоо. Романтик, задгай, чулуугаар босгосон энэ цайны байшинг Опран зөвхөн өглөөд цай уунгаа “Нью-Йорк Таймс” уншиж байх гэж барьжээ. Энд хаа сайгүй цахирмаа цэцэг, цэцэрлэгжүүлэлтийн тухай ном. Бас аварга ногоон диван, сандал байх аж. Би энэ сэтгүүлд зориулж Опрагаас анх 1998 оны зун ярилцлага авахдаа гурав хоног хамт байж билээ. Опрагийн хамгийн сайн найз, бизнесийн хамтрагч Гейл Кинг, бас мэдээж Боб Грийн хамт байсан юм. Тэр үед Опра "Хайрлагдсан" киноны хэвлэлийн сурталчилгаа, бас Vogue сэтгүүлийн нүүрний зураг авалтад зориулж 9 кг жин хасахаар ид дасгал хийж, дэглэм барьж байсан үе. Дасгал нь үнэхээр харгис. дасгалын дараа иддэг Опрагийнх хувийн тогооч Арт Смитийн хийсэн хоол, түүний дараа нь иддэг хоол бүгд ямар ч амтгүй. Би тэнд жин хасах гэж очоогүй ч гэртээ ирэхдээ шуугдчихсан байж билээ. Тэр хүнд дасгалаа хийж байхад нь би Vogue сэтгүүлийн нүүрэнд гарна гэж төсөөлж байв уу гэтэл, "Vogue-ийн нүүрэнд гарах аа? Миссиссиппигээс гаралтай хар эмэгтэй би... Тийм магадлалын талаар хэзээ ч бодож байгаагүй. Би энэ насан туршдаа л биеийн жинтэйгээ тэмцэлдэж байна. Ер нь хэзээ ч өөрийгөө сэтгэл татам бүсгүй гэж бодож байсангүй" гэж шулуухан хариулж билээ. Мэдээж дараа нь тачигнатал инээсэн. "Тийм байхад би яаж Vogue-ийн талаар мөрөөднө гэж. Их том байсан. Хэзээ ч тэр ширээнд нь сууна гэж бодоогүй". Тухайн үед Опра дэлхий дээрх хамгийн чинээлэг африк гаралтай америк хүн болж амжаагүй байсан ч Крёз хааны дайтай баян, амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн алдартай хүн, хүч чадлынхаа оргилд байсан юм. Хүрсэн бүхэн нь алт болдог, сурталчилсан ном болгон нь бестселлер болдог байлаа.
Байгаадаа талархах нь
Опра: Би 10-р сарын 17-ны бямба гарагийн өглөөг хэзээ ч мартах ёсгүй. Тэр өдөр нь "Хайрлагдсан" киноны нээлтийн маргааш л даа. "Манай студиэс залгаад одоо өнгөрсөн. Чакид цохигдчихлоо гэж байна". Би тэгэхээр нь "Чаки гэж хэн юм? Өнгөрсөн гэж юу гэсэн үг вэ? Дөнгөж бямба гарагийн өглөө ш дээ!" гэлээ. Би бокс оффисын таамаглал эсвэл амралтын өдрийн нээлт гэж мэддэггүй байлаа. Өглөөний 10 цаг л болж байсан. Тэгээд би Артад "Өглөөний цайнд макарони, бяслаг идмээр байна" гэхэд тэр гэнэт хөхөрсөн юмдаг. "Тэгээд л би хоолонд хайр зарлаж, депресст орж, бүхий л мэдрэмжээ дарж эхэлсэн дээ". Энэ дэлхийд ирснээс хойшхи хамгийн аз жаргалтай өдөр маань ингэж л миний хамгийн өрөвдөлтэй бүтэлгүйтэл болсон гэж хэлээд тэр барайчихсан. Тэр үед би үнэхээр л депресст оржээ гэж ч бодсон. Учир нь надад зүгээр л таагүй санагдаагүй. Үүнээс цааш замгүй санагдсан. Миний нэвтрүүлгээр олон хүн депрессийн талаар мянгантаа ярьж байхыг сонсож суусан хэрнээ ямар болохыг төсөөлж үзээгүй байсан". Депресс гэж юу юм гэдгийг өөртөө тулгарахаас нааш ойлгохгүй.
Опра бүтэн зургаан долоо хоног депресстсэн аж. Бүр "Хайрлагдсан" кино гарч байгаа кино театрууд руу очиж бокс оффист рейтингээ өсгөх гэж тасалбар худалдаж авахаа ч байж, өөрийгөө хаясан (болсон явдал шүү!).
Опра: "Тэр үеэс л би байгаадаа талархах явдалд сайн суралцсан. Яагаад гэхээр гуниж гутарч, байхгүйдээ төвлөрөхөөс илүү зүйл энэ юм".
Ийнхүү олны нүдэн дээр бүтэлгүйтсэнийхээ дараа тэр юманд хэт автахгүй байхыг сурсан байна.
Опра: "Тэр явдал надад өөрийнхөө найдвар, хүлээлт, бүх өндгөө бокс оффисын сагсанд бүү тавьж явуул гэж заасан. Хийсэн ажлаа өргөл гэж бод, тэгээд дараа нь юу болно, түүгээрээ л болог".
Нил ягаан өнгө: Цаг үеэсээ түрүүлсэн кино
Тэрээр киногоо цаг үеэсээ түрүүлсэн гэж боддог байна. Үнэхээр ч өнөөдөр киног өөрөөр хүлээж авч байна. Тэгээд тэр “Underground” нэртэй телевизийн шоуг онцолсон юм. "Би тэр тухай анх сонсоод -Боолчлолын тухай телевизийн шоуг хэн ч үзэхэв дээ гэж бодсон" гэж хэлээд нүдээ эргэлдүүлээдхэв. "12 жил нэг боол уу?". Гэтэл тэр кино хит болоход би гайхаж орхив. За за. Соёл өөрчлөгдөж. Хүмүүс "Хайрлагдсан" кино тухайн үеийнхээ үзэгчдэд хэт хүндэдсэн гэж ярьдаг.
Алис Уолкерийн "Нил ягаан өнгө" романаас сэдэвлэсэн 1985 оны кинонд дүр бүтээсэн Опра гэх энэ хүн үнэхээр байгалиас заяасан авьяастай жүжигчин гэдэг нь илэрхий байсан юм. Гэтэл тэр 2013 онд Ли Даниелсийн "Зарц" хүртэл дахиж кинонд тоглоогүй нь гайхмаар. Тухайн үед тэр OWN гэх брэндээ нээх гээд завгүй гүйж явсан үе л дээ. "Би сүлжээгээ нээх, киноны нэг зургаа дуусгах, ярилцлага өгөх, тэгээд буцаж ирэх, дараа нь дахиад хоёр хоног нэг сцений зурганд орох, тэндээсээ буцах гээд завгүй байлаа" гэж Опра дурсана.
Опра: "Тэр үед ийм хуваарьтай жүжигчин гэж байхгүйг мэдсэн юм. Ямар ч жүжигчин сүлжээг удирдаж, тэрийгээ өөрөө хийж, сурталчилж яваагүй. Бас. Бас шүү Ли Даниелс "Би чамайг бүр илүү согтоомоор байна. Тэрнийг дахиад согтоо" гэж байлаа шүү дээ". "Зарц"-аас хойш тэр кинонд эргэж ирсэн. Жилийн дараа л гэхэд тэр "Селма" кинонд тоглож, продюсерлаад, энэ хавраас HBO-ийн "Генриетта Лаксын мөнх амьдрал"-д дүр бүтээж байгаа. "Ээ бурхаан" гэж тэр уулга алдаад "Би ямар их айдаг байлаа. Гэхдээ одоо өөртөө баярлаж байна. Тэр киноноос их айж байсан, гэвч эцэст нь хамгийн муудаа юу тохиолдож болох вэ? Яахав шүүмжлэгчдээс тааруухан дүн авна л биз. Гэхдээ Доналд Трампын эрин үед ганц хоноод л мартагдана".

Опра байгаагүй бол Обама ерөнхийлөгч болохгүй байсан!
Опра кинонд эргэн ирсэн нь сүүлийн үед 60-аас дээш насны өнгөт арьс эмэгтэй жүжигчний эрэлт ихэссэнтэй ч холбоотой биш харин "Хайрлагдсан", "Нил ягаан өнгө" киног шүтдэг, мөн өөрөө өөрийгөө бий болгосон, орчин цагийн эр эм үзэгчдийн хүсэлт байж болох юм. Опра үнэхээр америк соёлд чухал нөлөө үзүүлжээ.. Улс төрийг бол дурсах ч юм биш. Маш олон хүнд Опрагийн цуцалтгүй дэмжлэг байгаагүйсэн бол Барак Обама 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ганц өгүүлбэр бүтэн хэлж чадахгүй байсан гэж үздэг. Дахиад кинонд тогломоор байна уу гэж асуухад тэр хариулахаас нэлээн азнав. "Яахав" гэж эцэст нь нэг ам нээгээд "Би энэ талаар бодохгүй байгаа" гэлээ. Дахиад л маш удаан пауз авлаа. "Намайг тоглох юмсан гэж хүсэх тийм санал ирэх юм бол ч...". Үнэхээр өнгөрсөн жил ийм юм болжээ. Ава Дюверней "Цагийн үрчлээ" гэх 1962 онд зохиолч Madeleine L’Engle-ийн нэлээн залуудаа бичсэн уран зөгнөлт зохиолыг Диснейн захиалгаар дэлгэцийн бүтээл болгохдоо Опраг урьсан байна. Дюверней бол 100 сая ам.доллараас дээш өртөгтэй кино найруулж байгаа анхны өнгөт арьст эмэгтэй. Тийм ч учраас Опра анх удаа л африк гаралтай америкчуудын тэгш эрхийн төлөөх тэмцлийн тухай сэдэвлээгүй кинонд дүр бүтээхийг зөвшөөрчээ. Кинонд Ви үсгээр эхэлсэн нэртэй, гурван супер хүчтэй эмэгтэйн тухай өгүүлнэ. "Тэдний нэг нь Хатагтай эргэлзээний гал" гэж Опра нэмлээ. Найруулагч Дюверней олон талт байдлыг хангахын тулд Хатагтай Хэнийн дүрд Минди Калинг, Хатагтай Энэ юувын дүрд Рийз Уитерспүн, Хатагтай Алийн дүрд Опраг тоглуулжээ. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх тус кино зарим хэсгийн зургаа Шинэ Зеланд улсад авчээ. Опра 2015 онд анх тэнд очиж, Шинэ Зеланд улс маш их таалагдсан учраас зураг авалтаар буцахдаа ч маш баяртай байжээ.
Опра: "Үнэхээр шүү. Өөрийгөө хувь хүний хувьд тэлмээр санагдвал энэ дэлхийгээс Шинэ Зеландыг л сонгоорой. Тэндэхийн хүмүүс 100 хувь одоо цаг дээр амьдардаг. Гудамжаар утаснаасаа зүүгдсэн хүн бараг л явахгүй. Гудамжны булан эргэх тойронд ухаан алдам зүйл байнга болж байдаг. Нуур, мөсөн гол, бүргэд. Ёстой галзуу" гэж тэр дуу алдана.
Опрагийн 60 насны тодорхойлолт:
Энэ долоо хоногт Шинэ Зеландыг магтсан гурав дахь хүн нь та боллоо гэж хэлэхэд "Чи дохионд итгэдэг үү?" гэж асуухад би хэсэгхэн түгдэрч орхиход хэтэрхий удаан санагдсан бололтой, "Би чамд энэ олон жилд юу ч сургаагүй гэж үү? Мэдээж тэр чинь дохио байхгүй юу" гэлээ. Опра "Хайрлагдсан" киног бүтээхдээ 44 настай байсан. Харин одоо тэр 63-тай. Би юу мэдэхийг хүссэн гэхээр 63 настан ер нь 44-тэй хүнээс илүү юуг мэддэг юм бэ гэх асуулт. Опра дахиад л удаан пауз авснаа
Опра: "Дөчөөд настайдаа дөнгөж л дөхөж, ухамсартайгаар хүлээн авч, юм мэддэг ч юм шиг санагдаж эхэлдэг" гэлээ. "Тавин настайд бол тэр мэддэг юм чинь илүү гүнзгийрч, өргөжиж, мэдэх хугацаа хурдасч эхэлдэг. Маяа Ангело надад хэлсэн удаатай. "Тавин насандаа чи өөрийнхөө хэн болохыг хүссэн тэр л болсон байна" гэж". Тэр сүүлийн үед дурлах болсон номын хэнээтний гэмээр загвартай шилнийхээ дээгүүр намайг давуулж харснаа "Тэр хүн л болохыг хичээдэг" гээд тачигнатал хөхрөв. "Харин 60 нас хүрэхэд, тэр үед өнөөх хараал идсэн хүлцэл уучлал харамсалгүй болдог. 63 настайд л лав биш шүү. Өнөөх хүнд бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүйн саад тотгор чинь огт саад болохоо больдог доо".
Хүн бүхэн бусдад харагдахыг хүсдэг!
Хүмүүсээс ярилцлага авдаг хүнтэй ярилцлага хийнэ гэдэг энэ насанд тохиох том сорилт шүү. Чиний юу асуухыг тэд лав мэдэж байдаг. Яг л шүүгчийн өмнө зогссон мэт санагддаг. Гэхдээ Опратай тийм биш. Нэг л шийдсэн бол тэр яг одоо цаг дээр байдаг, уулзаж байгаа тэр цэгт бидний хооронд итгэл ундраад ч байх шиг. Өөрийнх нь тоолсноор бол Чикаго хотод Опра Уинфригийн шоуг 25 жил хийхдээ тэр 37 мянган хүнтэй уулзаж ярилцжээ. Энэ бүхнээс хамгийн чухал юуг сурав гэхэд тэр,
Опра: "Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс дунд ямар ч ярилцлага, хаана ч таарсан, юу ч тохиолдсон, өөрийгөө тоолгохыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Бас ямар ч асуудлыг тэр асуудлыг таньж мэдсэнээр, тэр хүний өнцгөөс харснаар, тэдний сонсохыг хэлснээр шийдвэрлэж болдог. Бас чамд хандаж хэлсэн үг нь чамд ч бас нөлөөлөөсэй гэж тэд хүсдэг. За чи сайн уу? өөрийнхөө тухай яриач гэдэг асуултыг ихэнх хүмүүс амьдралынхаа турш хүлээсэн, сонсохыг хүссэн, үүнд хариулахыг хүссэн байдаг. Үүнээс хамгийн сайхан нь юу гээч, ямар үг гээч? Тухайн хүнийг тайвшруулах. Опрагийн шоуны үеэр өдөр бүр давтагддаг зүйл нь гэвэл хүмүүс сүмд мөргөх гэж байгаа аятай хувцасладаг. Заримдаа би нэг хүнийг онцлоод "Хөөх хараач ээ, ямар сайхан ногоон өнгөтэй даашинз вэ" гэж хэлэхэд хариулт нь дандаа л "Би танд зориулж өмссөн юм аа. Намайг анзаарна гэдгийг би мэдэж байсан" гэж хариулдаг. Хүн бусдад харагдахыг хүсдэг, өөрсдийг нь хүндэлж, харьцаасай л гэж хүсдэг юм. People just want to be seen; they want to be validated.”
Дараагийн Опра төрөхгүй
Опрагийн шоу хамгийн сүүлд цацагдсанаас хойш 6 жил өнгөрч. Опра үзэгчидтэйгээ тогтоосон нандин, авч бас өгдөг тэр нандин холбоогоо үгүйлж байгаагаас Чикаго хотыг, өдөр бүрийн ток шоугаа төдийлөн үгүйлэхгүй байгаа гэнэ. Тэр 2006 онд анх цайны навчаар мэргэлж сурчээ. "Би цаг хугацааны тухай бодож эхэлсэн. Бид хаана байсан, би үүнийг дижиталчилж чадах уу гээд. Хүмүүс ч "Би шоуг өөрийнхөө хүссэн цагт л үздэг боломжтой баймаар байна" гэх болсон. Тэгээд дөрвөн цагийн цаг хүмүүсийн телевиз заавал үзэх учиртай тэр цаг байхаа больсон. Үзэгчдийн дунд ийм зүйл болж байгааг мэдэрсэн л дээ. Үзэгчдийн зан төлөв өөрчлөгдөж, хэвлэл мэдээллийн ертөнц ч хувьсаж байсан. Би тэмдэглэлдээ олон жилийн өмнө, "Би энэ тойрогт хэтэрхий удаан оршиж, согтуу хүн шиг хөөгдөж гармааргүй байна аа" гэж" бичсэн байна. Хүмүүс миний тухай "Опра гурван жилийн өмнө л болих байсан юм" гэж ярихыг хүсэхгүй байна. Тэгээд нэг өдөр л түүнд тэмдэг ирж. Лондоны зочид буудалд байхад нь “Ванити Фэйр” сэтгүүл өрөөнд нь байж л дээ. "Би Майкл Жексоны тухай зүйрлэшгүй нийтлэл уншиж байлаа. Тэгсэн нэг найзынх нь Майклын тухай хэлсэн үг байна. "Тэрний хамгийн том асуудал бол Триллер дуу нь оргил байсныг ухаараагүй. Тэр үлдсэн амьдралынхаа турш Триллерийг гүйцэх гэж зовсон" гэж". Тэгээд BAD цомог 20-хон сая хувь борлогдоход Триллерийн амжилтыг давтаагүй учраас Майкл сэтгэлээр унасан. Триллерийг ч давна гэж хүлээж байж. Гэтэл нурсан. Энийг л анхаар. Би оргил үеэ давтах гэж хөөцөлддөг хүн баймааргүй байна. Миний оргил үе Опра шоу байсан. Бүх л зөв зүйл зөв цагтаа ирсэн байсан юм. Тийм зүйл дахиад болохгүй. Надаас дараагийн Опра хэн бол гэж асуухад нь би, тийм хүн байхгүй гэж хариулдаг.
Ногоон амьдралын тухайд...

Зургийн тайлбар: Опра эдлэндээ байдаг 12 ширхэг аварга царс модоо Библид гардаг 12 архадтай зүйрлэжээ. "Амласан газар" гэх нэр нь түүний үл хөдлөх хөрөнгө, ландшафтад зохицсон утга энэ.
Опра сэдэл гэж ярих дуртай хүн л дээ. Чи юунд хүрнэ гэж найддаг вэ? Бид яагаад энд байнав? Нэг үгээр би тэрнээс 2011 онд OWN телевизээ нээсэн сэдэл нь юу байсныг асуулаа. Дахиад нэг удаа тачигнатал инээгээд, "Өө би бодолдоо төөрчихлөө. Би өөрийгөө Супер Сэтгэхийн Ням гарагийг бүхэл өдөржин явуулдаг телевиз нээнэ гэж дотроо бодож байлаа. Би бодохдоо хүмүүс..." гээд цааш хэлж чадалгүй улам чанга инээснээ "Би өөрийгөө үзэгчдийг оюуны ухаарахуй, сэрэхүйд хөтлөх суваг нээж байна гэж бодсон л доо. Гэхдээ огт удалгүй бүх хүнд энэ сэдэв хамаагүйг ойлгосон юм. Хүмүүс юу гэсэн гээч: Бид таныг ням гаригт бүтэн өдөржингөө сонсдог. Энэ л хангалттай гэж хэлж үү. Би яг л оюун ухаан, сүнс гэх сэдвийн Антони Бордайн болох дөхсөн. Оюун санааны ухамсарлахуйг таниулахын тулд бид орон орон дамжаад дэлхий даяар явж ууланд, цасан урцанд, уулын бүр оргилд амьдарч байгаа тэр хүмүүстэй ярилцаж, түүнийгээ үзүүлэхийг хүссэн" гээд над руу нэг учиртай хараадхав. "Хонгор үр минь дээ, би юу ч сураагүй байж!"
Одоо тэр сэргээд эхэллээ. "Ээ бурхан минь, Америк ийм замаар сэрэхийг хүсээгүй байна. Би эндээс юу сурсан гэхээр тэдэнд юм л өгөх ёстой. Өгөх юмаа би юу гэж нэрлэсэн гээч? Амтархан идэж болох хөнгөн зүйл. Таны сүнслэг байдал чинь тийм амттай байх ёстой. Амттай. Хөгжөөн цэнгүүлэх маягтайгаар түүнийгээ хүний биед шингээнэ. Ингэвэл л тэд хүлээж авах юм". Рок од мэт эхлээд Тайлер Перритэй онцгой түншлэл тогтоож, дараа нь жилийн 365 хоног, 7 хоногийн 24 цаг эфир цацах бол реалити шоу, савангийн дуурь зайлшгүй хэрэгтэйг ойлгосон тэр үедээ л OWN телевиз өнөөгийн дүрээ олжээ.
Энэ 9-р сард Опра ток шоугаа зогсоосноос хойш анх удаа өргөн нэвтрүүлгийн телевизэд эргэн ирж байгааг дуулгая. (гэхдээ CBS телевизээр өнгөрсөн 12-р сард тэргүүн хатагтай Мишель Обаматай хийсэн ярилцлага нь цацагдсан, мөн 60 минут нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр оролцсон) Опра телевизэд эргэн ирэхдээ биднийг Доналд Трамп ялсан сонгуулиас өмнөх үе рүү чиглүүлэх гэнэ. Сонгуульд Трамп ялснаас 14 хоногийн дараа түүний "О" сэтгүүл Трамп, Хиллари нарын дэмжигч зөвхөн эмэгтэйчүүдийг цуглуулж дугуй ширээний хэлэлцүүлэг хийсэн байна. Хамгийн хачирхалтай нь эмэгтэйчүүдийн зарим нь нөгөө талынхантайгаа нэг ширээнд суухаас ч татгалзсанд байгаа юм. Бүр нэг нь Опрад, "Трампын дэмжигчтэй ингэж ойртож очиж байгаагүй" ч гэж хэлжээ. "Би хариуд нь чи мэдээгүй л байх" гэж хариулж. Хэлэлцүүлэг эхэлснээс нэг цагийн дараа хамгаалалтын залуус студид ороод ирж. "Гэхдээ тэр уур амьсгалыг өөрчилж хүмүүс бие биенийхээ яриаг улс төржилгүйгээр сонсоход хүргэж би чадсан. Нийгмийн байдал ялгаатай тэр олон эмэгтэйчүүд үнэхээр нэгнээ сонсож, мэдэрч эхэлсэн. Хоёр цаг хагасын тэр уулзалтын төгсгөлд би тэр эмэгтэйчүүдээр Кумбаяа ч дуулуулж чадах байсан. хүссэн бол шүү дээ". Тэр одоо өөртөө чин итгэлтэй ярьж байна. "Би тэгж чадах л байсан!
Өөрийнхөө дүрмээр амьдар!
Нар Номхон далайн цаагуур шингэж эхлээд, бидний ярилцлага ч өндөрлөх тийшээ хандлаа.
- Амжиж хүнтэй гэрлээгүй явдал чинь манай нийгэм дэх бүсгүйчүүдийн талаар танд юу сургав?
- Өөрийнхөө дүрмээр амьдар!" гээд миний асуултыг мухардуулчихав.
Тэгээд надад 19 жилийн өмнө хэлсэн тэр үгээ дахиад хэллээ. О’ра, Стедман Грахам хоёр яагаад гэрлээгүй талаар бид ярилцаж байсан юм. "Хэн ч итгэхгүй л дээ. Гэхдээ энэ үнэн. Би Стедманд "Хоёулаа үнэхээр гэрлэчихвэл юу болох бол" гэж хэлэхдээ л ганцхан удаа гэрлэх талаар бодож үзсэн. Хариулт нь "Бид хамт байж чадахгүй". "Бид хамтдаа байж чадаагүй нь энэ ертөнц дээр гэрлэлт биднээс өөрөөсөө өөрөөр оршихыг шаарддагтай холбоотой. Тэр миний нөхөр, би түүний эхнэр байх байдал нэлээд уламжлалт шинжтэй байх байсан. Би мэдээж тийм загварт баригдаж чадахгүй байсан" гэв. Бид байшин руу буцах замдаа Хенри Мурын бүтээсэн эмэгтэй хүний уран барималын дэргэдүүр өнгөрөв. "Би тэрний Паулина гэж нэрлэсэн. Чикагогийн гэрт маань байсан үйлчлэгчийг санагдуулаад байдаг юм" гэж Опра хэллээ. Тэр надад шилтгээнийхээ хамгийн үнэтэй ховор урлагийн бүтээлүүдийг үзүүлж болох л байсан. Гэхдээ тэр надад гэрийнхээ хамгийн дуртай зургаа сонирхуулсан юм. Энэ гэрийн бахархал болсон тэр зураг өргөн уужим зочны өрөөнд нь байх бөгөөд Опрагийн хэлснээр иргэний дайны өмнөх үед эх охин хоёрыг салгаж боол болгож зарах гэж байгаа үйл явдлыг өгүүлсэн "Хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд" нэртэй 1950 онд нас барсан Брүүклиний зураач Харри Роосландын бүтээл юм. Дараа нь тэр намайг номын өргөө рүүгээ Нелсон Манделагийн зурсан зургуудыг эгнүүлж өлгөсөн урт хонгилоор дагуулж явлаа. "Тэр өөрөө надад өгсөн юм шүү дээ" гэж Опра гайхуулав. Номын өргөөндөө Опра яг адилхан хавтастай олон ном өржээ. "За миний амьдралын хамгийн том шагналууд энд байна даа. Пулицерийн шагналт зохиолчдын номнуудын эхний хэвлэлтүүд бүгд бий" гэлээ. Анх таарснаа тавиураас татаж гаргаад нээвэл "Уур хорслын үр жимс". "Алив л дээ" гэж тэр хөөрсөндөө дуу алдлаа. Хамгийн сүүлд нь нэлээн эртний харагдах илгэн цаасыг сайхан жаазлаад хаалганы дэргэд өлгөснөө харууллаа. "Хайрлагдсан" киноны зургийг авч байхдаа би яг энийг өрөөндөө байлгадаг байлаа. Энэ дээр боолын нэр, нас, үнийг бичсэн байгаа юм. Би Лос Анжелос руу буцахын өмнө Опрагийн гэрийн нэг ариун цэврийн өрөөнд ороод гарах замдаа түүнд хэллээ. "Теллурид байдаг байшинд чинь биеийн хэлбэрт чинь тааруулж цутгасан ванн байдаг байсан даа?" гэтэл тэр тийм ээ гэв. "Би одоо ч сайхан ванн хэрэглэдэг шүү. Үнэндээ эмэгтэй хүний худалдаж авч чадах хамгийн сайхан ванн авах гэж би их цаг зарцуулдаг. Үнэндээ Стедмэн энэ ваннанд орж үзээгүй. Би Чикагод байхдаа энэ ванныг чинь авчих уу гэж хэлээд л энийг авчихсан юм даа. Тэр энэндээ нэг ч удаа усанд ороогүй байх" гэлээ.
Нохой, ванны амлалт...
- Ер нь ваннаа хүртэл захиалгаар хийлгэх сэдэл хаанаас бий болоо вэ?
- Чи хаанаас үүдэлтэйг нь мэднэ ээ. Гэхдээ хэлье. Үнэн шүү" гэхдээ дуу нь нэлээн доод өнгө рүү ороод явчихлаа. Шоуныхаа үеэр ийм хоолойгоор ярьвал хэлэхэд нэлээн хэцүү сэдэв хөнддөг дөө. "Би 100-хан метр квадрат байшинд аавтайгаа олуулаа өссөн болохоор л тэр. Бид бүгд ганцхан ванн хэрэглэдэг. Би гадуур явж байхдаа жишээ нь зочид буудалд маш сайхан ванн байгааг харсан. Манай ванн болохоор кометоор яаж ч угаасан өнгө орохооргүй болтлоо шарлачихсан. Мэдээж дүрэм юм хойно би цэвэрлэнэ л дээ. Тэр үед би дотроо, би өөрийн гэсэн гэртэй болохоороо заавал гоё ваннтай болно гэж амлаж байлаа" гэж хэлээд өнөөх янзаараа инээв. "Бас яг ийм л болохоор би 11 нохойтой юм шүү дээ. Би Милвокийгээс жирэмсэн, дээр нь бас нохой тэврээд ирэхэд аав тэр нохойг гэртээ оруулаагүй юм. Хөөрхий гадаа амьдрахаас өөр аргагүй болсон". Тэр үед бас л өөртөө хэзээ нэгэн цагт мөнгөтэй болохоороо би хүссэн тоогоороо олон нохойтой болно гэж амласан. Хамгийн инээдтэй нь аав Индианагийн байшинд ирэхэд хаа сайгүй нохой байж таарна аа даа. Тэгсэн аав "Энэ нохойнуудыг хараач. Хаана ч очсон нохой. Надад суух ч газар алга" гэж байна. Тэгэхээр нь би, "Одоо тэдний гэр энэ шүү дээ. Сууж болох уу гэж та тэднээс асуу л даа" гэлээ. Ингэж л би нохой, ванны тухай амлалтаа биелүүлсэн дээ.
Эх сурвалж: Vogue сэтгүүл
Орчуулсан Б.Шагай
Сэтгэгдэл байхгүй байна