Дэлхийн хамгийн аюултай 14 зам

Тоглоомын паркт та галзуу хулгана дээр сууж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүсийн хувьд үнэхээр хөгжилтэй байдаг ч заримынх нь хувьд зүрх амаар гарчих шахам аймшигт мэдрэмжийг авдаг. Тэгвэл та машиндаа суугаад галзуу хулгана давхидаг замаас ч аймшигтай замаар явж байна гээд төсөөлдөө. Өндөр хавцлын ирмэгээс хэдхэн сантиметрийн зайтай зам, эсвэл усан дээгүүр, зарим зам нь бүр усан доогуур хүртэл явна. Мөн хэдэн арван километрт танаас өөр ганц ч амьд амьтан харагдахгүй тийм эзгүй цөлд байх замаар машинтайгаа явах нь тун аюултай байж мэднэ. Та бүхэнд дэлхийн хамгийн аюултай 14 замыг танилцуулж байна.

Гуолиангийн хонгил, Хятад улс

Уг хонгил нь 1.2 километр урттай. Уулын дундуур ухаж гаргасан энэхүү зам нь явсаар Гуолиан нэртэй тосгонд хүрдэг ажээ. 1970 онд уг тосгоны иргэд Гуолиан хонгилыг гар хэрэглүүрээр ухаж бүтээсэн гэдэг. Энэхүү замын өргөн нь 4 метр бөгөөд болгоомжгүй жолооч нараас болж жилд олон осол гардаг гэнэ.

Маэклонгийн төмөр зам дагуух худалдааны зах, Тайланд улс

Энгийн үед уг худалдааны зах Тайландад байх олон арван худалдааны газруудын нэг мэт харагдана. Гэсэн ч удалгүй та алсаас ирэх галт тэрэгний чимээнээр захын худалдаачид зам дагуух лангуу болон бараануудаа хэдхэн секундийн дотор хурааж, захын дундуур галт тэрэг хурдлан өнгөрөхийг харах болно.

Юнгасын зам, Болив улс

Юнгасын зам нь Болив улсын Ла Паз болон Коройко хотуудыг холбон оршдог. Далайн түвшнээс дээш 3300 -гаас 360 метр хүртэл уруудах энэхүү уулын зам нь олон эргэлт, нугачаатайгаас гадна маш нарийн. Энэ замд хоёр машин өөд өөдөөсөө тулгарвал аль нэг нь буцаж ухран замын өргөн хэсэг хүртэл багагүй замыг туулах шаардлагатай болдог байна.

Аейр хурдны зам, Австрали

Та дээрх зургийг хараад энэ замын юу нь тийм аюултай гэж хэмээн бодож байж магадгүй. Энэхүү 1600 километр үргэлжлэх замд гардаг ослын хэмжээ маш их ажээ. Шалтгаан нь харин маш энгийн. Аейрын хурдны замд огцом эргэлт, саад гэх зүйл бараг байхгүй бөгөөд энэ нь ихэнх жолооч нарыг унтуулж орхидог гэнэ.

"Чөтгөрийн хамар" нэртэй төмөр зам, Экуадор

Дээрх төмөр зам нь далайн төвшнөөс 800 метрийн өндөрт байрлах "Чөтгөрийн хамар" нэртэй хадан уулын дагуу байрлана. Саяхныг хүртэл үүгээр явах галт тэрэгний дээвэр дээр жуулчдыг сууж явахыг зөвшөөрдөг байсан гэнэ. Харин одоо үүнийг хоригложээ.

Памбан төмөр замтай гүүр, Энэтхэг

Энэтхэг болон Энэтхэгийн Памбан арлуудыг холбосон гүүр. 1964 онд Палк Страйт хүчтэй салхины улмаас гүүр нурж байжээ. Тийм ч учраас одоо Энэтхэгийн энэ хэсэгт салхины хурд 55 км/ц -аас хэтэрсэн тохиолдолд галт тэрэгний зорчигчдод аюул тулгарч болзошгүйг анхааруулдаг байна.

Каракорам хурдны зам, Хятад улс

1300 километр үргэлжлэх Каракорам хурдны зам нь дэлхийн хамгийн өндөрлөг газарт байрлах зам хэмээн нэрлэгддэг. Замын зарим хэсэг далайн төвшнөөс дээш 4600 метрийн өндөр хэсгээр өнгөрдөг байна. Зуны борооны улиралд замын ихэнх хэсэг усанд автдаг бөгөөд уулын үеэр буух аюул ихэсдэг бол өвлийн улиралд замыг бүрэн хаадаг ажээ.

Пассаж ду Гой, Франц

Франц улс болон Нойрмутер арлуудыг холбосон энэхүү гарц нь далайн түрлэгийн үеэр тэр чигтээ усанд автаж машин явах боломжгүй болдог гэнэ. Тийм учраас өдөрт хоёр л удаа энэ замаар машин явж өнгөрөх боломжтой юм байна.

Лэ Манали уулын зам, Энэтхэг

Далайн төвшнөөс дээш 4-5км хүртэлх хэд хэдэн өндөр уулсыг дайран өнгөрдөг Лэ Манали замаар өдөрт маш олон машин явж өнгөрдөг. Хэдий маш нарийн замтай, нэг л жолоо алдахад амиа ч алдаж мэдэх аюултай боловч нутгийн иргэд энэ замаар салхи татуулан давхидаг байна.

Тианмэн уулын зам, Хятад

Арван нэгэн километр урттай, 99 тойргоос бүтэх Тианмэн уулын замаар та явсаар оройд нь байрлах Буддын сүмд хүрч очих болно. Замын зарим хэсэгт хоёр эргэлтийн хоорондын зай 200 метрээс ч богино байдаг тул жолооч нар тун болгоомжтой явах хэрэгтэй байдаг.

Салар дэ Уюуныг дайрч өнгөрөх зам, Болив улс

Салар дэ Уюуны элсэн цөл нь далайн төвшнөөс дээш 3650 метрт оршдог. Энэ хавийн газрын гадаргуу маш өвөрмөц бүтэцтэй бөгөөд анхааралгүй явснаас болж төөрөх явдал элбэг байдаг гэнэ. Мөн энэ замаар жуулчдын группийн хамт явж өнгөрөхөд  асуудалгүй боловч ганцаар явах нь тийм ч сайхан санаа биш ажээ. Учир нь энд өдөр нь нар шарж халуун байх боловч шөнөдөө -30 хэм хүртэл хүйтэрдэг байна.

Скипперс хавцлын хоорондох гүүр, Шинэ Зеланд

Ямарч бартаат зам, гүүр, огцом эргэлт, нүх сүв гээд л аюултай замд тулгарч болох гэнэтийн саад бэрхшээлүүд энэхүү гүүрэн замын дэргэд асуудал биш ажээ. Нутгийн машин түрээслэгчид энэхүү замаар дайран өнгөрөх гэж буй хүмүүст амь насны даатгал гаргаж өгөхөөс татгалздаг гэнэ.

Жэймс Далтоны зам, АНУ, Аляска

666 километр үргэлжлэх энэхүү замын зөвхөн 175 километр нь битум хучилттай бөгөөд үлдсэн хэсгийг та хайрган дээгүүр явж туулах юм байна. Зам дагуу гурван амрах газар, гурван шатахуун түгээх газар, ганц эмнэлгийн тусламж үзүүлэх газар байдаг. Нутгийн цагдаагийн газраас таныг энэхүү замд орохоос өмнө Аляскын хатуу ширүүн нөхцөлийг даахуйц хангалттай хоол хүнс болон бусад зүйлсийг базаасан эсэхийг заавал шалгадаг юм байна.

Үүлэнд хүрэх галт тэрэг, Аргентина

217 километр үргэлжлэх  төмөр зам 21 туннель, 42 гүүрийг дайрч гардаг. Төмөр замын энэхүү романтик нэрийг замын зарим өндөрлөг хэсгээр галт тэрэг үүлэн дундуур гарч явдагтай холбогдуулан өгсөн гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025