
“Асем вилла” хотхонд Монголын хур баячууд хаяа залгаж суурьшсаар буй. Хур гэж онцолдог нь хоёр тэрбум хол давсан үнэтэй эл сууцанд чадал чансаагаа сорих гэсэн нь л худалдан авч, зэрэг дэвээ харуулж байгаа. Саяхны нэг өдөр телевизийн захирлын цалин нь сар жилээр түрээслэхэд хангалтгүй баймаар нэгэн тус хотхонд нүүн орж, олны нүд чихийг дэлдийлгэсэн юм байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болсон МАН-ын даргын уяа сойлгыг тааруулахаар хусуур өвөртлөх эрх авсан гэх А.Амундра тэнгэрийн үнэ төлж “Асем вилла” хотхонд төвхнөжээ. Гуч гарч яваа залуугийн хувьд боломжгүй зүйл мэтээр манайханд ойлгогддог өндөр өртөгтэй хотхонд суурьшсан нь мөн л зэрэг зиндаагаа илтгэх гэсэн хэрэг болов уу. А.Амундрагийн хувьд сүүлийн жилүүдэд “Ийгл” телевиз, “Монгол масс медиа” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, медиа бизнесээр хэрхэн мөнгө хийж болдгийг уран яруу харуулж буй залуу эр. Сонгууль дөхөхөд үнэ ханш нь өсөж, цалин цаваг нь дээшлэх нь аргагүй. Удахгүй хоёр давхар тансаг сууцныхаа найрыг хөлтэй хийх сурагтай түүнийг хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байна, аргагүй гэх олны яриа ч ортой. Ийн Монголын зиндаархуу баячууд АНУ, Холливүүд хороолол, Лас Вегаст эдлэн газрыг хэдэн арван өрөө тасалгаа бүхий орд харштай нь худалдан авч болохоор өртгөөр “Асем вилла”-д хаяа дэрлэн айлссаар.
Сэтгэгдэл (5)