Жүжигчид нас барах нь киноны зураг авалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Кино зураг авалт ид дундаа явагдаж байх үед гол дүрийн жүжигчид золгүй байдлаар амиа алдсан тохиолдолд киног бүтээгчдэд цаашид яах вэ гэсэн асуулт гарч ирдэг. Энэхүү асуудлыг Холливудын кино бүтээгч студиүд хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Оддын дайн киноны гол дүрүүдийн нэг жүжигчин Кэри Фишэр нас барсан хэдий ч цувралын шинэ ангид түүний дүр гарна гэдгийн жүжигчний дүү Тодд мэдэгдсэн байдаг. Гэсэн ч компьютер график ашиглан жүжигчний дүрийг амилуулахын оронд түүний кинонд бүтээсэн дүрийн архивыг ашиглан киног бүтээх гэнэ. Та бүхэн мэдэж байгаа бол Оддын дайн киноны сүүлд гарсан анги болох Rogue One  киноны төгсгөлд Леяа гүнж буюу Кэри Фишэрийн дүр гардаг бөгөөд үүнийг мөн адил архивын дүрс ашиглан бүтээжээ.

Энэ бол кино бүтээх явцад гол дүрийн жүжигчнээ алдсан эхний тохиолдол биш юм. Та бидний сайн мэдэх "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны Ноён Төмсөн толгойтын дүрд дуу оруулдаг жүжигчин Дон Риклз киноны дөрөвдүгээр ангийн дуу оруулалтыг хийж дуусгаж чадалгүй өөд болсон юм. Тиймээс түүнийг орлох жүжигчинг яаралтай олох хэрэгтэй байгаа тухай киног бүтээгчид мэдэгджээ.

Өөр нэгэн жишээ бол жүжигчин Филип Сэймур Хоффман алдарт "Өлсгөлөн тоглоом" киноны зураг авалт дуусахаас долоо хоногийн өмнө нас барсан байдаг. Мөн 1999 оны алдарт бүтээл "Гладиатор" киноны зураг авалтын үед жүжигчин Оливер Рийд, 2008 онд жүжигчин Хит Леджер "The Imaginarium of Doctor Parnassus" кинонд тоглож байх үедээ нас барсан байдаг бол 1993 онд жүжигчин Брэндон Лий "The Crow" киноны зураг авалтын үеэр маш хүнд гэмтэл авч байжээ. Эдгээр кинонууд бүгд кино зохиолд өөрчлөлт оруулах, компьютер эффект ашиглах эсвэл өөр жүжигчин орлуулан тоглуулах зэргээр жүжигчдийг ямар нэгэн байдлаар орлуулж зураг авалтаа дуусгасан байдаг.

Гладиатор киноны хувьд зохиолд бага зэрэг өөрчлөлт оруулан Оливер Рийдийн өмнө авсан зураг бичлэг болон орлон тоглогч ашиглан зураг авалтаа дуусгаж байжээ. Ингэхдээ орлон тоглогчийн биед жүжигчний толгойг компьютер эффект ашиглан залгасан байдаг байна.

Уг киноны компьютер графикчнаар ажиллаж байсан Роб Харли тухайн жилдээ Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд тэрээр "Оливер нас барсны дараа бид киноны төгсгөлийг яаж хийх вэ гэсэн том асуудалтай тулгарч байсан. Тухайн үед одоогийнх шиг техник технологи өндөр хөгжөөгүй байсан учраас маш хачирхалтай санагдаж байлаа. Би киноны найруулагчтай сууж Оливерийн өмнө авсан зурагнууд, кинонд ороогүй хэсгүүдийг нэг бүрчлэн үзэж киноны үйл явдалд тохирох хэсгүүдийг авч ашигласан. Бид Расселийг ногоон дэлгэцний өмнө ганцааранг нь тоглуулж Оливерийг түүнтэй хаалганы цаанаас ярьж байгаа мэт болгон харагдуулж түүний тоглосон хэсгүүдийг хассан юм. Дараа нь түүний толгойг орлон тоглогчийн биед залган хүнд мэдэгдэхгүйн тулд аль болох бага хэсэг оруулсан. Үүнд найруулагч, зохиолчид маш сайн ажилласан" гэжээ.

Кино бүтээхэд маш их зардал ордог боловч зураг авалтын үед ямар нэг зүйл тохиолдон зураг авалтыг бүр эхнээс нь хийх шаардлага тулгарсан ч тэр бүгдээс болж учрах хохирлыг даатгалын газрууд барагдуулдаг байна.

Кино найруулагч Маттью Торрибл "Зарим тохиолдолд жүжигчид зураг авалтын үеэр хөлөө хугалах ч юм ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд түүнийг эдгэрч зураг авалтаа үргэлжлүүлэх боломжтой болох хүртэл зураг авалтыг зогсоодог. Харин хүн нас барсан тохиолдолд даатгалын газраас киног дахиж эхнээс нь бичих, өөр дүрээр орлуулах юм уу эсвэл зураг авалтыг бүр зогсоох үед кино бүтээгч студиэс тухайн мөчийг хүртэл гаргасан зардлыг төлж барагдуулдаг" хэмээн ярьжээ.

Мөн түүний хэлж байгаагаар хэн нэг жүжигчин нас барсан тохиолдолд киног зогсооно гэдэг бол маш ховор үзэгдэл гэнэ. Учир нь киног дагаад маш их мөнгө эргэлдэж байдаг.

Кино зураг авалтаа дуусгаж чадаагүй амьсгал хурааж байсан алдартай жүжигчид:

Мэрилэн Монро - 1962 онд "Something's got to Give" киноны зураг авалтад оролцож байхдаа нас барсан бөгөөд киноны зураг авалтыг зогсоосон байна

Брюс Ли - 1973 он Game of Death кино, тухайн жилдээ кино бүрэн дуусаагүй ч үзэгчдэд хүрсэн байдаг бөгөөд хожим нь буюу 1978 онд Брюс Лигийн сүүлчийн зураг авалтаас хойш үргэлжлүүлэн зураг авч дуусгасан байдаг

Натали Вүүд - 1981 он Brainstorm кино, орлон тоглогч тоглож зураг авалтыг дуусгасан

Ривер Финикс - 1993 он Dark Blood кино, хальсан дээр бичигдсэн хэсгүүдээр нөхөж дуусгасан

Крис Фарли - 1997 Shrek хүүхэлдэйн кино, Майк Майярсыг түүний оронд дуу шинээр дуу оруулсан байдаг

Пол Уолкер - 2013 Fast and Furious 7 кино, түүний дүү орлон тоглож зарим хэсэгт компьютер график ашиглан киноны зураг авалтыг дуусгаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025