Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ИТХ-ын дарга М.Оюунбат болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппарат, хүчил төрөгчийн өтөгрүүлэгчтэй аппаратыг Булган аймгийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Түүнчлэн Яаралтай түргэн тусламжийн 12 шинэ машиныг албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа болов.

Энэ өдөр Булган аймгийн иргэдэд ХӨСҮТ, Хавдар судлалын Үндэсний төв, Улсын гуравдугаар Төв эмнэлэг, Герентологийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж, элэгний B, C вирусын шинжилгээнд хамруулсан юм. Эмч нарт үзүүлэхээр Төв талбайд ирсэн иргэд “Бид Улаанбаатар хот руу тэр бүр явж эмчилгээ хийлгэж чаддаггүй. Хотод зориод очлоо гэхэд эмнэлэгт ор олдохгүй. Бас олон хоног хүлээдэг. Ийм үед нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үнэгүй үзлэг хийсэн нь нүдээ олсон ажил болж байна. Элэгний вирусаа тоолуулж, өвчнөө оношлуулаад, эм тариагаа ч үнэгүй авчихлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Булган аймгийн Эрүүл мэндийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 12100 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн В, С вирусыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг шат дараатай хийж, 800 хүнд эм, эмчилгээг үнэгүй хийхээр болсон байна.
Энэ талаар Булган аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга С.Нарантуяа “ЭМЯ 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгосон. Жилийн ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлыг олон талт шинэлэг хэлбэрээр явуулж байна. Улсын клиникийн төв эмнэлгүүдийн хамтарсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг газар дээр нь зохион байгуулж, эрт илрүүлж байгаа нь туйлын чухал юм. Булган аймгийн хувьд элэгний хорт хавдраар улсад тэргүүлдэг. Тиймээс элэгний хавдрыг бууруулах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудын нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилсан “Нэг үе Булганыхан” ТББ “Хавдаргүй Булганыхан” төслийг санаачилсан нь Монгол Улсын Засгийн газрын санаачилсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй уялдаад манай аймагт маш амжилттай хэрэгжиж байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл байхгүй байна