Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр ажил олгогч, аж ахуйн нэгжүүдээс шилдгээр шалгарсан 150 байгууллагад талархал илэрхийлэх ёслолд оролцлоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар 3 жил дараалан тус сангаас төлбөр гаргуулаагүй бол дараа жилийн шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараа жилд төлөх шимтгэлийг 10 хувь хөнгөлнө гэж заасан байдаг. Эдгээр болзлыг хангасан 150 ажил олгогч, аж ахуйн нэгжид ийнхүү хөнгөлөлт үзүүлэх эрхийг баталгаажуулж, талархал гардуулж буй юм.

Нийгмийн даатгалын таван сангийн нэг болох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 2016 онд 125.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Үүнээс 9.8 мянган даатгуулагчид 31 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгосон дүн мэдээ бий. Харин дээрх шилдэг 150 байгууллага ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдөж ажилладагийн хувьд дээрх тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаагүй гэсэн үг.

Шилдэг 150 аж ахуйн нэгж, байгууллагын ТОП-5 буюу Болор талархлын эзнээр
1. “Мобиком” ХХК,
2. “АПУ” ХК,
3. “Саусгоби Сэндс” ХХК,
4. ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
5. “Мөнхийн Баян Гал” ХХК тус тус шалгарсан.
Сэтгэгдэл байхгүй байна