Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн талаар АТГ-ын үүдэнд хохирогчийн эгч Ч. Саранзаяа болон өмгөөлөгч хуульч М.Ичинноров нар мэдээлэл хийв. Тэд “Шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд Д.Гантулга гишүүн санаатайгаар нөлөөлж, хуурамч дүгнэлт гаргуулсан гэх нотлох баримт бидний гарт байна. Тийм учраас АТГ-т хандан гишүүнийг болон Шүүх эмнэлэгийн хүрээлэнг шалгуулах хүсэлт гаргаж байна” гэв. Мөн тэд АТГ-т хандаж гаргасан өргөдлөө оруулж өгсөн юм.
Хуульч, өмгөөлөгч М.Ичинноров: Ор хөнжлийн даавуу болон хохирогч бүсгүйн дотуур хувцасыг авч явж шинжилгээнд өгсөн
-Өнөөдөр бид яагаад АТГ-т хандаж байгаа вэ? гэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон хүчингийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгоод хаасан. Харин бид дээд шатны прокурорт шалгуулах өргөдөл гаргасан байгаа. АТГ-д хандаж байгаа гол шалтгаан УИХ-ын гишүүний захиалгаар эд мөрийн баримт болон нотлох баримт усгасан байж болзошгүй, хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байх ийм нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Энэ ажилд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр хандаж байна.
Хэрэг зургадугаар сарын 12-ны өдөр гарсан. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагийн зүгээс эд мөрийн баримт болох ор хөнжлийн даавуу болон хохирогч бүсгүйн дотуур хувцасыг авч явж шинжилгээнд өгсөн байдаг. Ингээд шинжилгээний хариу 15-ны өдөр гарсан. Шинжилгээгээр “эр бэлгийн эс хохирогч бүсгүйн дотуур хувцаснаас илэрсэн” гэсэн хариуг утсаар хэлсэн. Үүний дараа буюу зургадугаар сарын 15-нд шинжилгээ хийсэн Даваасүрэн гэх эмч ажлаасаа чөлөө авч, түүний оронд Оюун гэдэг эмч томилогдож ажилласан байгаа. Ингээд бидэнд шинжилгээ хийгдсэн хариуг штрикээр дарж устгаж, дор нь өөр мэдээлэл тавьсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүний зураг бидэнд байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагаас ирж эд мөрийн баримт авсан. Тухайн эд мөрийн баримтаас арчдас авч, эр бэлгийн эс илэрсэн эсэхийг шалгахаар даавуу болон дотуур хувцасны хэсгийг шинжилгээнд явуулсан гэсэн үг.
Бид шинжилгээнд өгөгдсөн даавуу болон дотуур хувцасны жижиг хэсгээс бусдыг нь бидэнд ирсэн байгаа. Шинжилгээнд явуулсан хэсгийг устгасан гэсэн ийм ойлголттой байна. Тэгвэл тэр хэсэг мөн бид нарын гар дээр ирсэн байгаа.
Энэ хэрэг бол маш ноцтой гэмт үйлдэл, Шүүх эмнэлэгийн шинжилгээний газар хийгдсэн. Иймд “АТГ хэргийн үнэн зөвийг тогтоож өгөөч” гэсэн өргөдөл өгч байна. Шүүх эмнэлэгийн үндэсний хүрээлэн АТГ авсан байж болзошгүй бөгөөд гэмт хэргийн эд мөрийн баримтыг устгасан, зохион байгуулалттайгаар том гэмт хэргийн үйлдэл хийгдсэн байж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа учраас ийнхүү шалгуулах гэж байна.
-Хэрэв авлига авсан нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээх вэ?
-УИХ гишүүн Д.Гантулгын хувьд би анхнаасаа л хэлсэн. Хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэдэг нь олон талаар нотлогдоод байхад “Та өөрөө огцроод нэрээ татаж шалгуулаач ээ. Мөн ёс зүйн хувьд ч гэсэн уучлалат гуйгаач” гэж хэлсэн. Бид нарын зүгээс түүнд бас анхааруулсан. “өшөө олон зүйл гаргаж ирнэ шүү” гэж хэлсэн. Гэтэл гишүүн өөрөө ямар нэгэн үйлдэл хийж хариуцлага хүлээхгүй байна. Гэтэл УИХ-ын гишүүний хувьд нотлох баримт хуурамчаар үйлдэхэд нөлөөлсөн бол хүчингийн хэрэг дээр нь нэмэгдээд эд мөрийн баримт устгасан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэсэн гэмт хэрэг нэмэгдэнэ. Мөн нэмээд авлигын хэрэг нэмэгдэнэ. Тэгэхээр энэ хүний хавтаст хэрэг болон ялын хэмжээ л нэмэгдээд байна. Мөн энэ хэрэг энгийн нэг хүчингийн хэрэг гэж ойлгож огт болохгүй, нийгмийн маш том хэрэг юм. Яагаад гэхээр төрийн өндөр албан тушаалтанууд өндөр босготой болох, ёс зүйн асуудал, хариуцлагын асуудал зэрэг олон асуудал хөндөгдөж гарч ирнэ. УИХ гишүүн гэмт хэрэг хийсэн үед яагаад шалгахгүй байна гэх зэрэг олон асуудал гарч ирж байна. Мөн энэ шүүх эмнэлэгийн шинжилгээний хүрээлэн дээр болсон асуудал нотлогдвол хуулийн байгууллагуудын авлигын хэрэг хөндөгдөнө. Ер нь маш том цэвэрлэгээ хийгдэх тохиолдол болно.
Мөн үүнтэй холбоотой хохирогч хамгаалах асуудал огт байхгүй байна. Гэрч хохирогч хамгаалах асуудал байхгүй байна. Бид мөн АТГ-д өргөдөл өгсөнийхөө дараа УИХ-ын дарга болон ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргана. Яагаад гэхээр иргэд маш их хүлээлттэй байгаа. Мөн гишүүний тойргийн иргэдээс бидэнд хандсан. Юу гэсэн вэ? гэхээр “УИХ-ын сэнтийд ийм хүмүүсийг залчихаад доромжлуулж суумаргүй байна” гэсэн ийм асуудал маш ихээр ярьж байна. Мөн улс төрийн намын хувьд ч гэсэн хариуцлагатай хандах байх гэсэн хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (1)