Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга-Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлж байсан. Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү байсныг тогтоогоод байгаа юм.
Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна.
Тэгвэл эл хэрэг замхрах талруугаа хандаж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дүүгийнхээ хэрэгт танил тал, албан тушаалаараа нөлөөлж дүүгээ уг хэргээс цэвэрхэн мултлах гэж хичээж байгаа талаарх "бор шувуу" нисч байна.
Уг нь баавгай бол Монгол Улсад нэн ховордсон амьтны тоонд багтдаг, олноор нь агнахыг хориглосон. Хэрвээ хэн нэг иргэн хууль бусаар ан, амьтан агнасан барьсан тохиолдолд нөхөн төлбөр, захиргааны шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээх юм. Тухайлбал, хүрэн баавгай 13.0-15.0 сая, саарал чоно 1020000-1200000 төг, бор гөрөөс 660.000-800.000 төг, зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг, цагаан зээр 1-1.1сая, шар үнэг 220.000-260.000 , тарвага 340000-420000 төгрөгийн нөхөн төлбөр төлдөг заалттай аж. Өөрөөр хэлбэл, нэг баавгай агнахад л 15 сая орчим төгрөгний торгууль ногдуулна. Тэгэхээр таван баавгай гэхээр багагүй мөнгөн дүн гарч ирэх юм. Гэвч энэ нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд нэг их сүртэй тоо биш биз.
Харин олон нийт, ард иргэдийн хувьд томчуудын хамаатан садан, ах дүүс хэрэгт холбогддог ч тэгсхийгээд өнгөрдөг энэ байдалд цэг тавихыг хүсч байна. Хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж, ямар хариуцлага ноогдуулсанаа ард түмэнд тайлагнах ёстой юм. Таны сонгогчид уг хэргийг ажиглаж л байгаа шүү Х.Болорчулуун гишүүн ээ!!!
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна