"Модернист" яруу найрагч Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярыг залилан хийсэн гэмт хэрэгтэн гэх мэдэгдэл хийсний дараахан Г.Батбаяр нэр төрд халдсан хэмээн 50 сая төгрөг нэхэмжилсэн гомдлоо холбогдох газарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл өчигдөр яруу найрагч Б.Галсансүх хэвлэлийн хурал зарлаж Г.Батбаяр өмгөөлөгчид хариуцлага тооцохыг Өмгөөлөгчдийн холбооноос шаардаж буйгаа мэдэгдэж, түүнийг өмгөөлөл үзүүлэхдээ хэнчээн төгрөг авдаг эсэхээ олон нийтэд зарлах ёстой гэх утга бүхий зүйлийг ч хэлээд амжсан юм.

Тиймээс энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн "Хүн амын орлогын татвар"-ын хэлтсийн ажилтан н.Номиндариас зарим зүйлийг тодрууллаа.
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 8.1.2-т, Үйл ажиллагааны орлого гэсний дагуу өмгөөллийн болон бусад үйл ажиллагаанаас олсон орлогынхоо 10 хувийг төлжээ. Тодруулбал, тэрбээр 2016 онд гэхэд л жилийн татвар болох 108 сая төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Мөн Иргэний орлого, төсөв, хяналтын газрын ажилтнаас, Г.Батбаярын татвар төлөлтийн талаар лавлахад, хувь хүний нууц хэмээн цааргалсан ч, хуулийн зөвлөхөөр ажилладаг, шилдэг татвар төлөгч, хуульчдын холбооны 5000 гишүүнээс ингэж татвараа төлдөг нь ховор. Манай шилдэг татвар төлөгчдийн нэг гэх хариултыг өглөө.
Бид Г.Батбаяр өмгөөлөгчтэй холбогдон, та шилдэг татвар төлөгч, нэг жилд 108 саяыг татварт төлдөг гэхээр орлого тань тэрбум давна. Ийм байж яагаад ганц хоёр сая төгрөгийн төлөө залилан хийсэн гэх гүтгэлгийн хариуд татвар төлөлтийнхөө баримтыг үзүүлээгүй юм бэ гэх асуултыг тавьсан юм. Харин тэрбээр, би хуульч өмгөөлөгч хүн. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.3-т заасанчлан хуулиар ногдуулсан албан татвараа төлөх үүргээ л биелүүлдэг. Гүтгэлгийн тухайд хууль хяналтын байгууллагууд шийдэх байх аа гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна