-Баянгол дүүрэгт зайлшгүй шинэчлэх шаардлагатай 266 лифт байна-
Сүүлийн үед иргэдийг орон сууцнуудын лифт буюу цахилгаан шатны ашиглалтын хугацаатай холбоотой асуудал айдас, хүйдэст автуулах болсон. Тэр дундаа хуучин байрнуудын лифтэнд суух бүртээ иргэд цаазын тавцанд гарч байгаа мэт сэтгэгдэлтэй суудаг гэхэд хилсдэхгүй. Ингэх үндэслэл ч бий. Учир нь цахилгаан шат гацлаа, уналаа хүн гэмтлээ, бэртлээ гэх дуудлага онцгой байдлын албанд ойр ойрхон ирэх болсон.

Манай улсын хувьд 70-80 аад оны 30-35 жил ашиглагдсан цахилгаан шат өнөөгийн ард иргэдийн хэрэгцээг арай ядан хангаж байгаа. Эдгээр цахилгаан шатыг ОХУ-д үйлдвэрлэхээ больсон, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй зэргээс болж бидний хэлж заншсанаар монголчлон хөдөлгөх төдий өнөө маргаашийг бардаг нь нууц биш. Энэ нь мэдээж өнөөх л хөрөнгө мөнгөтэй холбоотой.
Улсын төсөв, нийслэлийн төсөвт цахилгаан шатуудыг засаж, сайжруулахад төдийлөн хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй. Энэ асуудлыг орон сууцнуудын СӨХ-д даатгадаг. Цахилгаан шат нь нийтийн өмчдөө харьяалагддаг учир Сууц өмчлөгчдийн холбоо гардаж ажиллах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч СӨХ-д хуучин цахилгаан шатыг засаж сайжруулах хэмжээний хөрөнгө мөнгө цулгадаггүй хэмээн ам тагладаг. Төрийн байгууллагууд ийнхүү бие биерүүгээ булзайруулж байх зуур ашиглалтын хугацаа хэтэрч, эвдрэл гэмтэл нь дийлдэхээ больсон лифтнээс болж иргэд хохирсоор байна.

МХЕГ төрийн хяналтын гол байгууллага гэдэг утгаараа орон сууцны чанар, аюулгүй байдлыг давхар хянаж байх үүрэгтэй. Тэд ч ажил үүргийнхээ дагуу холбогдох газруудтай хамтран шинэ болон хуучин барилгуудын цахилгаан шатанд шалгалт хийдэг. Шалгалтаар дийлэнх компаниуд шаардлага хангахгүйгээр зогсохгүй, эвдрэл гэмтэлтэй ашиглах хугацаа хэтэрсэн цахилгаан шатыг ашиглаж байгаа нь тогтоогдож байна.
Тэгвэл хуучин байрнуудын цахилгаан шатны эвдрэл гэмтлийн асуудал Баянгол дүүрэгт их байгаа юм. Тус дүүргийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцанд 762 цахилгаан шат байдгаас 266 цахилгаан шатыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Судалгааны дагуу цахилгаан шатыг шинэчлэх ажлыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн гэж байгаа ч оршин суугчид өөр зүйлийг ярьж байгаа юм. Тэдний хэлж буйгаар “Лифтийг засаж сайжруулж байгаа гэж ярьдаг ч манай байрны лифт өдрөөс өдөрт муудсаар гацах хугацаа нь улам ойртож, сэтгэл түгшээх болсон. Хаагуур засаж, янзлаад байгааг нь мэдэх юм алга” хэмээцгээв. Харахад жижиг асуудал хэдий ч үүнээс үүдэж хүний амь нас эрсдэж болох учраас хуучны орон сууцнуудын лифтний асуудалд холбогдох газрууд, төрийн түшээд анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн Баянголчууд санал хүсэлтээ хэлж байна.

Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүр
Сэтгэгдэл байхгүй байна