Баянгол дүүргийн наймдугаар хороо бол орон сууцны хороолол. Тэр ч утгаараа гэмт хэргийн гаралт бусад хороодтой харьцуулахад бага гэх төөрөгдөл иргэдийн дунд бий. Өөрөөр хэлбэл, орон сууцны хороолол хэдий ч баар цэнгээний газар, зочид буудал, үйлчилгээний төвүүд ихтэй учир хөл хөдөлгөөн тасардаггүй, үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт ч их байдаг байна. Хамгийн гол нь хүний хөл хөдөлгөөн ихтэй газар хэрнээ гэрэлтүүлэг, камержуулалт хийгдээгүй байдаг нь булаалт, хулгай, дээрэм, танхайн хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлдэг талаар тус хорооны цагдаагийн хэлтсээс онцолж байв.
Ийнхүү бид оршин суугчдаас ирсэн хүсэлтийн дагуу тус хорооны ... дугаар байрны эргэн тойрноос сурвалжлага, мэдээллийг бэлтгэх явцад орцны гаднах ганц гэрлийг эс тооцвол тэнд гээд заачих гэрэлтүүлэг байхгүй, камержуулалтыг бүр ч дурсах шаардлагагүй гэмээр нөхцөл байдал, орчинтой нүүр тулсан юм.
Тухайн ... -р байрны баруун талд зочид буудал, замын эсрэг талд нь авто угаалгын газар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Мөн байрнаас 10 метр хүрэхгүй зайд автозам байрладаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг оршин суугчид хэлж байна.
Улмаар хяналтын камер бүү хэл гэрэлтүүлэг ч байхгүй тус хэсгээр иргэд шөнө, оройн цагаар явахдаа “мөнхийн түгшүүртэй” байдаг гэдгээ учирлаж байв.
Оршин суугч "О": Камер, хамгаалалтын систем байхгүй учраас машины эд анги байнга хулгайд алдагддаг
Энэ талаар иргэн О “Та нар шөнө оройн цагаар энэ хэсгээр яваад үзээрэй. Айж түгшээд явж чадахгүй. Эд зүйлээ хулгайд алдах, хүнд зодуулах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Бас камергүй, хамгаалалтын систем байхгүй учраас байрныхаа гаднаас машины толь, аккумлятор, дугуй болон эд ангийг хулгайд алдах тохиолдол их. Би тэр улаан машины жолооч. Саяхан миний машины толийг хулгайлчихсан байсан. Хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байсан бол ийм асуудал гарахгүй байсан” гэж ярилаа.

Оршин суугч "А": Ийм байрыг Улсын комисс, СӨХ хүлээж авсаныг гайхаж байна
Мөн өөр нэг иргэн “Анх бид гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай, харуул хамгаалалт чангатай аюулгүй амьдрах орчин хангагдсан байранд орлоо гэж бодсон. Гэтэл Улсын комисс, Сууц өмчлөгчдийн холбоо яагаад ажлаа дуусаагүй байхад нь энэ байрыг хүлээж авсныг гайхаж байна. Байранд орсны дараа дулааны шугам, сүлжээнд холбож байгаа гээд байрны урд талын асфальтийг гурван ч удаа хуулсан. Тэрийг нь СӨХ-ноос мөнгө гаргаж, засварласан гээд асуудал мундахгүй их байна” гэв.
Тус байрны иргэд гэрэлтүүлэг, хяналтын камер суулгуулах асуудлаар 2011 оноос хойш Хорооны Засаг дарга болон бусад холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан байна. Гэвч “Бидэнд боломж байхгүй. Асуудлаа өөрсдөө шийд” гэсэн хариултыг өгсөөр өдийг хүрчээ. Ийнхүү хаана хандахаа мэдэхээ байсан иргэд Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүрийн холбогдох хүмүүст хандаж, асуудлыг цааш уламжилж өгөхийг хүссэн юм.

Орцны гадна талын "цорын ганц" гэрэл

Машины гэрлийг замын гэрэлтүүлэгтэй "андуурав"

Байрны хажуу талд залгаа шахуу зочид буудал

Оршин суугчид байрнаасаа гарч хоёр алхаад л автомашины зам
Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүр
Сэтгэгдэл байхгүй байна