Дэлхийн баячууд манайх шиг морь маль хөөрөг сэлт гэхээсээ илүү уран зурагт, урлагийн бүтээлүүдэд хөрөнгө мөнгө гамгүй зарцуулдаг жишигтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэж байдаг, галд шатаж, усанд урсах аюул, эрсдэл бага учраас урлагийн бүтээлүүдийг худалдан авч үр хойчдоо өвлүүлэх нөгөө талаар оюуны элит гэдгээ харуулахад тустай байдаг биз. Энэ удаад “Гранд сонгодог” булан бүх цаг үеийн хамгийн үнэтэй зарагдсан топ 10 бүтээлийн эхний 5-ыг хүргэхээр бэлдлээ. Энд зарагдсан гэж онцолсоныг анзаарна биз ээ. Өөрөөр хэлбэл эдгээр нь хамгийн үнэ цэнэтэй биш харин хамгийн үнэтэй зарагдсан бүтээлүүд юм. Түүнээс биш хэрвээ зах зээл дээр үнэ дуудвал хамгийн үнэтэй дүрслэх урлагийн бүтээлээр түм буман домгийн эзэн “Монализа” тэргүүтэн залрах нь гарцаагүй. Харин тэднийг зарахын оронд нэр хүндтэй музейнүүдэд байрлуулж, даатгалд нь мөнгө хөрөнгө харамгүй зарсаар ирсэн. Хамгийн үнэтэй даатгагдсан, хамгаалагдсан бүтээлээр өнөөх л “Жоконда” бичигддэг.
1. Густав Климт: Adele Bloc
h-Bauer-ын хөрөг
Үнэ: 135,000,000 ам.доллар
Рекорд эвдсэн энэ бүтээлийг 1907 онд урлагийн шинэ үеийн мастер гэгддэг Венийн зураач Густав Климт бүтээжээ. Тосон будаг, алтаар зотон дээр зурсан эл бүтээл зураачийн дотны найз чинээлэг үйлдвэрийн эзэн Ferdinand Bloch-Bauer-ын захиалгаар бүтсэн түүхтэй. Гүнгийн үзэсгэлэнт гэргий Adele Bloch-Bauer Густав Климтийн уран зургийн моделоор хоёронтоо сонгогдсон цорын ганц эмэгтэй юм. Энэ хатагтайг дүрсэлсэн Portrait of Adele Bloch-Bauer II бүтээл мөн л үнэтэй зарагдсан бүтээлүүдийн тоонд жагсдаг. /87.9 сая ам.доллар/
Дуулиан шуугиан, алкаголь, хүүхэн, зөрчил тэмцлээр дүүрэн адармаатай амьдрал туулсан зураач энэхүү хөрөг бүтээлдээ 3 жилийг зарцуулсан байна. Бүтээлийн үнэ цэнэ нь тухайн цаг үеийнхээ дүрслэх урлагийн арга барилыг эвдэж чадсан, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг өөр өнцгөөс нь харж чадсан бүтээл хэмээн үнэлэгддэг байна. Зургийг “Estee Lauder” брэндийг үндэслэгч Элти Лаудер хатагтайн хүү Рональд Лаудер 135 сая ам.доллараар 2006 онд худалдаж авсанаар бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй зургаар тодорсон юм.

2. Пабло Пикассо: Гаанстай хүү
Үнэ: 104,1,000 ам.доллар
Суут зураачийн уран бүтээлийн ягаан үед хамрагдах эл бүтээлийг Пабло Пикассо ердөө 24-тэйдээ туурвижээ. Испанийн зургийн багшийн хүү хар багаасаа авьяас нь тодорч, зурж эхэлсэн бөгөөд уран бүтээл нь ягаан, хөх гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг. Ягаан үедээ гэрэл гэгээтэй, өнгөлөг зураг ихээр туурвиж байсан бол хөх үедээ нийгмийнхээ шударга бус зүйлс, амьдралын хар барааныг дүрсэлсэн уйтгар гуниг дүүрэн зургуудаа туурвисан байдаг.
Эл бүтээлийн хувьд зүүн гартаа гаанс барьсан Парисын эгэл жирийн хөвгүүн толгойгоо сүлжмэл цэцэг бүхий чимэглэлээр гоёсон нь өвөрмөц харагдана. Пабло Пикассогийн өнгөлөг балчир үе хэмээн тодотгодог үеийн энэ бүтээлийг 2004 онд “Sotheby”-ийн дуудлага худалдаагаар 104,1 сая ам.доллараар зарагдсан нь урлагийн бизнесмэнүүдийг гайхашралд оруулж орхив. Учир нь “Гаанстай хүү” зураг кубист зураачдын бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болсон юм.
Сэтгэгдэл (1)