Амиа хорлох гэж байсан залуугийн тархиар бууны сум нэвт гарч хажууд нь байсан найз охин нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг Америкын Аласка мужид болсон бөгөөд 21 настай Виктор Сибсон найз охин 22 настай Бриттани Мэй Хаагийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж байгаа гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хосууд гэртээ байх үед Сибсон амиа хорлохыг завдан толгойнхоо зүүн чамархайн дээр гар буу тулгаж байгаад буудсан ба сум түүний толгойгоор нэвт гарч найз залуугийнхаа энэхүү үйлдлийг зогсоохоор оролдож байсан Бриттаныгийн цээжинд тусч хүнд шархдуулсан байна. Цагдаагийнхан хэргийн газраас ганц сумны хонгио олсон учраас энэ явдал давхар амиа хорлолт биш байсан болохыг нотолжээ. Бриттани цээжиндээ шархадсаны дараа ухаан алдаагүй ба хөршдөө хандаж түргэн дуудахыг гуйжээ. Харамсалтай нь тэрээр эмнэлэгт хүргэгдсэний дараа удалгүй амьсгал хураасан байна.
Хосууд ахлах сургуульд сурч байхдаа үерхэж эхэлжээ. Охины эгч Чэлси Хартман "Тэд үргэлж л аз жаргалтай байдаг байсан. Байнга тэврэлдэж бие биенээ үнсэн хоёр биедээ үргэлж цаг гаргадаг байсан. Тэд бие биедээ юунаас ч илүү хайртай байсан" хэмээн ярьжээ.

Харин охины ээж Шэлиа Лопец "Миний сэтгэл маш их өвдөж байна. Виктор манай гэр бүлийн нэг гишүүн байсан юм. Тэр намайг ээжээ гэж дууддаг байсан. Гэхдээ би охиныхоо оронд байсан бол бас л адилхан зүйл хийх байсан болов уу. Хэрэв хэн нэгэн тэр тусмаа хамгийн хайртай хүн маань нүдэн дээр минь амиа хорлох гэж байвал би мэдээж болиулахыг оролдоно. Миний охин ч яг л тийм зүйл хийсэн" гэжээ. Бриттани амьтан хамгаалах төвд ажилладаг байсан бөгөөд амьтны эмч болохыг хүсдэг тухайгаа ээждээ хэлж байжээ.
Хэрэг болдог өдөр Виктор маш их согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухай шүүхийн эмч Фаяат мэдэгдсэн байна. Түүний цуснаас шинжилгээ авахад алкоголийн хэмжээ хуульд зөвшөөрсөн хэмжээнээс гурав дахин их байжээ. Тэрээр өөрөө хэргээ хүлээж цагдаагийн байгууллагад хандан хуульч хөлслөх мөнгөгүй хэмээн мэдэгдсэн байна.
Викторт шүүхээс 99 жилийн ял оноож магадгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)