
Роберт Паттинсон: Twilight киноны Эдвард Каллин
Twilight зохиол болон киноны шүтэн бишрэгч байтугай олон сая бүсгүйчүүдийн хувьд Эдвард бол эмэгтэй хүн бүрийн мөрөөддөг төгс эрсийн нэг. Гэсэн ч жүжигчин Паттинсон өөр бодолтой байдаг гэнэ.
"Twilight номыг анх уншиж байхад Эдвард үнэхээр үзэсгэлэнтэй, төгс хүн шиг санагдаж байсан. Түүний хэлсэн үг болгон тийм сэтгэгдлийг төрүүлдэг байлаа. Тэр бол юм болгонд үнэхээр авьяастай хамгийн сэтгэл татам хүн. Миний бодлоор олон жүжигчид түүний энэ чанарыг харуулах гэж хичээсэн байх. Гэхдээ би огт тэгж чадаагүй. Кино зохиолыг унших тусам би түүнд улам дургүй болж байсан. Тэгээд тэрийгээ ч дэлгэцнээ харуулсан. Сэтгэл гутралд автаж өөрийгөө үзэн ядсан нэгэн. Дээрээс нь тэр 108 настай зандан эр шүү дээ. Түүнд гарцаагүй ямар нэг асуудал байсан л байж таарна." хэмээн Паттинсон Empire сэтгүүлийн ярилцлагадаа хэлж байжээ.

Андрью Линколн: Love Actually киноны Марк
Алхаж буй үхдлүүд цувралын дүрээр та бидний танил болсон жүжигчин Андрью Линколн Маркын хайр дурлалын харилцаанд тийм ч дуртай байгаагүй тухайгаа ярьжээ.
"Магадгүй дэлхийн хамгийн романтик кинонуудын нэгт би дурлалт бүсгүйгээ өөрийн болгож чаддаггүй цор ганц залуугийн дүрийг бүтээсэн. Киноны зохиол яг л олон талт призм шиг хайр дурлалын тухай ойлголтыг бүх л талаас нь харуулдаг. Харин минийх бол нэг талт дурлал байсан. Тэгэхээр миний тоглосон дүр яг л хайртай бүсгүйгээ байнга хойноос нь дагаж, холоос харж байдаг гаж залуугийн дүр байсан" хэмээн тэрээр ярьжээ.
Киноны хамгийн алдартай хэсэг буюу түүний дурлалт бүсгүйнхээ гэрийн гадаа самбар дээр үг бичин барьж зогсдог хэсгийн тухай тэрээр "Тэр хэсэг миний хувьд маш амархан байсан. Би зүгээр л үгтэй самбар барин зогсоод Кеэра Найтлид хайртай гэдгээ харуулах байсан. Та нар ажигласан бол самбар дээрх бичгийг хүртэл би өөрийн гараар бичсэн. Гэхдээ би найруулагч Ричардад би яг л гаж донтой мөрдөгч шиг харагдахгүй гэдэгт итгэлтэй байна уу? гэж байнга хэлж байсан" гэжээ.

Блэйк Лайвли: Gossip Girl цувралын Серена Ван Дер Вүүдсэн
Өсвөр насны залууст зориулсан хамгийн алдартай цувралуудын нэг Gossip Girl жүжигчин бүсгүйг алдарт хүргэсэн гэж хэлж болно. Гэсэн ч тэрээр өөрийн бүтээсэн дүрдээ тийм ч дуртай биш гэнэ. "Серенагийн дүр бол залууст муу үлгэр дууриалал үзүүлэх дүрүүдийн нэг. Мөн зарим хүмүүс намайг Серенатай адилхан зан араншинтай гэж боддог. Хүмүүст Серенагийн дүр таалагддаг ч миний хувьд арай өөр бодолтой байдаг. Хэн ч байсан хүмүүст сайн үлгэр дууриалал үзүүлэхийг л хүснэ шүү дээ. Хүмүүс чамайг сайн мэддэг юм шиг ярьдаг ч яг үнэндээ огт мэдэхгүй байх маш сонин мэдрэмж. Би хэн нэгэнд мансуурах бодис өгч тэр түүнийгээ хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсаны улмаас өөр хүний аминд хүрч, өөр эмэгтэйн найз залуутай унтаад явж байдаг эмэгтэй байхдаа мэдээж дуртай байхгүй шүү дээ" хэмээн ярьжээ.

Жэми Дорнан: Fifty shades of Grey киноны Кристиан Грэй
Киноны хоёрдугаар анги болох Fifty shades darker киног Австралид сурталчилж явахдаа Жэми өөрийн хүрээллийн найзууд дунд Грэй шиг хүн нэг ч байхгүй гэдгийг хэлж байжээ.
"Грэй шиг хүнтэй би хэзээ ч найзалж чадахгүй байх. Миний бүх найзууд их энгийн, хөгжилтэй хүмүүс байдаг. Би Грэйтэй пабд суугаад найзууд шиг хов жив ярьж сууж байгаагаар өөрийгөө хэзээ ч төсөөлж чадахгүй" хэмээн ярьжээ.

Катерин Хийгл: Knocked up киноны Алисон Скотт
Катерин кинонд жирэмсэн сэтгүүлч эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд киноны талаар тэрээр "Миний бодлоор кино бага зэрэг хүйсээр ялгаварласан өнгө төрхтэй байсан. Кинонд эмэгтэйчүүдийг түргэн ширүүн ааштай, инээд наргиан ойлгодоггүй, байнга санаагаар унаж явдаг хүмүүс шиг харагдуулж харин эрэгтэйчүүдийг хөгжилтэй, хайр татам болгож харуулдаг. Миний тоглосон дүрийг хэт дөвийлгөн сүртэй болгосон нь надад заримдаа жүжиглэхэд ч хэцүү санагдахад хүргэж байсан. Алисон бол үнэхээр муухай эмэгтэй. Яагаад тэр үргэлж сайн сайхныг няцааж байдаг, яагаад эмэгтэй хүнийг тийм болгож харуулах ёстой гэж. Knocked up кинонд тоглоход 98 хувь нь надад тааламжтай байсан ч яг киног үзэхэд надад тийм ч сайхан байгаагүй" гэж Vanity Fair сэтгүүлд ярьж байжээ.

Шон Коннери: Жэймс Бонд
Шон тагнуулч 007 -ын дүрийг цувралын долоон ангид бүтээсэн байдаг. Гэсэн ч түүнд тагнуулчийн дүр огт таалагдаж байгаагүй гэнэ. "Би тэр Жэймс Бондыг үргэлж үзэн яддаг байсан. Би бүр түүнийг алахыг хүсдэг. Хүмүүс намайг харах болгондоо Бонд гэж дууддаг. Энэ нь надад жоохон яршигтай бас уйтгартай санагддаг. Гэхдээ энэ нэр намайг насан туршид минь дагана гэдгийг би мэдэж байна" хэмээн ярьжээ.

Марлон Брандо: A Streetcar Named Disire киноны Стэнли Ковалски
Үзэгчид 1951 оны уг кинонд Брандогийн сэтгэл татам, санаанаас гарамгүй жүжиглэлтийн талаар бүгд ам сайтай байдаг. Гэсэн ч жүжигчин залуу маань Ковалски бол яг миний эсрэг дүр, ямарч мэдрэмжгүй, харгис нэгэн хэмээн дүрийнхээ талаар хэлсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн "Ковалскигийн үргэлж зөв байдаг. Тэр хэзээ ч айдаггүй. Мөн тэр хэзээ ч өөртөө эргэлздэггүй бөгөөд хийх гэж байгаа зүйлийнхээ үр дүнгийн талаар урьдчилж боддоггүй. Бас тэрний хэт түрэмгий занд би үнэхээр дургүй байсан. Үнэндээ тэр дүрийг би үзэн яддаг байсан" гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна