Blizzard компани алдагдсан тоглоомын дискийг нь эргүүлэн өгсөн эрийг шагнажээ

Дэлхийн хамгийн том компьютер тоглоом үйлдвэрлэгчдийн нэг Blizzard компани алдарт Starcraft тоглоомын хулгайд алдагдсан алтан дискийг буцаан өгсөн залууг шагнажээ. Алтан диск нь өөр дээрээ тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн чухал файлууд, тоглоомын эх хувь буюу үйлдвэр үрүү явуулж олон хувь хэвлүүлэх эх болон тоглоомын үндсэн код зэргийг агуулж байдаг гэнэ. Харин энэхүү алдагдсан алтан диск нь Starcraft тоглоомын эх кодыг хуулсан диск байжээ.

Reddit форумын хэрэглэгч Khemist49 уг дискийг онлайн худалдааны eBay сайтаас дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд тухайн үедээ хулгайд алдагдсан гэдгийг нь мэдээгүй байсан байна. Үүгээр ч барахгүй уг диск нь ямар үнэ цэнэтэй болохыг ч гадарлаагүй байсан ба өмнө нь Blizzard компаниас хожиж байсан бэлгүүдийн хамт зургийг нь аван интернетэд оруулсан байжээ. Үүнийг нь Blizzard компанийн ажилтнууд олж мэдмэгцээ Khemist49- тэй холбогдож дискийг буцааж өгөхийг гуйсан байна. Залуу ч дискийг буцааж өгсөн бөгөөд ямар нэгэн шан харамж нэхээгүй гэнэ. Харин хэд хоногийн дараа Blizzard компаниас түүнд өөрсдийн гарын бэлэг болох Overwatch тоглоом, 250 ам.доллар бүхий Blizzard -ын сүлжээнээс бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг болон компьютерын гар, хулгана зэрэг зүйлсийг илгээжээ. Үүгээр ч зогсохгүй жил бүр уламжлал болгон зохиогддог Blizzcon тоглоомчдын наадмыг ирж сонирхох урилга илгээж бүх зардлыг даана гэдгээ мэдэгдсэн байна.

Хэдийгээр алтан дискний хажууд эдгээр шагналууд Blizzard компанийн хувьд өчүүхэн зүйл боловч сайн үйлийг хийсэн залууд зохистой шагнал болохыг Reddit сүлжээний хэрэглэгчид хэлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025