Хөвсгөл аймгийн 12 мянга гаруй иргэн элэгний вирусын шинжилгээнд хамрагджээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов. Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусын шалтгаант нас баралтыг зогсоох зорилт тавьсан. Энэ хүрээнд энэ онд 40-65 насны иргэдийг В, С вирусын шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болсон.

2018 онд үлдсэн бүх иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Хөтөлбөрийн нээлтийг аймаг бүрт хийж, өдөрлөг зохион байгуулснаар иргэд заавал Улаанбаатар хот руу явж зардал, чирэгдэл болохгүй орон нутагтаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд маш идэвхтэй хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн нээлт нийслэлийн 9 дүүрэг, 11 аймагт амжилттай явагдсан бөгөөд энэ хүрээнд нийтдээ 37 мянга гаруй иргэдийг элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байна” гэх мэдээлэл өглөө.

-Хөвсгөл аймгийн зургаан сум Түргэн тусламжийн шинэ машинтай боллоо-

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг тавдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдвал зохих 32785 иргэнээс 12171 хүн буюу 37.1 хувь нь эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 15.6 хувь нь В вирусын, 10.7 хувь нь С вирусын, 0.8 хувь нь хавсарсан халдвартай нь илэрсэн байна.

Түүнчлэн С вирусын халдвартай 1028 сорьцыг дараагийн шатлалын лабораторид шилжүүлж, 604 хүний шинжилгээг хүлээн авч, анхан шатны эмнэлгүүдэд дамжуулан эмчилгээнд хамруулсан аж. Хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн ихтэй тус аймаг сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр улсад тэргүүлэх болсон байна. Тиймээс цаашид “Элэг бүтэн” Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр засаг, иргэд, ААН болон салбарын бусад эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллана гэдгээ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр онцолж байлаа. Мөн хөтөлбөрийн нээлтийг алслагдсан зургаан суманд ирэх сард зохион байгуулж, иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн өмнөх талбайд өчигдөр болсон өдөрлөгийн үеэр 500 гаруй иргэд үзлэг, оношлогоонд хамрагдсан юм. Үүний зэрэгцээ үзлэгийн үеэр Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нар элэгний хавдрын сэжигтэй нэг тохиолдол илрүүлжээ.

Мөн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ЭМЯ-наас өдөрлөгийн үеэр шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппаратыг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд, хүчил төрөгчийн өтөгрүүлэгчтэй аппаратыг Хатгал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ Яаралтай түргэн тусламжийн машиныг Хөвсгөл аймгийн зургаан сумын Эрүүл мэндийн төвд өгч, жолооч нарт түлхүүрийг нь гардуулсан юм. 

Дашрамд дурдахад, Улсын хэмжээнд хорт хавдраар нас барсан 197 тохиолдол бүртгэгдсэний 42.2 хувийг элэгний хорт хавдрын шалтгаан эзэлжээ. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээн дэх явуулын үзлэгээр улсын хэмжээнд 42 хорт хавдрын тохиолдол эрт илрүүлгийн шатандаа оношлогдсон байна. Эдгээрийн 24 иргэнд нь эмчилгээг хийж, бүрэн эдгээсэн бол үлдсэн иргэд Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025