Аливаа салбарын удирдлагууд харьяа газруудаараа явж асуудлыг нь сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа л гэж сонсогдохоос тэр дор нь шийдвэрлэлээ гэж их л ховор сонсогддог. Харин цагдаа гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь илрүүллээ гэж өдөр бүр шахуу дуулддаг шүү.

Гэтэл ийм нийгэмд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын хийсэн үйлдэл олны анхаарлыг ихэд татаад байна. Түүний хувьд өчигдөр төрөх эмнэлгүүдээр явж тулгамдаж буй асуудлыг нь шууд, шууд шийдээд орхив. Өөрөөр хэлбэл, нэн түрүүнд тулгамдаж буй зүйлсийг нь сонсоод, газар дээр нь шийдвэрлээд явж байх юм.

Гурван төрөх эмнэлгээр зочлохдоо “Амгалан” амаржих газрын барилгын засварт шаардлагатай 50 сая төгрөг, “Өргөө”, амаржих газрын яаралтай хагалгааны өрөөнүүдийг засаж засварлах, “Хүрээ” амаржих газрын барилгыг концессийн гэрээгээр засаж шинэчлэх зэрэг ажлуудыг мэргэжилтнүүдийнхээ хамт, мөн Санхүү, Хөрөнгө оруулалтын албаныхантайгаа ярилцаж байгаад тэр дор нь шийдвэрлээд өгчихлөө. Мөрөөдөл шиг зүйл ярьж явдаг дарга нараас арай л өөр үйлдэл хийчихэв үү дээ.
Жил болгон л яригдаж байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засвар шинэчлэл, боловсон хүчний асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явна гэж та нар ч бас зүүдлээгүй л биз дээ.

Энэ үеэр Төрийн нарийн маань амаржих газрын эмч, сувилагч нарт “Хэзээ нэгэн цагт эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, барилга байгууламж маань чанарын шаардлага хангагдсан байх болтугай. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс харьяа амаржих газруудад нилээдгүй хөрөнгө оруулалтыг шийдэж өгч, бодлогын яамнаас эх хүүхдийн эрүүл мэндэд анхаарах болно. Хүний эрүүл мэндийн төлөө өөрийнхөө унтах нойрыг, ар гэртэй зарцуулах тэр цаг мөч, үр хүүхдэдээ зориулах хайр энэрлээ зориулж явдаг хүмүүс бол эмч нар бид. Тиймээс та нарынхаа зовлон жаргалыг холбогдох яам удирдлагууд нь ойлгомж мэдэрч байдаг шүү гэж хэлмээр байна” гэж чин сэтгэлийнхээ үгийг ч дайгаад авч байна лээ.
Ер нь цаашид дарга нар аливаа газрын үйл ажиллагаатай танилцаад явах биш шийдээд, шийдсэн үр дүнгээ танилцуулаад явдаг жишиг тогтмоор юм. Хэвлэлийнхэн бид ч ГЭРЧ болъё.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна