Ц.ДАВААЦЭРЭН: Манайх хүүхдийн зүрхний гажиг засах мэс заслаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн

Гранд-Эрүүл мэнд” булангийн энэ удаагийн зочин П.Н.Шастины нэрэмжит Улсын III Төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Цэднээгийн Даваацэрэн. Түүнээс сүүлийн жилүүдэд газар авсаар буй нярайн зүрхний гажиг, түүний эмчилгээ, манай оронд авч байгаа арга хэмжээ болон бусад асуудлаар уншигчдын хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл авахаар зорьсон юм. П.Н.Шастины нэрэмжит Улсын III Төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн баг хамт олны ур чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж 2020 он гэхэд энэ төрлийн хүнд мэс ажилбарыг нярай, бага насны хүүхдүүдэд эх орондоо хийх бүрэн боломжтой болох сайхан мэдээг дуулгасан юм. Тус эмнэлэг дээр ирэх зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Сөүлийн их сургуулийн дэргэдэх Зүрхний төрөлхийн гажгийн институтийн баг ирж манай эмч нартай хамтарсан үзлэг оношилгоо хийн шаардлагатай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Ер нь зүрх судас, зүрхний эмчилгээ, хагалгаа тал дээр насанд хүрэгчдэд бүрэн дүүрэн хүрч ажилладаг хамгийн шилдэг нь тус эмнэлэг. Харин нярай болон бага насны хүүхдийн зүрхний гажгийг засах хагалгаа тун амжилттай явагдаж буй нь шинэ болоод чихэнд чимэгтэй мэдээ гэж болно. Сүүлийн 30 жилд 170 гаруй хүүхдэд амжилттай хагалгаа хийгээд байгаа арвин түүхтэй хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

 

-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх цочирдом мэдээ байхаа больсон нь эмзэглэл ч юм шиг. Нөгөө талаас хурдан шуурхай арга хэмжээ авч эмчилж эдгээх тал дээр манай эмч нар сайн ажиллаж байгаа нь бахархал ч юм шиг. Энэ төрлийн гажгийн шалтгаан, танай дээр хийгддэг үзлэг оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шалтгааны хувьд дотоод, гадаад хүчин зүйл гэж хоёр ангилна. Дотоод хүчин зүйл нь нөхөн үржихүйн үед эх нь ямар нэг суурь өвчтэй, жирэмслэн төрөхөд гажигтай төрнө. Хоёрдугаарт, хромсомын асуудалтай холбоотой удамшлын гажиг. Гадаад хүчин зүйл нь, нэгдүгээрт, агаарын бохирдол, хоёрдугаарт, хоол хүнсний витаминлаг чанар, хүмүүсийн ахуй амьдралын чанар  бүрэн хангадахгүй байгаагаас төрөлхийн гажиг үүсч байна. Барагцаалбал, 1000 хүүхэд тутамд 8-10 хувь нь төрөлхийн гажигтай төрж байгаа гэсэн дүн бий. Дэлхийн хөгжсөн орнуудад төрөлхийн гажиг бараг үгүй болчихсон. Хөгжиж байгаа орнуудад энэ асуудал бий.

Манайх дээр хүүхдээ авчраад үзүүлье, оношилгоо, мэс засал, хийлгэе гэвэл чөлөөтэй. Иргэдэд энэ талаар мэдээлэл хангалттай биш байна. Хаанаас ч ирсэн бай бид үзээд, хагалгаа хийх шаардлагатай хэнд ч болов үйлчилнэ. Энд хагалгаа хийх боломжгүй байвал гадаадад эмчлүүлэх эрхийн бичгийг нь хийж өгөөд явуулдаг дүрэм журамтай. Манайд 2016 онд 3-16 насны хүүхдүүдэд хагалгаа хийсэн. Манай эмнэлгийн дарга Төмөр-Очир зүрхний мэс заслыг хөгжүүлэхээр бидэнтэй сэтгэл, зүрхээрээ нэгдэж хамтдаа олон ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Он гарснаас хойш бид бие дааж 3 сартайгаас дээшхи хүүхдэд  хүнд, хавсарсан гажгийн мэс засал хийлээ. Үндсэндээ 2020 онд гэхэд стратеги төлөвлөлтөөр ямар ч хүүхдийг гадаад явуулахгүйгээр эндээ хагалгаа хийх зорилт тавин ажиллаж байна. Манайд долоо хоногт үндсэндээ 4 хагалгаа хийх боломжтой. Үзлэг хийхэд өдөрт хамгийн сүүлийн үеийн тоо гэхэд 20 хүүхэд эход харах, бүрэн оношлох боломжтой. Одоо бол 7-10 хүүхэд л үзэж байна. Шулуухан хэлэхэд иргэд мэдээлэлгүйгээсээ болоод Эх нялхас дээр урт дараалал үүсгэн цаг алдаад байдаг. Уг нь зүрхний гажиг цаг хугацаандаа эмчилбэл бүрэн эдгэнэ. Чи хэрвээ зүрхний төрөлхийн гажигтай нэг хүүхдэд мэс засал хийгээд, тэр хүүхэд чинь эдгэчих юм бол нэг хүүхдийг цоо шинээр төрүүллээ гэж өөртөө урамшиж яв гэж үг бий. Нэг хүнд амьдрал бэлэглэж байна гэсэн үг. Хамгийн гол нь зөв ойлгож цаг тухайд нь хүүхдээ үзүүлэх хэрэгтэй. Манайхан гэтэл хүүхдээ битгий хэл өөрийгөө ч анзаардаггүй. Нэлээн хүндэрсэн хойно нь эмнэлгээр явж эхэлдэг.

-Зүрхний гажгийг багад нь оношлох энгийн ямар арга байдаг вэ?  
-Хөхөө яаж хөхөж байна, уруул ам нь хөхрөөд байна уу, үргэлжлүүлж хөхөхгүй хэсэг амарч байгаад хөхөөд байна уу, эсвэл хэвийн хөхөж байна уу гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Энэ бүхнээс илүү анхаарах ёстой зүйл бол та хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол таны бие эрүүл байх ёстой. Сэтгэл санаа тайван байх ёстой. Элдэв суурь өвчин байвал эмчлүүлж байж жирэмсэл. Тэгвэл өөрөө ч зовлонгүй хүүхдээ тээнэ, хамгийн гол нь эрүүл хүүхэд төрнө.

-Та бүхэн маш хүнд төрлийн гажгийг засах хагалгааг амжилттай хийсэн юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлбэл?
-Манайд олон сайн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нар бий. Тухайлбал, Дамдинсүрэн,  Ариунцацрал эмч нар маань хамтран зүрхний төрөлхийн гажгийн цоорхойд судсаар нь хийх хагалгааг гардаж хийлээ.  Ховдол хоорондын таславчийн цоорхой нэлээн төвөгтэй гажиг. Энэ төрлийн 198 мэс засал хийхэд хоёр хувьд нь хүндрэл гарсан. Тосгуур хоорондын таславчийн цоорхойг бөглөх үндсэндээ хийгдэх боломжтой хагалгаанд орж байгаа. Төрөлхийн гажиг дотроо хавсарсан гажиг гэж бий. Дан гажгийг аль ч хэлбэрийнхийг бид засаж байгаа. Бид сая Фаллогийн дөрвөлсөн гажгийн хагалгааг 3 настай хүүхдэд амжилттай хийлээ. Статистик авч үзвэл манайх 30 жилийн хугацаанд 2300-аад хагалгаа хийсэн байна. Үүнээс нярай бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн хагалгаа жилд 30 гэж үзвэл 160-170 хүүхдэд хагалгаа хийгээд байна.

-Сайхан мэдээ байна. Эмч нарын чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг чухал. Нөгөө талаас тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн жишигтэй хөл нийлүүлж чадсан уу? Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Манай эмнэлгийн дарга Төмөр-Очир энэ эмнэлгийг дэлхий нийтийн стандартад нийцсэн эмнэлэг болгохын төлөө зүтгэж яваа их шаргуу хүн. Яг одоо гурван багаж дутагдалтай байгаа. Энэ таван сард ирчихнэ. Тэгэх юм бол дутуу юм байхгүй. Гэхдээ зөвхөн тоног төхөөрөмжөөр бүх асуудлыг шийдэхгүй. Манайх өмнө нь дан насанд хүрэгчдэд зүрхний хагалгаа хийдэг байсан бол бага, нярай хүүхэд нэмэгдснээр хагалгааны дараагийн сэхээн амьдруулах явцын бэрхшээл гарч ирсэн. Энэ тал дээр анхаарч манай хоёр эмч Солонгост хүүхдийн мэс заслаар мэргэжил эзэмшээд ирсэн. Уушги зүрхний аппарат ажиллуулахыг Төржаргал эмч маань сураад ирсэн. Ингэснээр бидний бэлтгэл бүрэн хангагдаж, хагалгаа саадгүй хийх үед хүрч ирлээ.

Гэтэл асуудал байгаа. Би мэргэжлийн хүмүүсийг шүүмжилж байгаа юм биш, зөвөөр ойлгох хэрэгтэй.  Гурван сая хүн амтай улсад эмчилгээний статистикаар эрүүл мэндийн нэг төв байх ёстой юм. Гэтэл манайд энд ч нэг юм байгуулаад, тэнд ч нэг юм байгуулаад иргэд алинд нь хандах ёстойгоо ойлгохгүй байдалтай байна. Эх нялхасыг шүүмжилмээр байгаа юм. Ухаалаг ажиллах ёстой юм. Тэнд 200-300 хагалгаа хийсэн гээд байгаа юм. Гэтэл үнэндээ тэнд 200, 300 хагалгаа хийх хугацаа ч болоогүй, нөхцөл ч байхгүй. Тэнд хүүхдүүд овоорчихсон. Манай энд хүүхэд байдаггүй. Манайх руу дауны синдромтой нэг бол уушгины артерын деффитенцтэй болчихсон хүүхдүүдийг хагалгаа хийлгэ гэж явуулдаг. Гэтэл бид чинь зүрхний мэс заслын 60 жилийн туршлагатай, мэргэжлийн эмнэлэг шүү дээ. Бид ард түмний хүүхдийг аварч хамгаалах тангараг өргөсөн улс. Тэнд вант улс шиг баахан хүүхэд шавуулчихаад тийш нь явуулна, ийш нь явуулна, гурван сар, дөрвөн сар болоод хүрээд ир гээд байдаг. Утгагүй. Энийг онцлоод байгаа нь цаг хугацаа алдаад байна. Тун ч харамсалтай биз. Хугацаа алдсанаас болоод уушгины артерын даралт нь ихэсчих юм бол хаана ч хагалгаа хийх боломжгүй болдог. Яахав өндөр хөгжсөн оронд, Орост ч юм уу, бага насны хүүхдийн уушгины артерын даралт өндөрсөхөд хагалгаа хийдэг тусгай тасаг байдаг. Асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэггүй юм.

Тэгэхлээр энэ төөрөгдөл, үл ойлголцлыг шийдэх их энгийн. Жишээлбэл, цусны цагаан зохиомол эргэлтийн аппараттай хагалгаа хийх хүнээ нааш нь явуулчих. Бид хагалгааг нь хийж өгөөд явуулчихъя. Эх нялхасынхан харин сэхээндээ авчих. Тэнд цусны зохиомол эргэлтийн аппаратгүй хийх хагалгаа бий. Тэрийг бид хэлээд өвчтнөө тэнд хагалгаа хийлгэх ёстой. Энэ мэтийн уялдаа байх хэрэгтэй байна. Хүний эрүүл мэнд чухал болохоос хоёр эмнэлэгийн аль нь олон хүн, хүүхэд эмчлэх вэ гэдэг асуудлын гол биш шүү дээ.

-Ирэх зургадугаар сард зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийх, цаашлаад мэс засалд хамруулах мэдээ түглээ. Энэ талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?
-Зургадугаар сарын 18-25-нд хийгдэх үзлэг бол Сөүлийн их сургуулийн дэргэдэх Зүрхний төрөлхийн гажгийн институттэй бидний хамтарсан гэрээний үндсэн дээрх ажил юм. Хамтарсан үзлэгээр хүнд хүүхдүүдэд долоо хоног хагалгаа хийнэ. Солонгосоос багаараа 20 гаруй хүн ирнэ. Манай тасаг 34 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс мэс заслын эмч 7, бусад нь тус тусдаа чиглэлийнх. Тухайлбал, Ариунцацрал эмч бол олон улсын мэргэжлийн түвшинд эхо хардаг хүн. Манайх хагалгааны үед эхо харна, хагалгааны дараа эхо харна, хагалгаа хийж байгаа үед эхо харна. Цусны зохиомол эргэлтийн машин ажиллуулдаг эмч Ч.Төвжаргал, Э.Туул, зүрхний унтуулгын эмч Н.Дэмид-Од, Г.Ундармаа гэх мэт эмч нар байна. Энэ үеэр 14 хүүхдэд хагалгаа хийхийг зорьж байна. Үзлэгийн хувьд зохион байгуулалт хийж байгаа. Ирэхээс нь наана үзлэгт орох хүүхдүүдээ бэлдчихнэ. Өдөрт 20 хүүхэд үзнэ. Яагаад гэвэл зүгээр чагнахгүй зүрхний бичлэг нарийн шинжилгээ хийнэ. Нийт 140 хүүхэд үзэх тооцоотой байгаа.

-Барагцаагаар 140 хүүхэд үзлэгт орно гэдэг боломжийн тоо. Гэхдээ эцэг эхчүүд бүгд хүүхэддээ хагалгаа хийлгэхийг хүснэ. Багтахгүй үлдсэн хүүхдүүдийг яах вэ?
-Бүгд багтахгүй байвал бид эндээ авч үлдээд хуваарийг нь гаргаж байгаад хагалгаа хийнэ. Хэрвээ бид нарын хэрээс хэтэрсэн төвөгтэй хүнд хагалгаа байх юм бол бичиг баримтыг нь бүрдүүлээд Солонгост хагалгаа хийлгэхээр явуулна.

-Энд хагалгаа хийгдэх нөхцөлд тухайн гэр бүлээс ямар зардал гарах вэ?
-Гадаадад явах юм бол зардлыг хамгийн багаар тооцоход монгол мөнгөөр 120-130 сая төгрөгний хагалгааг нэг хүүхэд зарцуулагддаг. Эндээ хийвэл 10 гаруй сая төгрөг. Үүний 70 хувь нь Эрүүл мэндийн даатгалаас ирчихнэ. Үлдсэн 20-30 хувийг нь ар гэрээс гаргана.

-Манай зүрхний мэс засал дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд олон олон гарц нээгдэж эх орондоо эдгэх боломж бүрдэж байгаа нь сайхан мэдээ. Өөр ямар ямар улсуудтай хамтын ажиллагаатай байна?
-Манайх Люксембургтэй бас хамтын ажиллагаатай. Хамтарч бага насны дөрвөн хүүхдэд хагалгаа хийлээ. Тэд есдүгээр сард ирж хамтарсан хагалгаа хийнэ. Бид бүгд шалгалт өгсөн. Та нар болсон байна, Европ эмнэлгүүдэд хагалгаа хийх бүрэн боломжтой болсон байна гэж өндөр мэргэжлийн хүмүүс бид нарыг үнэлсэн. Люксембургийн эмч нар бидэнтэй хамтраад хавхлагын гажиг, хоёр хавхлагыг нь засах хагалгааг хийх Европын стандартад хүрсэн байна гэж дүгнэсэн. Бид их урамшиж байгаа. Тэрнээс гадна зүрхийг өөрийг нь тэтгэдэг титэм судасны хагалгааг манайх өөрийн болгох гээд үе шаттай судлаад явж байна. 2020 он гэхэд зүрхний ямар ч хагалгааг гадаадад явуулахгүй гэсэн бодлоор манай хамт олон эрчимтэй ажиллаж байна.
Иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай хамт олонд улам их амжилт хүсье.

Ярилцсан Б.Ундрал
Фотог Б.Сайханбилэг

                                                                                                                                                               "Гранд" сэтгүүл №94

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Тунгалаг
    Манай хүүхэд зүрхний дөрвөлсөн гажигтай одоо 2 сар гарантай. эх нялхсын зүрх судасны эмч нарын хяналтанд байдаг. Бид заавал эх нялхсын эмч нараар дамжуулж 3-р эмнэлэгийн хяналтанд орох ёстой юу шууд өөрсдөө хувиараа очоод үзүүлж болох уу? Ер нь хэдэн сар хүрч байж хагалгаанд орох ёстой вэ. Эмч маань 3 сарын дараа ирээрэй гэсэн.
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025