НҮБ-ын “Замын аюулгүй байдлын 7 хоног” 2017 оны 5-р сарын 08-14-ний өдрийн хооронд тохиож байна. Тус арга хэмжээний гол зорилго нь замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс үүдэх ноцтой гэмтэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ “2016 оны зам тээврийн ослын үзүүлэлтээс харахад 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд гарсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан, хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгаа гэв.
НҮБ-ын Ерөнхий ассеймблагаас 2010 онд тогтоол гаргаж, 2011-2020 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгож зарласан. Монгол улсын Засгийн газар 2012 оны 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
НҮБ-аас 2 жил тутамд тодорхой уриатайгаар Замын аюулгүй байдлыг хангах өдрүүд болгон зарладаг. Энэ үйл ажиллагаанд Монгол улс 4 дэх жилдээ нэгдэн, энэ жил “Хурдаа хасч-Амь насаа аваръя” уриатайгаар зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсноор иргэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх үр дүнтэй боловч замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах соёл алдагдсанаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
Статистик мэдээгээр зам тээврийн ослын дуудлага, бүртгэгдсэн осол, гэмтсэн хүн, эд материалын хохирлын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч бид үүнд тайвширч, авах арга хэмжээг сулруулж болохгүй. Бид энэ тоон үзүүлэлтүүдийг багасгах, хамгийн доод түвшинд хүргэхийн тулд яамд болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай байгаа юм.
Мөн ДЭМБ-ын судалгаагаар манай улсын хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ялангуяа амралтын өдрүүдэд зам тээврийн осол ихээр бүртгэгдэж байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 урсгалтай авто замыг энэ Хавараас эхлэн 4 урсгалтай, цемент бетонон хучилттай зам болгож шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бид хамтдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ чухал ажилд идэвхи санаачлагатай, тодорхой зорилготой, шинэ арга барилаар хандаж, нийтэд сурталчилан таниулах, хүүхэд багачуудад зөв зуршлыг зааж сурган, дадал болгож, хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга, соёлтой оролцож чадвал зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлье” гэж хэллээ.
Монгол улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мэдээлэл хийх үеэрээ “Зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирогчдын тоо дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй тэргүүлэх 20 шалтгааны 8 дугаарт орж байгаа ба хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 5 дахь шалтгаан болох төлөвтэйгээр хурдацтай өсч байна.
Манай улсын хувьд 2007-2016 оныг дуустал сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 6,0 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 6,6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94,4 хувь нь нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 100 мянган хүнд ногдох зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтаар дүгнэдэг бөгөөд манай улсын хувьд энэхүү үзүүлэлт 2014 онд харьцангуй өндөр буюу дэлхийн дунджаас хавьгүй илүү байсан бол 2016 оны байдлаар 15,3 болж дэлхийн дундаж болох 17,4-өөс бага түвшинд байна” хэмээв.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна