Хэн нэгнийг хэрэг хийсэн гэж хийсвэрээр сэтгэж, худлаар хачирлаж гүтгэх амархан болжээ... Эрүүгийн байцаан шийтгэх хуульд, Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн тов тодорхой өгүүлсэн байдаг ч гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй тухай холбогдох хууль, хүчний байгууллагынхан нь өөрсдөө хэвлэлийн хурал хийгээд л зарлачихдаг болоод байна.
Хорьж, саатуулж хэвлэл мэдээлэл, цахим орчноор нэг хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст буруугүй байжээ гэх дүгнэлтэд хүрсэн тохиолдол ч их. Элдвээр хэлүүлж, баахан гүтгүүлж, хүний нүүр харах аргагүй болсон ч хохирогч эцсийн эцэст хоёр яс салсандаа талархан чимээгүй үлдсээр байдаг.
Ер нь яах гэж хууль баталдаг юм бэ. Монголын хуулиудыг мэргэжилтнүүд боломжийн гэж үнэлдэг ч хэрэгжилтийн тухайд хэлэх үггүй гацах нь түгээмэл байна. Арга ч үгүй биз. АТГ нь хүртэл ангайж гайхмаар шийдвэр гаргачихаад ажлаа хийсэн хэмээн тайлан бичиж суудаг улс хойно. Тэгвэл энэ гайхмаар шийдвэрүүдийн нэг нь төмөр замынхантай холбоотой хэрэг яахын аргагүй мөн.
Одоогоос хоёр жилийн өмнө тэнгэрт тулсан үнэтэй хуучин зүтгүүрийн хэрэг мандаж “Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг АТГ-аас шалгаж эхлэв. Түүнийг 30 жил дарагдсан, дөнгөн данган хөдөлдөг хуучин зүтгүүрийг 800 сая төгрөгөөр авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь энэ.
Тухайн үед “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндорж албан тушаалаа урвуулан хөрөнгө завшсан гээд хэлчихэд хилсдсэн хэрэг болохгүй биз. Дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр ТГМ23В48 загварын зүтгүүр худалдаж авсан үйлдэл нь ч хууль бус гэх. Өөрөөр хэлбэл, тээвэрт ашиглах боломжгүй, зөвхөн вагонуудыг сэлгэж залгахад ашигладаг уг зүтгүүрийг Г.Сэрээнэндорж 800 саяар авчээ. Үүнийгээ бүр зах зээлийн үнээс хямдаар авсан гэж мэдүүлдэг гэнэ лээ.
Хамгийн сонирхолтой нь хуучин зүтгүүрийг хаанаас 800 сая төгрөгөөр худалдан авсан баримтаа гаргаад ир гэхээр таг болчихдог гэж зарим эх сурвалж мэдээлж байв. Мөн багагүй хөрөнгө зарцуулж уг зүтгүүрийг худалдан авахдаа нэгд, тендер зарлаагүй. Хоёрт, урьд өмнө ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагүй, хөрөнгө мөнгө тааруу “Арвижих групп” гэдэг компанид давуу эрхээр гүйцэтгэх эрх олгосон байдаг.
Нөгөөтэйгүүр 800 саяын үнэтэй ТГМ23В48 хөдөлгөгч зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирэхдээ л хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмын заалтыг зөрчсөн байжээ. Тодруулбал, орж ирснийх нь дараа суурийн радио станцаар тоноглогдоогүй, төлөвлөгөөт засварыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгээгүй, “Транссервис”-ийн зүтгүүр засварлах эрхтэйг батлах баримт бичиг байхгүй, обьектийн гэрчилгээгүй байсан гэх үндэслэлээр татварынхан лацдаж үйл ажиллагааг нь зогсоож байсан түүхтэй. Гэвч Г.Сэрээнэндорж "ашиглалтанд оруул" гэсэн үүрэг өгч улсын байцаагчийн лацыг аваад ажилд оруулсан байдаг.
Тэгвэл энэ хэргийг АТГ хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүссэн нөхцөл байдал ийм тодорхой байхад АТГ, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус газар анх байгуулагдсан үүрэг, зорилгоосоо урван гэмт этгээдийг хаацайлахад гаршчихжээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. 29 жил болж, хэрэгцээнээсээ гарсан иймэрхүү төхөөрөмж 500 мянган рубль буюу 20 сая төгрөгийн үнэтэй гэдгийг энгийн иргэн ч захын нэг интернэт рүү ороод харчихаж болно. Тиймээс ямар учраас уг хэргийг АТГ-ынхан олон нийтэд тайлбарлаад өгвөл өнөөдрийн буруу ойлголтыг намжаах ч юм билүү.
Дашрамд сонирхуулахад, дээр дурьдсан “Арвижих групп” нь Д.Цогтбаатар гэдэг хүний нэр дээр байдаг ч уг зүтгүүрийг ОХУ-аас авчирсан хүн нь "Жийп сервис" компанийн захирал Д.Мөнх-Эрдэнэ аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна