
Өнгөрсөн жил манай орны Алтайн нуруунаас олдсон эмэгтэй хүний чулуужсан шарил дэлхий даяар орчин үеийн "adidas" гуталтай эмэгтэй хэмээн алдаршсан. Шарилыг 1100 гаруй жилийн настай гэж тогтоосон бөгөөд эмэгтэй 30-40 настай байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тэрээр толгойдоо маш хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байх магадлалтай гэж үзэж байгаа ч яг үхлийн шалтгаан мөн эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Эмэгтэйг эсгий цүнх, дөрвөн өөр төрлийн хувцас, сам, толь хутганаас гадна морь, эмээл хазаар мөн оёдлын зүү утас зэргийн хамт оршуулсан байсан нь түүнийг ямар нэгэн дээд гаралтай биш оёдолчин байсан болов уу гэсэн таамгийг төрүүлээд байгаа бөгөөд Монгол Улсын Соёлын өвийн төвийн эрдэмтэд энэ бүхнийг нарийн шинжилж, цэвэрлэн зургийг нь ил болгожээ.

Түүнийг оршуулсан жилийг нарийн тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн таамаглаж байснаас арай сүүлд буюу аравдугаар зууны үед оршуулсан байж магадгүй байгаа гэнэ. Алтайн уулсын хүйтэн сэрүүн нөхцөл мөн далайн төвшнөөс дээш байрлал зэрэг нь эмэгтэйн бие болоод эд зүйлсийг энэ олон жилийн турш өнгө үзэмжээ алдалгүй хадгалагдан үлдэхэд тусалсан байх гэж үзэж байгаа.






Эрдэмтдийн хамгийн их сонирхлыг нь татаж байгаа зүйл бол мэдээж түүний гутал бөгөөд тухайн үеийн загварын чиг хандлага ямар байсан, яагаад ийм орчин үеийн хэв шинжийг агуулсан байгаа зэргийг тайлахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн зарим эрдэмтэд одоо ч ийм загварын гутал гарвал хүйтэн сэрүүн газар дуртай өмсөнө гэдгээ хэлжээ.










Сэтгэгдэл (3)