Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийхаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн.
Орон нутагт:
1. Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ НАСАА АЛДСАН ХҮМҮҮСИЙН 82,5% НЬ ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙНА
2016 онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглээсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан байна.
Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байна.
Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга цонхыг мөргөснөөс толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн хохирол учруулж байна.
Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт...
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна