А.Гансүхийн хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг шүүх энэ сарын 20-нд буюу маргааш хэлэлцэнэ
2017/06/19

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал уг хэрэгт,  “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Мөн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.

Тэднийг шалгах АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалт дуусч прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаж үзээд шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь шүүх  энэ хэрэгт нэмэлт  байцаалт хийх хэрэгтэй гэж үзсэнийх юм.

Харин мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэгэхээр прокурорын байгууллагын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж буй бололтой юм. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх  шүүхийн хурал энэ сарын 20-нд буюу маргааш товлогдоод байна.

Ингэснээр анхан шатны шүүхийн өмнөх  шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин шалгах уу, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүх хурлыг товлох уу гэдгийг  шийдэх юм. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүх хурлыг хийхээр болбол энэ хэргийн хамтрагч гэгдэж байсан өнөөгийн нэр дэвшигч Х.Баттулгын асуудал давхар яригдах нь тодорхой. Учир нь Х.Баттулгыг тухайн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгааг  өнгөрөгч оны наймдугаар сард прокурорын байгууллагынхан нотолж байсан. Харин түүнээс хойш Х.Баттулгын гэм зэмгүйг тогтоосон тухай мэдээлэл огт дуулдаагүй болохоор сэжигтэн хэвээр байгаа гэж ойлгогдож байгаа юм.

Энэ ч учраас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхийг шаардсан хууль хяналтын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдээд байгаа. Тэд “Одоо тэр сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ.” Гэсэн асуултыг тавьж байгаа бөгөөд  “Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал” гэсэн юм.

Ямартай ч дээрхи хэргийн хамсаатан гэгддэг А.Гансүхийн хувьд  шүүх хурал болох нь тодорхой болж байх шиг. Хэрэв Шүүх хурал болбол Х.Баттулгын хувьд  нэр дэвшигчээс хасагдах нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн санаа оноо ч бас явж байгаа юм. 

Б.Анир

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин