Цэргийн дээд цол авахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ гэх яриа Зэвсэгт хүчний алба хаагчид, тэр дундаа Агаарын цэргийн штаб, харьяа анги салбаруудаар жиг жуг гэлцэх болов.
Батлан хамгаалахын дэд сайд асан, эдүгээ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй А.Баттөрийн хүн гэгдэх Бригадын генерал Б.Батбаяр ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлалын штабын даргаар томилогдоод жил гаруй өнгөрч байна. БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байгаад “Шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр бараг л хөөгдөх дээрээ тулж байсан тэрбээр Агаарын цэргийн командлалын штабын даргаар томилогдсон нь энэ. Хариуцлага тооцсон хэрэг үү, шагнасан гэж үзэх үү мэдэхгүй юм. Үүнийг тайлбарлах хүн ч алга. Магадгүй Зэвсэгт хүчинд тогтолцооны завхрал нүүрлэсний тод жишээ нь энэ биз.
-Б.Батбаяр нь хууль хяналтын байгууллагын хаалгыг нэг бус удаа татаж, хамгийн сүүлд бригадын генерал Ч.Дашдэлэгийн холбогдсон Хойд Солонгосчуудад онгоцны мотор зарсан хэрэгт хүртэл дуудагдаж явсан.
-Мөн болоогүй нэг хэсэг хэвлэлээр “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн байрыг будилаантуулсан дуулианд А.Баттөрийнхөө хамт нэр нь холбогдоод авсан.
-Цаашлаад Агаарын цэргийн командлалд мал хэрэгтэй гээд орон нутгийн анги салбаруудаасаа нэлээд олон тооны бог мал авчихаад сураг алдарсан гэх яриа ч бий. Үүнийг тодруулбал, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн салбаруудаас , Завхан аймаг дахь цэргийн ангиас ч олон тооны мал авчээ. Өдгөө Агаарын цэргийн командлалд гэсэн нэрийн дор цуглуулсан малаас цөөн тоо толгой нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангид байдаг аж. Энэ мэт түүний талаарх таагүй мэдээлэл их бий.
Тэгвэл энэ хүнийн “хүн чанар”-тай холбоотой асуудал дахин хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэллээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчий 353 дугаар ангийн захирагч, хурандаа Мөнхбат хүндээр өвдөж, анги салбар, командлал нь сэтгэлийн дэм өгөх аян зохион байгуулан, тал талаасаа мөнгө цуглуулцгаажээ. Зөвхөн агаарын цэргийн командлалаар тогтохгүй ЗХЖШ-ынхан ч хандив өргөсөн гэх. Нийт долоон сая төгрөг цугларсан аж. Гэтэл тэр бүх хандив эзэндээ очсонгүй. Уг мөнгөнөөс ердөө 500 мянгыг л хурандаа Мөнхбатынд Зэвсэгт хүчий 065 дугаар ангийн захирагч, хурандаа Энхбор аваачиж өгөөд, бусдыг нь Агаарын цэргийн командлалын штабын дарга, тухайн үед хурандаа цолтой байсан Б.Батбаярт өгчөө. Уг мөнгийг нь Б.Батбаяр цэргийн дээд цол авах бэлтгэл ажилд зарцуулсан гэсэн яриа өндөрөө авч байна. Олны үг ортой биз.
Нөгөөтэйгүүр Б.Батбаярын тодорхойлолт Ерөнхийлөгчийн Тамгын газар очоогүй байхад бригадын генерал цол олгох зарлиг гарсан гэгдэх “Бор шувуу”. Юу л болоод байна даа Зэвсэгт хүчинд. Энэ бүгдийг шалгаж олон нийтэд үнэн мөнийг мэдүүлэх цаг ирсэн юм биш үү хууль хяналтынхаан.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)